Жендэрийн баримт шалгалтын хүрээнд “Хөөрхөн зүрх” ТББ-ын пэйжээс 2019.10.04-нд нийтэлсэн постын агуулгыг шалгалаа. Тус постод “Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүн байна гэдэг тодорхой нэг шалгуур, хэм хэмжээ тогтоосон зүйл гэж ихэнх хүмүүс ойлгодог. Боловсрол, хувцас, мэргэжил, гэр бүлийн харилцаан дахь оролцоо, эрх мэдэл, өнгө… гээд олон зүйл дээр ажиглагдаж байна. Намайг жаахан байхад ягаан өнгө бол охин хүүхдийн өнгө, цэнхэр өнгө бол эрэгтэй хүүхдийн өнгө гэх ойлголт илүү түгээмэл тусдаг байсан. Тэр үед магадгүй жаахан байсандаа ч юмуу илүү тод үлдэж, би ч өөрөө охин хүүхэд ягаан өнгийн юм хэрэглэх, эрэгтэй хүүхэд цэнхэр өнгийн юм хэрэглэх ёстой гэж боддог байлаа. Энэ бол өнгөн дээр илэрч байгаа энгийн нэг жишээ юм. Одоо ч ийм байдал ажиглагдаж л байдаг. Охин хүүхэд нь цэнхэр өнгийн цүнх авахыг хүсэхэд “миний охин энэ чинь цэнхэр өнгөтэй юм байна, эрэгтэй хүүхдийн өнгө шүү дээ” гэж хэлэхийг сонсоод ЯАГААД? гэдэг бодол төрж байсан. Охин гэхээрээ л цэнхэр өнгийн зүйл хэрэглэж болохгүй гэж үү? Бүр цаашилбал маш олон асуудал охин, хүү гэх үгийн ард нуугдаж байдаг. Нийгмээс тогтоосон шаардлага зарчмуудын хүрээнд… Бараг хэвшмэл болгочихсон энгийн мэт харагдах байж боломгүй асуудлууд. Бид яагаад зүгээр нэг нийгмээс тогтоосон шаардлагын хүрээнд охин болж төрснийх нь төлөө шүүмжилж, асуудал болгонд буруутгах ёстой юм бэ? Нийгмийн хандлага гэдэг зүйл өөрчлөгдөхгүй бол хэзээ ч энэ байдал дуусахгүй. Бид л үүнийг хийж чадна” хэмээн Orgilmaa Kh гэх фэйсбүүк хэрэглэгчийн яриаг оруулснаа бичжээ.
Энэхүү пост нь “эмэгтэй болж төрснийхөө төлөө шүүмжлүүлдэг” гэх агуулгыг тодотгохоор эрэгтэй, эмэгтэй хүнд түгээмэл тохиолддог өнгөний талаарх хэвшмэл ойлголтыг ашиглажээ.
Тиймээс нийгэмд уламжлагдан тогтсон “охин-ягаан, хүү-цэнхэр” гэх энэхүү хэвшмэл ойлголт нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг баримтаар шалган судаллаа.
Анх ягаан өнгөөр эрэгтэйг, цэнхэр өнгөөр эмэгтэйг төлөөлдөг байжээ
Тус нийтлэлд цэнхэр өнгийг анх охидтой холбон үздэг байсан бол ягааныг хөвгүүдтэй холбодог байсан тухай онцолжээ. Тодруулбал, Business Insider байгууллагаас бэлтгэсэн “Ягаан өнгө хөвгүүдийнх, цэнхэр нь охидынх байсан бол яагаад өөрчлөгдсөн бэ” гэх бичлэгийг уг нийтлэлд холбосон байгаа юм.
