Search

Индүү хортой биш, харин синтетик материалтай хувцас байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1202

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Полиэфир нейлон материалтай хувцсыг өндөр халаасан индүүгээр индүүдэхэд олон төрлийн бодис задарч хорт хавдар үүсгэдэг гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хувцсаа индүүдэх нь хорт хавдар үүсгэдэг эсэх нь бүрэн нотлогдоогүй ч полиэфир, нейлон хувцсанд агуулагддаг зарим төрлийн бодис нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Munkhgerel Narangerel шоп хуудсаас индүүдлэг хийх нь хорт хавдар үүсгэдэг гэх пост нийтэлжээ. Уг постод “Индүү. Төрийн алба болон зарим компаниудад ажилладаг хүмүүс өдөр тутамдаа костюм цагаан цамц өмсөх шаардлагатай болдог. Ингээд энэ удаа Гэрэлээ нь индүүдсэн хувцас хэрхэн хүний биед муугаар нөлөөлдөг тухай хөндөж ярих гэсэн юмаа. Яахав мэдээд авчихад илүүдэхгүй биз ээ. Монгол улс хорт хавдраар тэргүүлж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Хувцасны үрчлээг арилгахын тулд 210℃ маш өндөр температурт халсан төмрөөр түлж уур савсуулан индүүддэг билээ. Энэ үед хувцасны гадаргууд төрөл бүрийн бодисын урвал бий болно. Та нар хувцасны шошго дээрх тэмдэглэгээг анзаардаг бол ихэнх нь полиэфир нейлон материал орсон харагддаг ба эдгээр газрын тосноос гаргаж авсан хиймэл синтетик материал индүүдэхэд биед хортой бодис болж нэгдэн задардаг. Тэр нэгдлүүд дотроос Формальдегид Олон улсын хорт хавдрын төвөөс хавдар үүсгэгч болох нь батлагдсан. Мөн полиэфир нейлон материалыг халаахад Бисфенол-А микропластик үүсэн таргалалт шихрийн шижин астма алерги дааврын өөрчлөлтүүдийг өдөөдөг. Сүүлийн үед сунадаг өмсөхөд хөнгөн угаахад амархан хатдаг нанотехнолгийн гээд янз янзын спорт хувцаснууд маш их дэлгэрч байгаа. Ийм хувцаснуудаас бисфенол-А микропластик нано бөөмс ялгарч амьсгалын замаар арьсаар дамжин хүний бие рүү нэвтэрч ялангуяа уушгийг гэмтээж байдаг. Эцэст нь удаан хэрэглэсэн ширмэн эсвэл хямдхан авсан муу материалтай индүү нь өөрөө хүнд металл байнга ялгаруулдаг. Мөн ойр ойрхон удаан индүүдлэг хийдэг хүний биеийг индүүнээс ялгардаг цахилгаан соронзон бага хэлбэлзлийн долгион маш ихээр хордуулж байдаг юм байна. Дүгнэлт: Ер нь индүү шинэ ч бай хуучин ч бай гэртээ байлгаж хэрэглэх эрүүл мэндэд хортой болж таарлаа. 100% даавуун биед эвтэйхэн байгалийн органик хувцсаа бага зэрэг үрчгэр ч хамаагүй өмсөөд явж байхад болох нээ. Гэрэлээ” гэжээ.

Уг постыг 211 реакц, 35 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 737 удаа цааш түгээсэн байна.

Индүү хорт хавдар үүсгэдэг эсэх талаар хайхад Pubmed олон улсын судалгааны сан дахь “Шведийн хими цэвэрлэгээний угаалга, индүүдлэгийн үйлдвэрийн ажилчдын хорт хавдрын өвчлөл“-ийг харуулсан 2002 оны судалгаа илэрлээ. Уг судалгаанд хими цэвэрлэгээний үйлдвэрт ажиллах нь Ходжкины өвчин (уушгины өвчин) тусах эрсдэлийг нэмэгдүүлж буйг харуулсан байна. Энэ нь цэвэрлэгээний бусад бодис болон битүү, агаар муутай орчинд ажиллаж буй үйлдвэрийн онцлогоос хамааралтай гэж дүгнэсэн байна. Тухайн судалгаанд ажил мэргэжлийн байдлыг харлуулаагүй, үйлдвэрийн агааргүй орчноос үүдэлтэй гэдгийг дурдсан.

  • Энэ судалгаанаас хойш 22 жил энэ төрлийн судалгаа шинээр хийгдээгүй байна. Мөн хувцас индүүдэх нь шууд хорт хавдар үүсгэдэг гэсэн бүрэн нотолгоо байхгүй.

