Вьетнамд байршилтай хаягуудаас хуурамч сурталчилгаагаар хувийн мэдээллийг авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1197

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хялбар аргаар хямдралтай бүтээгдэхүүн авах боломжтой гэж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнамд байршилтай хаягуудаас хямдарсан гэх бүтээгдэхүүнээр хууран мэхэлж, тусгай сайтад хувийн мэдээллийг бөглүүлж авч байна.

Бараа бүтээгдэхүүн худалдаалах нэрийдлээр хувийн мэдээллийг авч, хандалтаа өсгөж, аль эсвэл хуурамч бүтээгдэхүүн сурталчилж буй хаяг олширсон. Иймд доор дурдсан гурван хаягт баримт шалгалт хийж, хуурамч бараа бүтээгдэхүүн сурталчилж буй хаягийг таних зааврыг хүргэж байна.

Madem Luxury нэртэй хуудаснаас ээмэг сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээсэн нь нийт 391 реакц, 271 сэтгэгдэл авч, 62 удаа цааш түгээгджээ.

Jewelry Luxury нэртэй хуудаснаас аравдугаар сарын 10-нд мөн ээмэг сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээсэн нь нийт 334 реакц, 261 сэтгэгдэл авч, 41 удаа цааш түгээгдсэн.

Мөн Korean Cosmetics нэртэй хуудаснаас арьс чангалах тос гэх бүтээгдэхүүн сурталчилсан 20 минутын урттай бичлэг нийтэлсэн нь 1,600 реакц, 1,100 гаруй сэтгэгдэл авч, мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Дээрх шалгасан мэдээллийн төсөөтэй тал нь бүтээгдэхүүн худалдаалж буй линк нь хуурамч сайтын линк бөгөөд захиалах самбарт хувийн мэдээллийг бөглүүлж байна.

Хаяг шалгах нь

Шалгасан мэдээллийг түгээсэн хуудасны танилцуулга хэсэг рүү орж харвал өөрсдийн вэбсайтыг оруулсан байна. Эдгээр линк нь түгээсэн мэдээлэлд хавсаргасан линкнээс өөр байгааг харж болох юм.

Мөн хавсаргасан линкний домэйн өргөтгөл нь “vn” буюу вьетнам сайт болохыг илтгэж байна.

Үргэлжлүүлэн хуудас бүрийн админы мэдээллийг харахад бүх хуудасны админууд Вьетнамд байрлалтай байгааг доорх зургаас хараарай.

Бараа худалдаалж буй админ нь Вьетнамд байрлалтай, холбогдох утасны дугаар, хаяг огт бичээгүй өөр өөр домэйнтэй сайт руу орж худалдаа хийхийг уриалсан нь хуурамч хаяг болохыг илтгэж байна.

Зургаас нэг хуудаст оруулсан бүтээгдэхүүн бүр өөр өөр домэйнтэй хуурамч сайтыг хавсаргасныг харж болох юм.

Агуулгыг нягтлах

Дээр дурдсанчлан шалгасан мэдээлэлд холбогдох утасны дугаар, хаяг байршил бичээгүй нь хуурамч мэдээлэл гэж сэжиглэх эхний сэжүүр юм. Цаашлаад тайлбар хэсэгт “зөвхөн өнөөдөр хямдарсан” гэж бичсэн нь хүмүүсийн худалдан авах сэдлийг төрүүлж байна. Бүтээгдэхүүн зарж буй хуудас руу ороход сар сарын зайтай нийтэлсэн бүх бараа бүтээгдэхүүний тайлбарт “зөвхөн өнөөдөр хямдарсан” гэх тайлбарыг оруулсан нь хүмүүсийн анхаарлыг татах зорилготойг харуулж байна.

Мөн шалгасан мэдээллийн тайлбар хэсэгт “хүргэлтийн дараа төлбөрөө төлөх боломжтой, бараагаа шалгаж байгаад төлбөрөө төлөх боломжтой” гэж оруулсан нь найдвартай мэт ойлголт өгч байна.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан сайтын линк рүү ороход дэлгүүрийн холбогдох дугаар, мэдээлэл огт байхгүй ч захиалахын тулд хувийн мэдээллээ оруулах хэсэг л байгаа юм. Энэ нь бараа худалдаалж буй хүний мэдээлэл огт байхгүй нь эргэж холбогдох боломжгүй, найдваргүйг харуулж байна. Бүх бүтээгдэхүүний линк дэх мэдээлэл, загвар ижил байгааг доорх зургаас хараарай. Шалгасан мэдээлэлд хавсаргасан линк нь хуурамч сайтын нэг жишээ юм. Сайт дотроо цэс рүү дарж ороход хязгаарлагдмал буюу зөвхөн харах зориулалттайгаар хийсэн хуурамч сайт юм.

Уг хуурамч сайтын жишээг харвал бүтээгдэхүүний тухай мэдээллийг өгч, хямдралыг илүү тод харуулж, “Одоо худалдаж авах”, “шууд хямдрал аваарай” гэх мэт шууд үйлдэлд уриалж байна. Мөн төлбөр хийх тохиргоогүй, ямар нэг баталгаажуулалт хийлгэхгүй, амар хялбараар хувийн мэдээллийг бөглүүлж, шууд захиалга өгчихсөн мэт харагдуулж байгаа зэрэг нь хүмүүсийг хуурахад хялбар болгож байна.

Аливаа мэдээллийн агуулгыг нягталж, түгээж буй хаягийн танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг дээр харуулсан аргаар шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document