“18 наснаас хойш ч өсөлтийг нэмэгдүүлдэг наалт” гэж байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1199

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өндөр болгох нано наалт гэх бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Наалт наагаад өндөр болохыг баталсан хангалттай судалгаа байхгүй.

2024 оны гуравдугаар сарын 15-нд 777 шоп нэртэй хуудаснаас өндөр болгох нано наалт гэх бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлсэн нь нийт 1,700 гаруй реакц, 953 сэтгэгдэл авч, 859 удаа цааш түгээгджээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт “Эрүүл мэндийн шинэ хувьсал Өндөр _болгох_нано_наалт Богино хугацаанд үр дүн мэдэгдэнэ /14 хоногт 2-3 см/ Давуу тал: Гадпофиз булчирхай дахь өсөлтийн даавар нь бидний ясны өсөлт, биеийн бүтэц, бодисын солилцоог хариуцдаг. Уг наалт нь эдгээр өсөлтийн дааврыг өдөөж 18 наснаас хойш ч таны өсөлтийг нэмэгдүүлдэг арга юм. -12-36 нас хүртэлх бүх хүмүүс хэрэглэхэд өндөр үр дүнтэй /Нас бага байх тусам илүү үр дүнтэй/ – Ясны өсөлтийг нэмэгдүүлнэ -Цусны эргэлтийг сайжруулна -Бодисын солилцоог сайжруулна. Хөлийн наалт нь янз бүрийн ургамлын хандаар баялаг бөгөөд энэ нь биеийн өсөлтийн синтезыг дэмжинэ. Эрүүл аюулгүй байгалийн гаралтай, үр дүнтэй” хэмээн бичжээ.

    Шалгасан мэдээлэлд “хөлийн наалтыг уландаа наахад олон төрлийн ургамлын ханд өсөлтийн дааврыг нэмэгдүүлж, ясны өсөлтийг дэмжиж 14 хоногт 2-3 см өснө” гэх агуулгыг дурджээ. Уг агуулгаар буюу “Өсөлтийн наалт” гэх түлхүүр үгээр Pubmed болон Google Scholar судалгааны сангаас хайхад түлхүүр үгтэй нийцтэй хоёр судалгааны үр дүн илэрлээ.

    Дээрх судалгааны нэгийг хянах явцад асуудал гарсан учир буцаасан байна. Тодруулбал, 2017-2019 оны хооронд нийт 120 хүүхдийн дунд хийсэн “Наалттай хослуулсан хүүхдийн өсөлтөд туслах цогц эмчилгээний клиник судалгаа”-ны үр дүнд наалт нь хүүхдийн өндрийг нэмэгдүүлсэн гэх дүгнэлт гаргасан боловч хяналтын дараа алдаатай дүгнэлт тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Шинжлэх ухаан, техник, анагаах ухааны бүтээлд төвлөрсөн мэргэжилтнүүдээр хянуулдаг шинжлэх ухааны нээлттэй сэтгүүл уг судалгаанд дотоод, гадаадын судалгааны мэргэжилтнүүдээр хянан шалгуулсны дараа буцаажээ.

    Харин 2023 онд нийтлэгдсэн “Өсөлтийн дааврын дутагдлыг эмчлэх өсөлтийн гормоныг тасралтгүй ялгаруулах идэвхтэй тусгаарлагдсан микро зүүн наалт” судалгаанд уургаар хийсэн бичил зүү бүхий наалтыг бүтээж харханд 7 хоног туршихад өндөр, жин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Уг наалт нь өсөлтийн дааврын дутагдлын эмчилгээний үр нөлөөг сайжруулж, өвчтөнүүдэд шинэ арга нээх боломжтой хэмээн таамаглажээ. Мөн тус судалгаанд хязгаарлалт байсныг дурдаж уг наалтын нөлөөг цаашид шалгах шаардлагатай хэмээн дурджээ.

    Шалгасан мэдээлэлтэй ижил агуулгаар Америкийн баримт шалгах төв PolitiFact-аас шалгаж худал хэмээн тамгалсан байна.

    Уг баримт шалгалтад “Насанд хүрсэн хүн ямар ч мэс засал хийхгүйгээр өндрөө өсгөж чадахгүй” гэж Майо клиникийн мэс засалч, дэд профессор Тодд Милбрандт хэлснийг эшилсэн байна.

    Иймд шалгасан мэдээлэлд дурдсан богино хугацаанд өндөр болгох наалт гэж байхгүй бөгөөд энэ талаар хангалттай судалгаа байхгүй.  


    Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


    Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    Хуваалцах

    Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

    Check document