Ягаан бол улаан өнгөний арай эршүүд хувилбар учир эрэгтэйлэг өнгө гэж үздэг байж
Тухайн бичлэгт Английн Бөркбэк Их сургуулийн лектор Гэвин Эвансийн яриаг оруулжээ. Тухайлбал, XIX зууны сүүл, XX зууны эхэн үед “хүүгээ эрэгтэйлэг болгож өсгөхийг хүсвэл ягаан мэтийн эрэгтэйлэг өнгөөр хувцаслах, харин охиноо эмэгтэйлэг болгож өсгөмөөр байвал цэнхэр шиг эмэгтэйлэг өнгийн хувцас өмсүүл” гэсэн зөвлөгөө ээжүүдийн дунд түгээмэл байсан байна. Үүнийг олон шалтгаанаар тайлбарладаг бөгөөд Европт гэхэд л Гэгээн Мариягийн өмсгөл цэнхэр өнгөтэй учраас цэнхэр нь эмэгтэйлэг өнгө гэж тодорхойлогддог байсан аж. Харин ягаан бол улаан өнгөний арай эршүүд хувилбар учир эрэгтэйлэг өнгө гэж үздэг байж.
Ийнхүү явсаар XX зууны дунд үеэс буюу 1950-иад оноос зарим томоохон кампанит аяны хүрээнд ягаан өнгө бол эмэгтэйлэг бөгөөд зөвхөн охидынх гэх мэтээр сурталчилж эхэлснээр уламжлалт хэвшмэл ойлголт хурдтай өөрчлөгджээ.
Жендэрийн хэвшмэл ойлголт ба өнгөний харилцан хамаарлын тухай:
“Жендэрийн хэвшмэл ойлголтын өнгө” судалгаа, 2011
Их Британийн Абэртаяа Их сургуулийн судлаач өнгө ба жендэрийн хэвшмэл ойлголтын уялдааг судалжээ. Түүний үр дүнд:
- Өнгөнд суурилсан хэвшмэл ойлголт нь бага насны хүүхдийн зан байдалд нөлөөлж, чиглүүлдэг
- Хэрэглэгчид хүүхдийн бараа бүтээгдэхүүн сонгохдоо жендэрийн хэвшмэл өнгөний дагуу сонгох нь давамгай байдаг
- Өнгө ба хүйсийн хэвшмэл ойлголт нь насанд хүрэх үед автоматаар идэвхждэг
- Өнгөнд суурилсан хэвшмэл хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалийн зөнг гажуудуулдаг гэсэн үр дүн гарсан байна.
“Хүүхдийн хувцасны өнгө ба жендэрийн хэвшмэл ойлголтын хоорондын хамаарлын судалгаа”, 2023 он
Хятадын эрдэмтэд 2023 онд мэдрэхүйн туршилтын аргаар хүүхдийн хувцасны өнгө, жендэрийн хэвшмэл ойлголтын хоорондын хамаарал, мөн үндсэн механизмыг судалжээ. Гарсан үр дүнг тодруулбал,
- Хүүхдийн хувцсанд түгээмэл ашигладаг нийтлэг өнгүүдийг мэдрэхүйн туршилтад ашиглахад хүйсийн чиг хандлага, жендэрийн хэвшмэл ойлголт нь ихэнх өнгөнд харилцан адилгүй түвшинд хамааралтайг олж тогтоожээ.
- Өнгө нь ихэвчлэн хүйсийн чиг баримжаатай холбоотой байдаг. Жишээлбэл, цэнхэр өнгө ихэнх хүмүүсийн сэтгэлгээнд илүү эрэгтэйлэг санагддаг бол ягаан нь илүү эмэгтэйлэг байдгийг онцолсон байна.
- Жендэрийн хэвшмэл ойлголт нь өнгө сонгоход хүйсийн ялгааг үүсгэдэг бөгөөд хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд эмэгтэйчүүд улаавтар /reddish/ өнгийг, харин эрэгтэйчүүд хөх, цэнхэрдүү /blueish/ өнгийг илүүд үздэг нь тогтоогджээ.
Аливаа өнгийг зөвхөн нэг хүйсэд хамаатуулахын нөлөө
Ягаан өнгийн хувцас нь эрэгтэйчүүдийн жендэртэй холбоотой танин мэдэхүй, хүйсийн үүргийн талаарх хандлагад хэрхэн нөлөөлж байгааг Японы эрдэмтэд судалжээ.
