Вакцин эсэргүүцэгчдийн түгээдэг батлагдаагүй мэдээллийг дахин идэвхжүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1200

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-ынд вакцинжуулалтыг бүрэн хориглохоор Трамп, Кеннеди нар шийдсэн ба вакциныг гахай тахиа, абортын материалаас гаргаж авдаг гэх зэрэг мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вакциныг хориглох талаар шийдвэр гараагүй, хэлэлцэж байгаа бөгөөд бүх вакциныг хориглох бус илүү шалгаж, чанаржуулах талаар ярьсан мэдээллийг гуйвуулж тайлбарлажээ. Мөн энэ нь маргаан дагуулж олон нийтийг талцуулаад буй юм.

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Жүрмэд Занаа гэх хаяг вакцинжуулалтын тухай “Одоо энэ вакцинжуулалтыг АНУ-д бүрэн хориглох асуудлыг Трамп, Кеннеди хоёр хэрэгжүүлээд эхэлчихсэн шүү, Эрүүл мэндийн яамаа!!!” гэсэн тайлбартай мэдээллийг түгээжээ. Постод 2023 онд NTN News телевизэд өгсөн ярилцлагын бичлэгээ дахин түгээсэн байна. Ярилцлагын үеэр Оросын вирус судлаач Галина Петровна Червонскаягийн үзэл санааг онцлон “Нийтийг хамарсан вакцинжуулалт бол геноцит” гэх агуулгыг түгээжээ. Үүнд вакцинд мөнгөн ус, хар тугалга гэх мэт хүнд металл агуулагддаг ба вакциныг гахай тахиа, абортын материалаас гаргаж авдаг гэх зэргийг дурджээ. 

Бид дээрх мэдээллийг баталгаатай эх сурвалжийн мэдээллээр баримт шалгалт хийсэн ба вакцинжуулалт нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагаа биш юм. Харин бидний шалгасан мэдээлэл нь вакцинжуулалтын талаар олон дахин няцаагдсан мэдээллийг эш татан түгээсэн ба “АНУ-д вакциныг хориглохоор болсон” гэх мэдээлэл нь төөрөгдүүлсэн мэдээлэл юм.

Галина Червонская нь Оросын вакцины эсрэг хөдөлгөөний төлөөлөгч бөгөөд олон нийтэд вакцинжуулалтын талаарх шүүмжлэлээ түгээдэг. Түүний үзэж байгаагаар вакцин нь байгалийн дархлааг сулруулж, янз бүрийн эрүүл мэндийн асуудал үүсгэх магадлалтай учраас вакциныг аюултай гэж анхааруулж, орчин үеийн анагаах ухааныг шүүмжилж, вакцинжуулалтаас зайлсхийхийг уриалдаг нэгэн. Тэрээр хүүхдүүдийн дархлаажуулалтын үед эцэг эхчүүд мэдээлэлтэй байж, сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргах эрхийг чухалчилдаг гэжээ.

Гэвч түүний санааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд ихээр шүүмжилдэг. Вакцин, ийлдэс судлалын хүрээлэнгийн мембраны процессын лабораторийн эрхлэгч А.Н. Мац тэргүүтэй судлаач, анагаах ухааны мэргэжилтнүүд түүний үзэл санааг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзэж, вакцин нь байгалийн дархлааг бэхжүүлдэг болохыг нотолж, вакцинжуулалт нь халдварт өвчнийг хяналтад байлгах чухал арга гэдгийг онцолсон байдаг.

Мөн Червонскаяг анагаах ухааны мэдлэггүй, эмчийн мэргэжилгүй атал вакцинжуулалтыг эсэргүүцэж олон нийтийн дунд буруу ойлголт үүсгэж, улмаар зарим халдварт өвчний дэгдэлтийг нэмэгдүүлж болзошгүй тухай Казакстаны баримт шалгах factcheck.kz судалж бичсэн. Үүнд шалгаж буй мэдээлэлтэй адил утгатай агуулгуудыг баримтаар няцаасан бөгөөд манипуляц хийх оролдлого гэж үзжээ.

Тухайлбал, “БЦЖ буюу сүрьеэгийн вакцины найрлагад амьд суларсан вакцины омог байгаа ч сүрьеэгийн халдвар авах боломжгүй юм. Түүнээс гадна тарилгын амьд вакцин нь аюултай биш ч ховор тохиолдолд сүрьеэгийн эсрэг эмээр эмчилдэг вакцин хийлгэсэн хүнд сүрьеэтэй төстэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Гэсэн ч Казахстанд сүүлийн 20 жилийн хугацаанд сүрьеэгийн өвчлөл (энэ хугацаанд бүх нярайд БЦЖ-ийг төрөх эмнэлэгт хийсэн) 4 дахин буурч, 100 мянган хүн амд 155.7-аас 35.7 хүртэл буурсан байна” гэжээ.

