2024 оны 11 дүгээр сарын 16-нд Delgermaa Beckbat (архивлагдсан хувилбар) гэх Фэйсбүүк хаяг АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Трамп АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах ёстой тухай зарласан хэмээн мэдээлэл түгээжээ. Тэрээр постдоо ДЭМБ-ыг “АНУ-аас санхүүждэг, Хятад улсын хяналттай гэж үзэн, тус байгууллагын санхүүгийн дэмжлэгийг зогсоох талаар яригдаж байна. Сүүлийн 75 жилийн дотор ДЭМБ хүрээгээ тэлж, дэлхийг бүхлээр нь захирдаг асар их эрх мэдэлтэй байгууллага болон хувирчээ. Билл Гейтс гэх мэт баячууд (хэн ч сонгоогүй) ДЭМБ-ын нэр доор янз бүрийн туршилт хийх болсон байна. Газар тариаланг хордуулах, ямар ч нотлогдоогүй вакцин үйлдвэрлэх, сүүлчийн covid-19-өөс Билл Гейтс болон зарим орны удирдлагууд баяжсан зэрэгт цэг тавихаар шийджээ.” хэмээн Трамп мэдэгдсэн мэтээр тайлбарлажээ.
Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг ДЭМБ-аас 2020 онд гаргасан боловч 2021 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жое Байден дахин гишүүнчлэлээ сэргээсэн. Түүнээс хойш Трамп ДЭМБ-аас гаргах тухай мэдэгдэл хийгээгүй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Коронавирусын цар тахлын үеэр тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Трамп 2020 оны 07 дугаар сарын 07-нд ДЭМБ руу АНУ гишүүнчлэлээ цуцалж буй тухай захидлыг илгээсэн. Тэрээр энэ шийдвэрээс өмнө 04 дүгээр сарын 15-нд АНУ-аас ДЭМБ-д олгох санхүүжилтийг зогсоож байгаагаа мэдэгдсэн бол 05 дугаар сарын 29-нд харилцаагаа зогсоох тухай мэдэгдэл хийж байжээ.
Трампын засгийн газраас ДЭМБ руу илгээсэн захидалд АНУ-ын гишүүнчлэлээ цуцлах шийдвэр 2021 оны 07 дугаар сарын 06 гэхэд хүчинтэй болохыг мэдэгдсэн байсан. Харин 2021 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Байден 2021 оны 01 дүгээр сарын 20-нд өмнөх ерөнхийлөгч Трампын захидлыг буцаан татаж байгаагаа мэдэгдсэн захидлыг ДЭМБ-д илгээсэн. Ингэснээр АНУ-ын ДЭМБ дахь гишүүнчлэл хэвээр үлдсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-нд Висконсин мужид болсон кампанит ажлынхаа үеэр “Нийтийн эрүүл мэндийн төлөөх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Хоол, эмийн агентлаг болон ДЭМБ зэрэг бусад байгууллагын авлигатай тэмцэнэ.” хэмээн мэдэгдэж байсан. Хэдийгээр New York Times-ийн мэдээлснээр Трамп дахин сонгогдсоноор ДЭМБ-аас дахин гарахаар шийдвэрлэнэ гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж буй ч Трамп одоогоор ДЭМБ-аас гарах тухай хараахан мэдэгдээгүй байна.
Түүнчлэн бидний шалгасан мэдээлэл дэх ашигласан нь зураг нь Трампын ДЭМБ-тай холбоогүй мэдэгдлийн үеэрх зураг бөгөөд бид зургийг Google хайлтын системд хайхад Трамп өөрийн “God Bless the USA” гэх нэртэй Библийг борлуулж байгаагаа мэдэгдсэн үеийн зураг аж.
Тэрээр энэхүү видео мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 26-нд танилцуулсан бөгөөд тэрээр Америк дуучин Ли Гринвудын дуунаас санаа авч нэрлэсэн Библийн номоо 59,99 ам.доллараар борлуулж байсан аж. Харин энэ мэдэгдэлдээ ДЭМБ-ын талаар ямар нэг зүйл мэдэгдээгүй юм.
Ерөнхийлөгч Трамп энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр дахин сонгогдсон ба 2025 оны 01 дүгээр сарын 20-нд тангаргаа өргөн албан ёсоор ерөнхийлөгчийн ажлаа эхлүүлэх юм.
Ерөнхийлөгч Трампын ДЭМБ-ын талаар мэдэгдэл нь 2020 онд болсон үйл явдал бөгөөд тэрээр хэдийгээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон ч тангаргаа өргөн албан ажлаа эхлүүлээгүй, мөн ДЭМБ-ын гишүүнчлэлээ цуцлах шийдвэр гаргаагүй байна.