Их сургуулийн бакалаврын 22 эрэгтэй оюутанд ягаан болон цэнхэр өнгийн цув хуваарилан өмсүүлсэн байна. Үүний дараа жендэрийн хэвшмэл ойлголтын далд ухамсрын тест авч, өөрийгөө үнэлэх үнэлэмж, жендэрийн хандлагыг тус тус хэмжжээ. Үр дүнг харвал:
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага оролцогчид ягаан цув өмссөн байхдаа хүчирхэг байдалд чиглэсэн бус хүн хоорондын харилцаанд чиглэсэн шинж чанарууд түлхүү илэрчээ.
- Нөгөө талаас, ягаан цувтай ч өөрийгөө өндрөөр үнэлсэн оролцогчдод эсрэг үр дүн гарсан байна. Тухайлбал, ягаан цувтай үедээ тэд хүн хоорондын харилцаанаас илүү хүч чадалд чиглэсэн шинж чанар түлхүү илэрчээ.
- Өөрийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс тодорхой, хоёрдмол бус үзэл баримтлалтай бөгөөд нийгмийн аливаа тогтсон хэв маягт автдаггүй байна. Харин өөрийгөө үнэлдэггүй хүмүүс тодорхой бус үзэл баримтлалтай бөгөөд хувьсах шинжтэй байдаг аж.
Танин мэдэхүйн онолын үүднээс өөрийгөө үнэлэх үнэлэмж нь далд ухамсарт нөлөөлж, нийгмийн анхан шатны асуудлыг зохицуулдаг байна. Аливаа хэвшмэл ойлголт, үзэл баримтлалд автахад хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нөлөөлдөг бөгөөд хэрэв бага бол хэвшмэл ойлголтод автах магадлал ихэсдгийг энэхүү судалгааны дүнгээс харж болохоор байна. Товчоор хэлбэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай хүмүүс ягаан өнгө эмэгтэйлэг гэгддэг нийтлэг ойлголтод автаж, өөрийгөө дарах, хүчтэй мэт мэдрэхгүй байх зэрэг шинж илэрчээ.
- Өнгөнд ухамсартайгаар анхаарал хандуулах нь жендэрийн хэвшмэл ойлголттой хүмүүсийн нөлөөллийг залруулж болохыг онцолжээ. Жишээ нь, эрэгтэйчүүд ягаан хувцас өмсөх нь хэвшмэл ойлголтыг бууруулж болох юм.
Эрчүүд ягаан өнгийн хувцасыг сонирхдоггүй учир энэ өнгийн хувцас тэдэнд хүчтэй нөлөөлдөг бол цэнхэр өнгийн хувцас эрчүүдэд танил учраас нөлөө маш бага байдаг. Гэхдээ тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж, цэнхэр өнгө нь эрчүүдэд зарим хэвшмэл ойлголтоор өөрийгөө илэрхийлэхэд нөлөөлөх тохиолдол байдаг аж. Тодруулбал, болзооны үеэр цэнхэр хувцас өмссөн эрэгтэй хүн өөрийгөө эрчүүдтэй хамааралтай хэвшмэл ойлголтод хамаатуулж, төстэй шинж төрх илэрхийлдэг.
Энэхүү судалгааны үр дүнгээс харахад жендэрийн хэвшмэл ойлголттой хамаарахуйц өнгөтэй хувцас өмсөх нь жендэрийн талаарх уламжлалт зүйлсийг дахин бататгадаг гэж тайлбарлажээ.
Дүгнэлт
Жендэрийн хэвшмэл ойлголт нь хүмүүсийн амьдрал, нийгэмд тогтмол ашиг тус өгч, үнэт зүйл болж чадахгүй учир хүйс үл хамааран хүн бүр тэгш амьдрах нийгмийг бий болгох нь чухал. Иймд, хүйсийг өнгөтэй хамаатуулсан хэвшмэл ойлголтоос сэргийлж, уламжлалт бус өнгийн зүйл хэрэглэж эхлэх нь хэвшмэл ойлголтыг бууруулах чухал стратегийн нэг гэж судалгаанууд үзсэнийг онцлох нь зүйтэй.