Вакцин ген өөрчлөхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1196

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Вакцин бол ямар ч шинжилгээгээр оношлогддоггүй өвчин үүсгэдэг буюу гений өөрчлөлтөд оруулдаг тариа” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вакцинууд эсийн цөмөөс гадуур ажилладаг тул цөмд хадгалагддаг ДНХ-г өөрчлөх боломжгүй. Мутац нь эсэд байнга тохиолддог боловч бараг аль нь ч эрүүл мэндэд нөлөөлдөггүй. Учир нь хүний эсүүд мутацыг маш хурдан засах нарийн техниктэй.

2024 оны 11-р сарын 04-нд Handaa Byamba хаягаас “Вакцин бол ямар ч шинжилгээгээр оношлогддоггүй өвчин үүсгэдэг буюу гений өөрчлөлтөд оруулдаг тариа!!!” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 89 реакц, 16 сэтгэгдэл авч, 26 удаа цааш түгээгджээ.

Ковидын вакцинтай холбоотой генийг өөрчилдөг гэх мэдээлэл интернэт орчинд их тархсан. Үүнийг эрүүл мэндийн байгууллагууд болон баримт шалгах төвүүд няцаасан билээ.

Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвийн албан ёсны сайтад Ковидын вакцины тухай баримт мэдээлэлд  доорх байдлаар тайлбарласан байна.

  • Ковид-19 вакцин нь таны ДНХ-г ямар ч байдлаар өөрчилдөггүй, харилцан үйлчлэлд ордоггүй. Мессенжер РНХ (mRNA) болон уургийн дэд нэгж COVID-19 вакцин хоёулаа Ковид-19-ийг үүсгэдэг вирусийн эсрэг хамгаалалт бий болгох зааварчилгааг (удамшлын материал) таны эсүүдэд хүргэж ажилладаг. Бие махбод дархлааны хариу урвалыг бий болгосны дараа эсэд хэрэггүй болсон бүх мэдээллээс ангижрахтай адил вакцины бүх бүрэлдэхүүн хэсгүүдээс салдаг. Энэ үйл явц нь биеийн хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. mRNA вакцинаар дамжуулж буй генетик материал нь таны ДНХ хадгалагддаг эсийн цөмд хэзээ ч ордоггүй тул вакцин нь таны ДНХ-г өөрчлөхгүй.

ДЭМБ-аас мэргэжилтнүүд Ковид-19 болон вакцинтай холбоотой мэдээллийг тайлбарлаж буй цуврал бичлэгт доктор Кэтрин О’Брайен вакцин ДНХ-г өөрчлөх боломжгүй тухай дурдаж тайлбарлажээ. Тэрээр, мРНХ ДНХ болж хувирах, ДНХ-г өөрчлөх ямар ч арга байхгүй, мРНХ нь бие махбодод уураг үүсгэх заавар гэж дурджээ.

Небраскагийн их сургуулийн анагаах ухааны төвийн албан ёсны сайтад орсон мэдээлэлд  вакцинууд ДНХ-г өөрчилж чадахгүйг тайлбарлажээ. Тодруулбал, ковидын вакцин биед коронавирусийн баяжуулалтын уураг үүсгэж, энэ нь корона вирустэй тэмцэх эсрэгбие үүсгэдэг байна. ДНХ нь эсийн цөмд хадгалагддаг бол вакцинууд цөмөөс гадуур ажлаа хийх зориулалттай ба цөмтэй харилцан үйлчлэлцдэг нь ажиглагдаагүй байна.

Мөн BBC, Reuters болон AFP  агентлаг уг агуулгаа баримт шалгалт хийж худал хэмээн дүгнэсэн байна.

Вакцин хэрхэн ажилладаг тухай

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын албан ёсны фэйсбүүк хуудаст 2021 онд  вакцинд агуулагддаг антиген буюу эстөрөгч хэрхэн үйлчилдэг тухай богино хэмжээний видеог түгээж байжээ. Тус бичлэгт вакцин хэрхэн ажилладаг тухай хялбараар тайлбарлан хүргэсэн байна.

  • Эсрэг төрөгч нь вакцины найрлагын гол бүрдэл хэсэг бөгөөд өвчин үүсгэгч бичил биетээс тасдан авсан өчүүхэн жижиг хэсэг юм. Энэ нь хүний биед ямар нэг хор хөнөөл учруулдаггүй. Хүний бие махбод эсрэгтөрөгчийн тусламжтайгаар өвчин үүсгэгчтэй хэрхэн тэмцэхийг сурч, улмаар тухайн өвчнөөс сэргийлдэг.

