2024 оны 11 дүгээр сарын 10-нд Delgermaa Beckbat (архивлагдсан хувилбар) гэх хаяг дуучин Дидди Комбсын үдэшлэгийн үеэр Америкийн улстөрч Хиллари Клинтоны хүүхэд алж буй бичлэгийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хураан авсан гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэлд дуулиант хэргээр шүүгдэж буй дуучин Дидди болон Хилларигийн зургийг зэрэгцүүлэн Хиллари Клинтон түүн рүү “Дидди надад хоёр хүү хэрэгтэй байна” (Diddy, I need 2 boys) гэх текст бичсэн мэтээр эвлүүлжээ. Түүнчлэн “дуулиант хэрэг”-ийг тайлбарлан “АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Диддигийн үдэшлэг дээр Хиллари Клинтон хүүхэд алж буй бичлэгийг Диддигээс хураан авчээ. Түүний нөхөр Билл Клинтон Эпштейний арал дээр 27 удаа зочилсон гэжээ. Барак Обамагийн нэр ч гарч байна. Kамала Харрис хүүхдийн эсрэг олон гэмт хэрэг үйлдсэн. Одоо Диддигийн шүүх хурал болтол амьдрахгүй байх вий гэж эмээж шоронд суулгаж байна. Хиллари тоо томшгүй олон шуугианаас мултарч чадсан боловч энэ удаа нуух боломжгүй, нөхцөл байдал өөрчлөгдөж, үнэн илчлэгдэж бүхэл бүтэн системийг үндсэндээ ганхуулж буй талаар бичжээ. Улстөрчдийн нэрс үргэлжилж магадгүй.” хэмээжээ.
FACTCHEKC: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Америк дуучин Шон “Дидди” Комбс бэлгийн наймаа, рэкетийн хэргээр шүүгдэхээр болж шүүх хурлыг ирэх жилийн 05 дугаар сарын 05-нд хийхээр товлосон. Түүнийг эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн олон гэмт хэрэгт буруутгасан ба хохирогчдоо чимээгүй байлгах зорилгоор дүрс бичлэг бичиж авч хадгалсан тухай прокуророос 2024 оны 09 дүгээр сард буруутгасан.
Америкийн New York Post мэдээллийн вэбсайтын мэдээлснээр мөрдлөгийн үеэр олж авсан олон арван бичлэгийг үзсэн гэж мэдээлсэн боловч Хиллари эсвэл хүүхэд алсан тухай огт дурдаагүй юм.
Түүнчлэн Диддиг буруутгасан шүүхийн баримт бичигт Хиллари эсвэл хүүхэд алсан бичлэгийн тухай дурдаагүй ба түүнийг “гэмт хэргийн бүлэглэл үүсгэн гишүүд, холбогдогч нар нь бэлгийн наймаа, албадан хөдөлмөр, хүн хулгайлах, галдан шатаах, хээл хахууль болон хууль шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан” гэх хэргээр буруутгасан байна.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг хүүхдийн наймаа зэргийг зохион байгуулсан гэх хуурамч мэдээлэл 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнтэй нь холбогдон түгсэн боловч өнөөг хүртэл энэ талаарх ямар нэг баримт байхгүй эсрэгээр олон дахин няцаагдаж байжээ. Цаашлаад ерөнхийлөгч асан Барак Обама нэр холбогдсон болон ерөнхийлөгч асан Билл Клинтон бэлгийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейний арал руу 27 удаа очсон гэх баримт байхгүй юм.