Жак Янг эмч “Би Имане Хэлиф гэдэг хүний талаар ямар ч тайлан бичиж байгаагүй” гэжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1190

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“2024 оны Парисын олимпын эмэгтэй боксын аварга Имане Хэлиф төрөлхийн эрэгтэй хүн болох нь тогтоогджээ” хэмээн түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

“Le Correspondant”-ийн нийтлэлд дурдагдсан Имане Хэлифийн эрүүл мэндийн үзлэгийн тайланг бичсэн гэх Жак Янг эмч Хэлифийн талаар ямар ч эмнэлгийн тайлан гаргаагүй гэжээ.

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Францын “Le Correspondant” вэбсайт дээр нийтлэгдсэн Жаффар Аит Аудиа сэтгүүлчийн нийтлэлд тэрээр “Имане Хэлифийн эрүүл мэндийн үзлэгийн тайланг Парис дахь Кремль-Бикетр /Kremlin Bicêtre/ эмнэлэг болон Алжирын Мохамед Ламин Дебагин /Mohamed Lamine Debaghine/ эмнэлгээс авч чадлаа. 2023 оны 6 дугаар сард Жак Янг болон Сумейа Федала эмчийн өгсөн уг тайланд “2-р хэлбэрийн альфа-5-редуктазын дутагдал, тестостерон ба дегидроэпиандростерон дааврын бодисын солилцооны асуудал үүсгэдэг генетикийн гажигтай гэсэн байна” хэмээн дурджээ.

Дээрх нийтлэлийг Indian Express эх сурвалжаа болгон “Парисын алтан медальтай Имане Хэлиф эрэгтэй гэдэг нь эрүүл мэндийн үзлэгийн тайлангаар батлагджээ” гэх гарчиг бүхий нийтлэл гаргажээ. Монголын зарим хэвлэл Indian Express-ийн нийтлэлийг эх сурвалжаа болгон орчуулан түгээснийг энд, энд болон эндээс үзээрэй.

2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ /IFCN/-ний гишүүн, Португалийн “Poligrafo” дээрх мэдээлэлд баримт шалгалт хийжээ. Уг баримт шалгалтад:

“Нийтлэлд дурдагдсан хоёр эмчийн нэг болох Жак Янгтай /Jacques Young / бид холбогдон тодруулахад “Би Имане Хэлиф гэж хүний тухай хэзээ ч бичиж, нийтэлж байгаагүй. Ташаа мэдээлэл байна” гэв. Мөн бид нөгөө эмч болох Сумейа Федала болон “Le Correspondant”-д нийтлэл бичсэн Жаффар Аит Аудиа сэтгүүлчтэй холбогдож тодруулга авах гэсэн боловч хариу өгөөгүй” гэсэн байна.

“Хэрэв “2-р хэлбэрийн альфа-5-редуктазын дутагдал, тестостерон ба дегидроэпиандростерон дааврын бодисын солилцооны асуудал үүсгэдэг генетикийн гажигтай” гэсэн онош нь үнэн гэж үзлээ гэхэд клиникийн түүх, биологийн болон дааврын өгөгдөл, рентген шинжилгээний мэдээлэл, сэтгэл зүй, мэдрэл сэтгэцийн шинжилгээ зэрэг бусад үзүүлэлтээрээ Хэлиф нь эмэгтэй хүн гэдгийг харуулж байгаатай тохирохгүй юм” гэжээ.

BBC агентлаг мөн энэ талаар мэдээлэл гаргасан ба “Le Correspondant”-ийн гаргасан мэдээллийг нотлох боломжгүй гэжээ.

BBC-ийн мэдээнд:

Хэлиф уг ташаа мэдээллийг тараасан хүмүүсийг шүүхэд өгөхөөр зэхэж байгаа гэж Олон Улсын Олимпын Хороо мэдэгдсэн” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document