Европын Холбооны санаачилга бүхий Европын вакцинжуулалтын мэдээллийн сувгийн сайтад вакцин хэрхэн ажилладаг тухай мэдээллийг хүргэжээ.

Тус мэдээлэлд “Вакцин нь өвчин туссан тохиолдолд дархлааны системд хэрхэн тэмцэхийг заадаг. Энэ нь хүндээр өвчлөх, бусад төрлийн халдвар авах эрсдэлийг эрс буруулдаг. Вакцин нь нэг эсвэл хэд хэдэн өвчөөс хамгаалах боломжтой. Зарим тохиолдолд хэд хэдэн өвчнөөс хамгаалахын тулд хэд хэдэн вакциныг зэрэг хийж болно. Ихэнх вакцин нь вирус, бактерийн сулруулсан эсвэл идэвхгүй болгосон хэлбэр, аль эсвэл багахан хэсгийг (эстөрөгч) агуулдаг.

Вакцин хийлгэснээр хүний дархлааны систем  эстөрөгчийг харийн зүйл гэх хүлээн авч, дархлааны эсийг идэвхжүүлж, эсрэгбие үүсгэснээр тухайн вирус, бактерийн санах ойг бий болгодог. Хожим жинхэнэ вирус, нянтай холбоо тогтооход дархлааны систем үүнийг санаж, зөв эсрэг бие үүсгэн, зөв дархлааны эсийг хурдан идэвхжүүлж, вирус, бактерийг устгадаг” гэх агуулгыг дурджээ.

Генийн өөрчлөлтийн тухай

АНУ-ын Хүний Геном судлалын үндэсний хүрээлэнгийн сайтад генийн өөрчлөлт буюу генийн мутацыг “Организмын ДНХ-ийн дарааллыг өөрчлөх явдал. Мутац нь эсийн хуваагдал, мутагенд өртөх эсвэл вируст халдварын үед ДНХ-ийн репликацийн алдаанаас үүдэлтэй байж  болно. Үр хөврөлийн мутац (өндгөн эс, эр бэлгийн эсэд тохиолддог) үр удамд дамждаг бол соматак мутац (биеийн эсэд тохиолддог) дамждаггүй” хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл эцэг эхийн өндөг болон эр бэлгийн эс генийн мутац тээсэн бол хүүхдэд нь дамждаг. Харин амьдралын туршид мутац гаднын хүчин зүйлээс (хэт ягаан туяаны гэмтэл, зарим төрлийн химийн бодис гэх мэт) шалтгаалан тохиолдох боломжтой. Эдгээр нь зөвхөн зарим эсүүдэд нөлөөлдөг ба эцэг эхээс хүүхдэд дамждаггүй байна.

Геномын шинжлэх ухааны салбарын хөтөлбөрийн удирдагч доктор Даниел А.Гилхрист “Мутац бидний эсэд байнга тохиолддог боловч эдгээрийн бараг аль нь ч бидний эрүүл мэндэд нөлөөлдөггүй. Шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос тэс өөр юм. Бодит амьдрал дээр мутац нь хүнийг супер баатар болгон хувиргах эсвэл далавч ургуулах гэх мэт хачирхалтай зүйл хийдэггүй. Мутац нь ихэвчлэн ноцтой үр дагаварт хүргэдэггүй олон шалтгаан байдаг. Үүний нэг шалтгаан нь бидний эсүүд мутацыг маш хурдан засах нарийн техниктэй байдаг. Тиймээс асуудал үүсгэх хангалттай хугацаа байхгүй. Мөн ихэнх мутац нь булчингийн эсүүд эсвэл арьсны эсүүд гэх мэт соматик эсүүдэд тохиолддог бөгөөд зөвхөн мутац үүссэн эс болон тэр эсээс ургадаг эсүүдэд нөлөөлдөг. Нөгөөтээгүүр, үр хөврөлийн эс, өндөг, эр бэлгийн эсэд мутац тохиолдоход тэдгээр нь тухайн өндөг, эр бэлгийн эсээс үүссэн эс бүрд, бүхэл бүтэн хүний ​​биед байх бөгөөд илүү том нөлөө үзүүлэх боломжтой” хэмээн Хүний Геном судлалын үндэсний хүрээлэнгийн сайтад тодруулга хийжээ.

Бүх генийн өөрчлөлт генетикийн эмгэгийг үүсгэдэггүй. ДНХ-ийн дарааллын өөрчлөлт нь эсийн үйл ажиллагааг өөрчилдөггүй учир зарим генийн мутац нь эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document