Компьютер томографт үзүүлэхэд хавдар тусах эрсдэл нэмэгддэг гэсэн мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1186

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“CT буюу (Компьютер томограф)-т үзүүлбэл хавдар тусах магадлал ихэснэ” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Кондо Макотогийн судалгааг эсэргүүцдэг олон төрлийн эмч, мэргэжилтнүүд байдаг учраас хэт нэг талыг  барьж болохгүй. Компьютер томографын цацраг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй эсэх талаар илүү нарийн батлагдсан судалгаа хомс байна.

2024 оны аравдугаар сарын 28-ний өдөр Batchuluun Natsagdorj нэртэй хаягаас “CT буюу (Компьютер томограф)-т үзүүлбэл хавдар тусах магадлал ихэснэ” гэсэн гарчигтай пост нийтэлжээ. Уг нийтлэлд “Японы хавдар судлалын нэртэй эмч, хавдар судлалын судалгааны төвийн захирал асан Кондо Макото эмчийн ийм нийтлэл байна. Энд CT (Компьютер томограф)-т үзүүлбэл хорт хавдар тусна гэдгийг судалгаан дээр үндэслэж тайлбарласан байна.  СТ-д үзүүлж байсан хүмүүсийн шинжилгээний үр дүнг харьцуулан судалсан хоёр жишээг (эхнийх нь Англид 180,000 хүн, дараагийнх нь Австралид 650,000 хүн) харуулжээ.  ОУЦХХ (олон улсын цацрагаас хамгаалах хороо)-оос хүн жилдээ 1 мЗв (миллизиверт) цацрагийн шарлагад өртөхөд аюулгүй гэж тогтоосон. Гэтэл КТ нь рентген туяа (x ray) ашигладаг бөгөөд биеийн аль хэсгийг шинжлүүлэхээс хамаарч 10-60 мЗв цацраг туяанд (бүтэн бие бол 60 мЗв) хүн өртдөг гэж байна. Нэг удаа үзүүлэхэд 15-20%, 2 ба түүнээс дээш үзүүлэхэд 20-48% хавдар тусах эрсдэл нэмэгддэг гэнэ. Учир нь рентген туяа нь хүн хэвийн эс, эд эрхтнийг гэмтээж, эсийн гений бүтцэд шууд нөлөөлж мутаци хэлбэрт оруулдаг” гэжээ. 

Гэхдээ дан ганц цацрагийн нөлөө бус бусад агаарын бохирдол, янз бүрийн нэмэлттэй болон гений өөрчлөлтэй хоол хүнс, химийн бодис ч хүний бие генд нөлөөлж, хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн агуулгыг дурджээ. Уг пост 140 реакц, 10 сэтгэгдэл авч 246 удаа цааш түгээгдсэн байна. 

Бид компьютер томографт үзүүлбэл хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг гэсэн мэдээллийг шалгахдаа Японы “Литмус” баримт шалгах төвөөс дэмжлэг хүслээ. Уг дэмжлэгийн хариуд “Литмус” баримт шалгах төвийн Отани Томоя “Доктор Кондо Макото бол бестселлер зохиолч гэгддэг эмч байсан. Тэрээр “Кондо Макото Хавдрын Институт” нэртэй хувийн судалгааны хүрээлэн байгуулж, уламжлалт эмчилгээг эсэргүүцэж байсан. Түүнийг мэс засал, хими эмчилгээг эсэргүүцэж “хавдрын псевдо онол” (дуураймал хорт хавдрын онол), “биеэ чагнаж, хүлээх эмчилгээ” буюу хорт хавдрыг үл тоомсорлох онол гэх мэт маргаантай онолыг сурталчилсан гэж олон эмнэлгийн мэргэжилтнүүд шүүмжилсэн байдаг” гэлээ.

Кондо Макотогийн судалгааг эсэргүүцсэн мэргэжлийн хүмүүсийн олон тооны, судалгаа, нийтлэл байдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэдэг сайтад Ниппон Анагаах Ухааны Их Сургуулийн Мусаши-Косүги эмнэлгийн хавдар судлалын тэнхимийн эрхлэгч, Амбулаторийн хими эмчилгээний тэнхимийн захирал профессор Нориюки КацуматаДоктор Макото Кондогийн дэвшүүлсэн ”хорт хавдрыг үл тоомсорлох онол”-д итгэж, эрт үе шатанд илэрсэн хорт хавдар нь даамжирдаг өвчтөнүүдийн тоо олон. Хавдрын мэс засал нь насыг богиносгож, хорт хавдрын эсрэг эм нь үр дүнгүй, эрүүл мэндийн үзлэг нь утгагүй гэх мэт хорт хавдрын стандарт эмчилгээг бүрэн үгүйсгэдэг. Үүнээс үүдэн олон хүмүүс хохирдог учраас Кондогийн онолыг эрс няцаах ёстой” гэж үзсэн байна.

Компьютер томографын талаарх түүний аргументыг зарим эрдэм шинжилгээний өгүүллэг иш татсан байдаг. Тэдгээр өгүүллэгүүд нь компьютер томографын цацраг туяанд өртөх нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай гэжээ. Жишээлбэл, Британийн анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн 2013 оны “Хүүхэд болон өсвөр насандаа компьютер томографын шинжилгээнд хамрагдсан 680 000 хүний хорт хавдар үүсэх эрсдэл “-ийн судалгаанд 60 674 хорт хавдар бүртгэгдсэнээс 680 211 хүний 3150 нь хорт хавдрыг оношлохоос дор хаяж нэг жилийн өмнө Компьютер томограф шинжилгээнд хамрагдсан үзүүлэлттэй байжээ.  Судалгааны дүгнэлтэд компьютер томографын насан туршийн эрсдэлийг тодорхойлох боломжгүй. Ирээдүйд компьютер томографын цацрагийг хамгийн бага тунгаар оношлох, оновчтой технологийг бий болгох хэрэгтэй гэж үзжээ.

Компьютер томографын ашиг тус нь болзошгүй эрсдэлээс илүү үзүүлэлттэй хүмүүсийн өвчин, эмгэгийг илрүүлж, хариу арга хэмжээ авахад тусалдаг. Иймд нэг төрлийн судалгаагаар үгүйсгэж болохгүй. Энэ мэдээллийн талаар нарийн, батлагдсан судалгаа хомс байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document