Товлолт вакцинуудын найрлагын талаар бидний өмнө хийсэн баримт шалгалтыг энд дарж үзнэ үү.

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакциныг (MMR vaccine) Монгол Улсад нярайг 9 сартайд эхний тунг, 2 настайд хоёр дахь тунг хийдэг бөгөөд тухайн өвчний тархалт ихэссэн цаг үед нэмэлт тунг хийхийг зөвлөдөг.  

Тус вакцины эхний тунг хийлгэхэд улаан бурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78% , улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол, 2 дахь тунг хийлгэснээр улаан бурхан өвчнөөс 97%, гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ гэж АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

MMR вакцины 0.5 мл тун дахь найрлагад

  • 3.0 log10 TCID50 (TCID- эдийн өсгөвөрт халдварын тун ) улаан бурхны вирус; 
  • 4.1 log10 TCID50 гахайн хавдрын вирус; 
  • 3.0 log10 TCID50 улаанууд өвчний вирус, 
  • 14.5 мг сорбитол, 
  • 1.9 мг сахароз, 
  • 14.5 мг гидролизжүүлсэн желатин,  
  • ≤0.3 мг хүний ​​рекомбинант альбумин, ургийн үхрийн ийлдэс (<1 ppm), 
  • ойролцоогоор 25 мкг неомицин болон бусад бодис агуулагддаг.

Тус вакцины найрлагад шалгаж буй мэдээлэлд дурдсан мөнгөн усхөнгөн цагаан зэрэг  хүнд металл болон “хүүхдийн абортын материал” гэх зүйл огт агуулагддаггүй.

Мөн “Дархлаажуулалтын үндэсний товлол” гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ гэж Эрүүл мэндийн яамны вэбсайтад мэдээлсэн. Манай улсад дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүн амд үнэ төлбөргүй вакцин хийдэг. Заавал хамрагдах дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд,

  • Сүрьеэ,
  • Халдварт саа,
  • Гепатит В,
  • Сахуу,
  • Хөхүүл ханиад,
  • Татран,
  • Хемопелиус инфлюенза,
  • Улаанбурхан,
  • Гахай хавдар
  • Улаанууд зэрэг багтна.

2024 оны 11 дүгээр сарын 05-нд Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш түүний засгийн газарт Роберт Ф. Кеннеди зэрэг вакцинжуулалтын бодлогыг өөрчлөх зорилготой хүмүүс нэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан. Тэрээр одоогийн байдлаар Трампын кабинетад Эрүүл мэндийн департментыг тэргүүлэхээр зөвхөн нэр дэвшээд байгаа бөгөөд АНУ-ын парламент буюу Сенат, Төлөөлөгчдийн танхимаар батлагдсаны дараа албан тушаалд томилогдох боломжтой юм.

Түүнчлэн Роберт Ф. Кеннедигийн хувьд өмнө нь вакцины талаар хоорондоо зөрчилдөөнтэй мэдэгдлүүд хийж байсан. Тухайлбал, NBC News сайтад 11 дүгээр сарын 7-нд нийтлэгдсэн сурвалжилгад “Трампын зөвлөхөөр ажиллаж буй Роберт Ф.Кеннеди, Трампын ахлах зөвлөхүүдтэй уулзаж, цаашдын гүйцэтгэх үүрэг, албан тушаалынхаа талаар ярилцах болно. Шинэ засаг захиргаанд ямар ажил хийхээ хараахан шийдээгүй байгаа. Хэрэв вакцинууд эрүүл мэндэд тустай бол хориглохгүй. Хүмүүс сонголттой байх ёстой. Тиймээс шинжлэх ухааны аюулгүй байдлын судалгаа, үр дүнтэй эсэхийг шалгаж, үнэлгээ хийх болно” гэж мэдээлжээ. 

Энэ нь вакциныг хориглох талаар шийдвэр гараагүй, хэлэлцэж байгаа бөгөөд бүх вакциныг хориглох бус илүү шалгаж, чанаржуулах тухай агуулгыг илэрхийлжээ.

Гэхдээ нөгөө талд Роберт Ф. Кеннеди вакцин нь аутизм үүсгэдэг гэх олон дахин няцаагдсан мэдээллийг түгээж байсан ба түүний вакцинжуулалтын эсрэг байр суурь нь эрүүл мэндийн экспертүүдийн анхааралд өртөж байсан юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп 2025 оны 01 дүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр албаа хүлээж авах ба үүний дараа кабинетынхаа томилогоог Сенатаар хэлэлцүүлэх юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document