“Интермед эмнэлгээс алдсан мэдээллийг ашиглан банкууд руу халдах гэж оролдсон” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1198

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Интермед эмнэлгээс алдагдсан мэдээллийг ашиглан Монголын арилжааны банкууд руу халдсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монголын Банкны Холбоо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв уг мэдээллийг үгүйсгэсэн.

Интермед эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгсдийнхээ хувийн мэдээллийг алдагдсантай  холбоотой хуурамч мэдээлэл түгээжээ. 2024 оны 11 дүгээр сарын 11-нд Мягмартогтох Далай нэртэй хаягаас “Шуурхай‼️ Интeрмед эмнэлгээс алдагдсан тоо мэдээллийг ашиглан Монголын арилжааны банкнуудын дата систeм руу халдсан оролдлогууд гарч эхэлжээ” гэх тайлбартайгаар Интермед эмнэлгийн зургийг хавсарган түгээжээ. Мөн ижил агуулгатай мэдээлэл өөр хэд хэдэн хаягт (энд ба энд) түгсэн байна.

  • Бид холбогдох байгууллагуудаас тодруулахад “Интермед эмнэлгийн алдагдсан мэдээллийг ашиглан халдлага болсон” гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

2024 оны 11 дүгээр сарын 09-нд Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг алдсан тухай мэдэгдэл нийтэлсэн. Уг мэдээллийг ашиглан “Монголын арилжааны банкнуудын дата систем рүү халдсан оролдлогууд гарсан” гэх мэдээллийг түгээжээ. Үүнтэй холбоотойгоор бид Монголын Банкны холбоо, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс тодрууллаа.

Монголын Банкны Холбооноос халдлагад өртсөн банк байгаа эсэхийг тодруулахад үгүйсгэсэн юм. Холбоо нь арилжааны банкуудаас дээрх мэдээллийн дагуу лавласан бөгөөд халдах оролдлого гараагүй гэдгийг мэдэгдсэн байна. Мөн “арилжааны банкуудын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан албад цаашид үүсэж болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа” гэв.

Мэдээллийн баталгаажуулж, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас тодруулахад “Интермед эмнэлгийн алдагдсан мэдээлэл дунд хувийн мэдээллээ алдсан байна гэх иргэдийн гомдол ирүүлсэн. Харин тэр мэдээллийг нь ашиглаж, банкны мэдээлэлд нь халдсан, халдахыг оролдсон гэх хэрэг байхгүй” хэмээн 2024 оны 11 дүгээр сарын 14-нд бидэнд мэдээлсэн.

Үргэлжлүүлэн бид Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвтэй 11 дүгээр сарын 14-нд холбогдоход дээрх мэдээллийг няцаан “одоогоор халдлага илрээгүй” хэмээн хариу мэдэгдсэн.

Иймд “Интермед эмнэлгийн алдагдсан мэдээллийг ашиглаж банкуудын дата систем рүү халдсан” гэх мэдээлэл нь кибер халдлагын асуудлыг хариуцсан холбогдох байгууллагуудын өгсөн мэдээллээр үгүйсгэгдэж байна. Мөн банкуудын системд халдсан гэх мэдээллийг нотлох хөндлөнгийн баримт одоогоор байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document