2024 оны арваннэгдүгээр сарын 4-ий өдөр Хөдөөнизм нэртэй хуудсаас “1978 оны судалгаагаар уг ураны ордыг ашиглаж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Энийг ашиглалтад оруулбал Монгол улсын баруун хязгаар тэр дундаа Ховд аймаг Мянгад сум, Дөргөн сум, Буянт сум, Чандамань сум цаашлаад Завхан аймаг, Увс аймгийн байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдаж биологийн төрөл зүйлийн мөхөл болно. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 15% хордоно. Их нууруудын хотгор. Халзан бүрэгтэй уул Ховд голоос 12 км, Хар-Ус нуураас 19 км, Мянгад сумын төвөөс 16 км, Буянт сумын төвөөс 29 км, Ховд хотоос 51 км орчим зайтай оршдог” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 108 реакц, 29 сэтгэгдэл авч 1000 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Халзан бүрэгтэй нь Улаанбаатар хотоос баруун зүгт 1,400 км, Ховд аймгийн Ховд хотоос хойш 60 км, Мянгад сумын нутагт байрлана. Тус ордод Лантан (La), Церий(Ce), Иттри (Y), Диспрози (Dy), Неодим(Nd) гэх газрын ховор элемент болон бусад ховор металлын нөөц байгаа талаар Эрдэнэс Монгол нэгдлийн албан ёсны хуудаст мэдээлжээ.
- Анх 1983-1985 онд В.И.Коваленко, Г.М.Цариева, А.В.Горегляд нараар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологийн Эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийн хээрийн ажлын үед Халзан бүрэгтэйн боржингийн шүлтлэг массивыг илрүүлж судалсан байна. Энэхүү эрдэм шинжилгээний ажлаар 0.8 кв.км талбайтай тантал, ниобий, цирконы болон ховор шороон элементийн үйлдвэрлэлийн агуулга бүхий ховор металлт шүлтлэг боржингийн биетэд нарийвчилсан судалгаа явуулахыг зөвлөмж болгожээ.
1989-1990 онуудад А.Д.Минин нарын геологийн зураглалын Баяннуурын анги хээрийн ажлаар уг илрэл дээр хээрийн маршрут, сорьцлолтын ажил гүйцэтгэсэн. Халзан бүрэгтэйн ордын талбайд геохимийн сорьц болон ГХЭ-үүдийн хүдрийн дээжийг анхан шатны судалгаанд зориулан цуглуулсан байна. Улмаар 1990 оны 02 сарын 14 өдөр онд БНМАУ-ын ГУУЭХЯ-аас санаачилга гаргаж тус илрэл дээр Зөвлөлтийн эрэл-үнэлгээний анги ГХШЭ-ий эрэл-үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн талаар Үндэсний геологийн албаны мэдээлэлд дурджээ.
Дүгнээд хэлбэл, 1983 оноос Халзан бүргэтэй ордын нөөцийг анх судалж эхэлсэн бөгөөд “1978 оны судалгаагаар уран ашиглахыг хориглосон” гэх мэдээлэл нь зохиомол юм.