2024 оны наймдугаар сарын 31-нд Vadaa Shop нэртэй хуудаснаас “Биеэс хор гадагшлуулан тураагч… Цэвэр ургамлын гаралтай биеэс бүх хорт бодисыг гадагшлуулж дотор эрхтний хууч өвчнийг эмчилж тураана. Үе мөчний өвдөлт, судас бүдүүрэл, хаван хавдалт, хөл гараар цус бүрэн гүйхгүй үе (байнга хүйтэн байдаг), бөөр нуруу өвддөг, илүүдэл жинтэй хүн болгонд зориулав. Найрлага: пропилен, гликол, анжелика ротунда цэцгийн үндэс, артемиса цэцгийн ханд, үндэслэг цэцгийн ханд, цагаан гааны үндэс, буплеврын ханд, мирра цэцгийн ханд, навчны ханд, лаванда цэцгийн ханд, гүрмерийн ханд, өвс жимсны ханд зэрэг цэвэр ургамлын гаралтай. Хэрэглэхдээ: Халуун усанд 1-2 ширхгийг хийж, 3-5 минут дэвтээсний дараа, хөлөө хийнэ (15-30 минут)” тайлбартайгаар усанд бөмбөлөг хийж хөлөө дүрж буй бичлэгийн хамт нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 1,200 гаруй сэтгэгдэл авч, 520 удаа цааш түгээгджээ.
Хөлөө ямар нэг бүтээгдэхүүнтэй бүлээн усанд дүрэх нь биеэс хорыг гадагшлуулж, хууч өвчин эмчилж, тураахгүй ба үүнийг нотлох судалгаа байхгүй.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд харуулсан “биеэс хорыг гадагшлуулан тураагч” гэх бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад 18 төрлийн эмийн ургамал агуулсан хөлөө дүрэх зориулалттай бүтээгдэхүүн гэх мэдээлэл хятад болон англи хэлээр Aliexpress, Taobao, ebay зэрэг худалдааны сайтад төрөл бүрийн үнэтэй зарагдаж байгаа илэрц гарч ирлээ. Эдгээр сайтад бүтээгдэхүүнийг тайлбарлахдаа биеэс хорыг гадагшлуулах, тайвшруулах үйлчилгээтэй, ядаргаа тайлах гэх мэт үйлчилгээг бичжээ. Тухайлбал, Америкийн ebay худалдааны сайтад биеэс хорыг гадагшлуулах гол үүрэгтэй ба цусны эргэлтийг сайжруулах, ядаргаа тайлж, арьсанд тэжээл өгөх хятадын уламжлалт ургамлын холимог гэж тайлбарласан бол хятадын Aliexpress худалдааны сайтад хөл арчилгааны хэрэгсэл ба цэвэрлэх, тэжээл өгч, сэргээх үйлчилгээтэй хэмээн тайлбарлажээ. Эдгээр нь шинжлэх ухааны баталгаатай судалгаа, нотолгоогүй бөгөөд ялгаатай тайлбарууд хийсэн зэрэг нь бүтээгдэхүүний хуурамч сурталчилгаа болохыг харуулж байна.
Бидний өмнө шалгасан биеэс хорыг гадагшлуулах бүтээгдэхүүний тухай баримт шалгалтад хөлөө ямар нэг бүтээгдэхүүн, бодистой усанд дүрэхэд биеэс хорыг гадагшлуулдаг тухай шинжлэх ухааны нотолгоо, судалгаа огт байхгүй тухай дурдсан.
Энэ удаагийн шалгасан мэдээлэлд “биеэс хорыг гадагшлуулагч тураагч” хэмээн нэрлэсэн нь тус бүтээгдэхүүнийг хийсэн усанд хөлөө дүрснээр турах мэт ойлголт өгчээ.
PubMed, Google Scholar болон ResearchGate судалгааны сангаас “Хөлөө усанд дүрэхэд жин хасна” гэх түлхүүр үгээр хайхад энэ тухай судалгаа огт байхгүй байна. Харин хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулах, нойрны чанарт нөлөөлөх зэрэг тухай цөөн судалгааны ажил бий. Тухайлбал,
- 2013 онд хийсэн “хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: санамсаргүй эмнэл зүйн туршилт” судалгаагаар нойрны чанарт нөлөөлдөг болохыг харуулжээ.
- 2016 онд хийсэн судалгаагаар өдөр бүр 40 хэмийн температурт 30 минут хөлөө дүрэх, угаах эмчилгээ нь ахмад настнуудын нойрны чанарыг сайжруулахад үр дүнтэйг харуулсан.
Дээрх туршилтуудад ямар нэг бүтээгдэхүүн, нэмэлт бодис ашиглаагүй, зөвхөн ус ашигласан аж. Мөн 2024 онд хийгдсэн ахмад настнуудын нойрны чанарт нөлөөлөх тухай системчилсэн тойм судалгааны үр дүнд хөлөө халуун устай ваннд дүрэх нь нойрны чанарыг сайжруулах нөлөөтэйг харуулжээ.
Эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг хүргэж, баримт шалгалт хийдэг Энэтхэгийн THIP Media баримт шалгах төвөөс шахмал бүтээгдэхүүн хийсэн хүйтэн усанд хөлөө дүрснээр жин хасах тухай мэдээлэлд баримт шалгалт хийж худал хэмээн тайлагнасан. Тус баримт шалгалтад “Хөлөө усанд дүрэх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулж, мөөгөнцрийн халдварыг арилгахад тусалдаг болохыг бид мэднэ. Гэвч хөлөө усанд дүрэхэд жин хасдаг болохыг судалгаагаар тогтоогоогүй” хэмээн дурджээ.
Сүүлийн үед тураах бүтээгдэхүүн гэх нэрийдлээр ямар ч үр нөлөөгүй бүтээгдэхүүнийг хэт магтах, хялбар аргаар турах боломжтой мэт ойлгуулж борлуулах нь элбэг болсон . Тэгвэл залилан мэхлэх, хуурах, шударга бус бизнесийн үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commission)- оос “Тураах сурталчилгааны цаад үнэн” гэх нийтлэлийг албан ёсны сайтаараа дамжуулан хүргэжээ. Тус мэдээлэлд “Хүн бүрд тохирох нэг төрлийн бүтээгдэхүүн байхгүй. Хүн бүрийн дадал зуршил, эрүүл мэндийн асуудал өөр өөр байдаг” гэдгийг сануулсан бөгөөд зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хийхгүйгээр жин хасах шидэт арга байхгүйг тайлбарлажээ.
“Чихрийн шижинтэй бол хөлөө халуун, бүлээн усанд эмчийн зөвлөмжгүйгээр дур мэдэн дүрж болохгүй” тухай АНУ-ын Чихрийн шижинтэй хүмүүсийн холбоо албан ёсны сайтдаа мэдээлэл нийтэлжээ.