Синтетик утсаар хийсэн зарим хувцас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай ч зохих хэмжээнд барихаар хянаж байна

  • Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс полиэфир нь синтетик утсаар үйлдвэрлэгдсэн нэг төрлийн хуванцар гэж тодорхойлсон байна. Үүнээс гадна полиэфир, синтетик материалтай зарим хувцсыг формальдегид, AZO будаг, хром, фталат зэрэг химийн бодисоор боловсруулсан байдаг. Эдгээр химийн бодис нь арьсны үрэвсэл, амьсгалын замын өвчин зэрэгт нөлөө үзүүлж болзошгүй. Тухайлбал, Америкийн хорт хавдрын нийгэмлэг IARC формальдегийг хавдар үүсгэх магадлалтай бодисын ангилалд оруулсан байна. Формальдегид бодисыг бордоо, цаас, барилгын модон хавтан, давирхай зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг. Мөн нэхмэл үйлдвэрлэлийн хувцсыг боловсруулах үйл ажиллагаанд хэрэглэдэг байна.

Хими, инженерчлэлийн мэдээний сувагт АНУ-ын Засгийн газрын хариуцлагын албанаас

  • “Агаарт агуулагдах формальдегидийн түвшин болон нэхмэлийн гадаргуу дээр байгаа зүйлсийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Мөн сүүд хийсэн нэхмэл эдлэлийн формальдегидийн шинжилгээний дээжээс тогтоосон стандартаас доогуур буюу 20 ppm-ээс бага концентрацитай гэж тодорхойлсон. Энэ нь хувцсанд агуулагдаж буй формальдегидийн хэмжээ буурч буйг баталж байгаа юм. Нэхмэлийн үйлдвэрт формальдегидийн концентраци 100 ppm ба түүнээс бага байвал зохистой гэж үздэг” хэмээн тэмдэглэжээ.

Хувцсанд агуулагдах бисфенол А (BPA) эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэхээр биш

Мөн шалгаж буй мэдээлэлд “Сунадаг өмсөхөд хөнгөн угаахад амархан хатдаг нанотехнолгийн гээд янз янзын спорт хувцаснуудаас бисфенол-А микропластик нано бөөмс ялгарч амьсгалын замаар арьсаар дамжин хүний бие рүү нэвтэрч ялангуяа уушгийг гэмтээж байдаг” гэсэн.

Европын Холбоо “Хэрэглэгчийн Аюулгүй байдлыг хангах Шинжлэх Ухааны Хороо” мэдээлснээр хувцсанд агуулагдах бисфенол А (BPA)-ийн хэмжээ харилцан адилгүй ч эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэхээр биш гэсэн юм. Бисфенол А (BPA) нь зарим төрлийн хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодис аж. Харин АНУ-ын Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн төвөөс спандекс даавуугаар хийсэн полиэстр материалтай спорт хувцаснаас бисфенол-А илэрсэн болохыг тогтоосон байна. Энэ нь хавдар үүсгэх эрсдэлтэй. Иймд худалдаж авахдаа спандекс бүхий полиэстерээр хийсэн хувцас сонгохоос зайлсхийж, хөвөн, ноосон материалтайг нь хэрэглэхийг санал болгожээ.

  • Үүнээс гадна дээрх материалаар хийсэн хувцсыг индүүгээр халаахад таргалалт, чихрийн шижин, багтраа, харшил үүсгэдэг эсэх нь бүрэн тогтоогдсон судалгаа одоогоор байхгүй байна. 
  • “Индүүдлэг хийх нь хорт хавдар үүсгэдэг” гэж судалгаагаар бүрэн нотлогдоогүй ч агааржуулалт муу орчинд индүүдлэг хийхээс зайлсхийж нийлэг материалтай хувцас бус хөвөн даавуун хувцас сонгохыг зөвлөж байна.

Индүүнээс ялгардаг цахилгаан соронзон бага хэлбэлзлийн долгион маш ихээр хордуулдаг” гэх мэдээлэл худал

Индүүнээс цахилгаан соронзон долгионы талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Гэр ахуйн индүү нь 50-60 Гц-ийн нам давтамжийн цахилгаан соронзон орон (EMF) зарцуулдаг. Энэ нь үсний сэнс, талх шарагч зэрэг бусад ахуйн цахилгаан хэрэгслийн ялгаруулдаг долгионтой ижил бөгөөд ионжуулдаггүй цацраг бий болгодог. Энэ нь хүний биед хортой нөлөө үзүүлэхэд хангалттай эрчим хүчгүй гэсэн үг юм. Мөн олон улсын аюулгүй байдлын зааврын дагуу цахилгаан хэрэгсэл нь 100 µT-ээс доогуур соронзон орон ялгуулахаар заасан байдаг. Индүү нь 30 см зайд ердөө 0.3 µT цахилгаан соронзон долгион ялгаруулдаг. Энэ нь тогтоосон аюулгүй байдлын босго хэмжээнээс 300 дахин бага байгааг мэдээлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document