“Морьтон Монгол” нэртэй фэйсбүүк пэйж 2024.07.01-нд “Фудволкаа тайлаад нүцгэн явахдаа булчингүй эр хүн та юу боддог вэ?” гэх пост нийтэлсэн нь 2024.11.14-ний байдлаар 326 реакц, 220 сэтгэгдэл авч, 227 удаа цааш түгээгджээ.
Тухайн пост нь хүнийг биеийн үзэмж, төрх байдлаар нь ялгаварлан гадуурхсан шинжтэйгээс гадна “эрэгтэй хүн булчинлаг байх ёстой” гэсэн нийтлэг дүр, хэвшмэл ойлголтыг илтгэсэн байгаа юм.
Тиймээс жендэрийн хэвшмэл ойлголт хэрхэн нийтлэг дүр төрх, хүлээлтийг бий болгож, тэр нь цаашлаад хүний харагдах байдал, өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг талаар шалгав.
Америкийн Planned Parenthood байгууллагын мэдээлэл
Жендэрийн хэвшмэл ойлголт нь хүний хүйсээс хамаарч тэгш бус, шударга бус хандлагыг үүсгэдэг ба түүнийг сексизм буюу хүйсээр ялгаварлан гадуурхалт гэж нэрлэдэг. Гадаад төрхөөр ялгаварлах нь жендэрийн хэвшмэл ойлголтын үндсэн 4 төрлийн (хувь хүний шинж чанар, өрх гэрийн зан байдал, ажил мэргэжил, гадаад төрх) нэгд тооцогддог байна. Жишээ нь, “эмэгтэй хүн туранхай, гоёмсог, харин эрэгтэйчүүд өндөр, булчинлаг байх ёстой” зэрэг нь гадаад төрхтэй холбоотой хамгийн түгээмэл байдаг жендэрийн хэвшмэл ойлголт аж.
Эрэгтэйлэг гэгддэг зан чанаруудыг хэвшмэл ойлголтоор хэтрүүлэн харуулахыг hypermasculinity (хайпермаскулинити ) хэмээн нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, ийм шинж чанартай хүмүүс бусад эрэгтэйтэй өрсөлдөх, эрэгтэйлэг биш хүмүүсийг дарлах, түрэмгий харьцах хэрэгтэй ба бэлгийн харилцаан дээр туршлагатай, эмзэг мэдрэмтгий бус, бие махбодын хувьд хүчирхэг, амбицтай, захирангуй байх ёстой гэдэгт итгэдэг аж.
Эдгээр хэтрүүлсэн жендэрийн хэвшмэл ойлголт нь хүн хоорондын харилцааг илүү хүндрүүлдэг байна. Тухайлбал, хайпермаскулин хүмүүс хамтрагчийнхаа бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байдаг тухай онцолжээ.
Канадын Кюбек мужийн вебсайтын мэдээлэл
Биеийн нийтлэг дүр төрхийн төсөөлөл /нас насны байдлаар/
- Хүүхэд 3 наснаас эхлэн өөрийн болон бусдын биеийн талаар мэддэг болж, “туранхай хүн” “тарган хүн”-ээс илүү гоё гэсэн түгээмэл ойлголтыг аль хэдийн өөртөө шингээсэн байдаг байна. Бага насны хүүхдүүд туранхай хүнийг дүрсэлсэн тоглоомыг илүүд үздэг нь судалгаагаар тогтоогджээ.
- 12-18 насны хооронд хүүхдүүд нийгмийн дарамт шахалт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэг дүр төрхөд өртөмтгий байдаг аж. Тухайлбал, нийгэм дэх гоо сайхны зохих стандартад нийцэхгүй бол байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус болох нь элбэг байна.
- Гадаад төрхдөө сэтгэл хангалуун биш залуучууд зарим тохиолдолд эрүүл бус зуршлыг өөртөө бий болгох хандлагатай байдаг. Тухайлбал, шалгасан мэдээлэлд дурдсан шиг булчингийн асуудалтай бол зөвхөн булчингийн массаа нэмэгдүүлэхийн тулд хэт их дасгал хийдэг байна. Бигорекси гэж нэрлэгддэг энэхүү хамаарал нь хөдөлгөөн, дааврын болон зүрх судасны тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
Их Британийн Medical News Today вебсайтын нийтлэл
Жендэрийн хэвшмэл ойлголтын ангилал
2022 оны хийсэн судалгаагаар жендэрийн хэвшмэл ойлголтуудыг дараах 3 байдлаар ангилжээ.
- Дүрслэх хэвшмэл ойлголт: Эдгээр нь тодорхой шинж чанаруудаар аливаа хүйсийг тодорхойлохыг хэлдэг. Тухайлбал, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өөрийгөө анхаардаг, түгшэмтгий байхад эрчүүд илүү нийтэч, мартамхай байдаг.
- Зааварчилсан хэвшмэл ойлголтууд: Эдгээр нь тодорхой хүйсийн хүмүүс хэрхэн биеэ авч явах ёстойг тодорхойлдог. Жишээ нь, эмэгтэйчүүд баяр хөөртэй, тэвчээртэй, хүүхдэд хайртай байхад эрчүүд итгэж болохуйц, спортлог, амбицтай, зоригтой байх ёстой гэх мэт…
- Хориглох хэвшмэл ойлголтууд: Эдгээр нь тодорхой хүйсийн хүмүүс ямар байж болохгүй вэ гэдгийг тодорхойлдог. Тухайлбал, эмэгтэйчүүд ноёрхогч, зөрүүд, эсэргүүцэгч байх ёсгүй бол эрчүүд сул дорой мөн сэтгэл хөдлөлтэй байж болохгүй гэх мэт…
Эндээс харахад бидний шалгасан мэдээлэл нь хориглох хэвшмэл ойлголтын жишээ болж байгаа ба “эрэгтэйчүүд булчинлаг, эрэгтэйлэг байх ёстой хэрэв тийм биш бол булчин ил гарсан хувцас өмсөж болохгүй” гэх хэвшмэл ойлголтыг дэвэргэж, егөөдөж бичжээ.
Энэ нь хувь хүний биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлэх байдалд шууд нөлөөлөхийг оролдсон, гадаад төрх, харагдах байдлаар нь шүүмжилж, ялгаварласан зохисгүй үйлдэл юм.
Дүгнэлт
Жендэрийн хэвшмэл ойлголтод автсан хүмүүс өөрийгөө хайрцаглаж, сэтгэл хөдлөлөө хязгаарлаж, бүрэн илэрхийлдэггүй учраас хор хөнөөлтэй гэж үздэг. Жишээлбэл, эрчүүд өөрсдийгөө уйлж болохгүй, эмзэг сэтгэл хөдлөл илэрхийлэх ёсгүй гэх зэргээр мэдрэх нь сөрөг нөлөөтэйг бид өмнөх баримт шалгалтууддаа дурдаж байсан. Түүнчлэн, гадаад төрхийн хувьд нийгмийн хүлээлт, нийтлэг дүр төрхөд таарч тохирохгүй бол өөрийгөө голж, байгаа байдалдаа санаа зовсноор сөрөг зан үйлд автах, гэнэтийн тохиромжгүй өөрчлөлт хийхээр оролдож тэр нь сөрөг нөлөө авчрах эрсдэлтэйг дээрх мэдээллүүдэд дурдсан байна.
Тиймээс жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид байж, бусдыг ч хэвшмэл ойлголтоос зайлсхийхэд туслах нь зүйтэй. Ингэснээр хүн бүр өөрийнхөөрөө байж, ижил тэгш байдал бий болох боломжтой юм.