Энергийн ундааг хэтрүүлж уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч, хорт хавдар үүсгэдэг гэх баримт одоогоор байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1188

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Казакын Рекитер киноны Руслан буюу Мурат бэлтгэлдээ орохдоо энергийн ундаа их уудаг байжээ. Киног нь үзэх дуртай байсан жүжигчин маань элэгний хорт хавдрын эдгэшгүй шатандаа орсон бололтой. Чихэрлэг ундааны гаралтай болохоор “элэгний өөхжилт-хатуурал-хорт хавдар” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Жүжигчин Мурат Бисенбин нойр булчирхайн хорт хавдар гэсэн оноштой бөгөөд хавдраар өвдсөн шалтгааны нэг нь “6 жилийн турш өлөн элгэн дээрээ энергийн ундаа ууж байсантай холбоотой байж магадгүй юм” гэж хэлжээ. Гэсэн ч өвчний шалтгааныг юунаас болсон талаарх нотолгоо баримт үзүүлээгүй ба энергийн ундаа нь хавдар үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны бодитой баримт одоогоор байхгүй байна.

2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Дэлхийн Монголчуудын – MGLRADIO 88.3 сонсогчдын нэгдсэн групп” нэртэй Фэйсбүүк группт Nyamka SB гэх хэрэглэгч “Казакын Рекитер киноны Руслан буюу Мурат бэлтгэлдээ орохдоо энергийн ундаа их уудаг байжээ. Киног нь үзэх дуртай байсан жүжигчин маань элэгний хорт хавдрын эдгэшгүй шатандаа орсон бололтой. Чихэрлэг ундааны гаралтай болохоор “элэгний өөхжилт-хатуурал-хорт хавдар” хэмээн түгээжээ.

Казакстаны жүжигчин Мурат Бисенбин телевизийн нэвтрүүлэгч Динара Сазханд өгсөн ярилцлагадаа хорт хавдрынхаа шалтгаан болон эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар ийн ярьжээ.

  • “Жил бүр урьдчилсан оношилгоонд орж байх хэрэгтэй. Мөнгө нь байвал яг одоо гараад үзүүлэх хэрэгтэй. Маргааш юу идэх уух, яаж мөнгө олох бол дараагийн асуудал. Үгүй бол та мянга, мянган долларыг эрүүл мэнддээ зарцуулах болно. Зөвхөн хавдар ч биш, өөр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Эцэс сүүлд нь над шиг битгий эрүүл мэнддээ анхаараагүйдээ харамсаарай.”

Мурат Бисенбин: “Ямар ч дасгал хөдөлгөөн хийсэн, ерөөсөө жин нэмэгдэхгүй байсан.” гэжээ.

“Би 6 жилийн турш мацаг барьж, спортоор хичээллэж байна. Тэгсэн хэдий ч миний жин өөрчлөгдөхгүй хэвээр байсаар байлаа. Манай эхнэр үүнийг ажиглаж, анхаарч эхэлсэн юм. Хэрэв таны ходоод асуудалгүй л бол ойр ойрхон мацаг барих нь сайн хэрэг. Миний хувьд 6 жилийн турш өлөн элгэн дээрээ энергийн ундаа ууж байсан. Мөн өглөөнөөс орой хүртэл сахаргүй кола ууж хэвшсэн байлаа. Хавдраар оношлогдсон шалтгаануудын нэг маань эдгээр хортой уух зүйлс байж магадгүй юм”

Мөн Мурат Бисенбиний Tengrinews.kz-д өгсөн мэдээлэлд тэрээр, “Эмч нар намайг нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилсон. Би хавдар судлалын төвд 4 курсийн хемотерапи эмчилгээнд хамрагдсан. Одоо харин нөхөн сэргээх тал дээр анхаарч байгаа. Яг хэд орчим үнэтэй болохыг мэдэхгүй байгаа ч бид нар Турк улсад 20 орчим мянган долларын үнэтэй эмчилгээ байдгийг олж мэдсэн” гэжээ.

Энергийн ундаа хавдар үүсгэдэг үү?

Одоогийн байдлаар энергийн ундаа нь хавдар үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны бодитой баримт байхгүй хэдий ч өдөр бүр тогтмол энергийн ундааг хэрэглэх нь зүрхний гажиг, таталт өгөх зэрэгт нөлөөлдөг гэсэн баримт бий.

  • Иймд өдөр тутамдаа энергийн ундаа хэрэглэхгүй байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Дүгнээд хэлбэл, жүжигчин Мурат Бисенбин элэгний хорт хавдар бус нойр булчирхайн хорт хавдар гэсэн оноштой бөгөөд одоогийн байдлаар хемотерапи эмчилгээнд хамрагдаад, нөхөн сэргээх шатандаа явж буй аж. Мөн тэрээр хавдраар өвдсөн шалтгааны нэг нь “6 жилийн турш өлөн элгэн дээрээ энергийн ундаа ууж байсантай холбоотой байж магадгүй юм” гэж хэлсэн ч өвчний шалтгааныг юунаас болсон талаарх баримт үзүүлээгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document