“Ураны цацрагт хордсон голомт” гэх зураг төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1184

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ураны цацрагт хордсон голомт” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан зурагт эх сурвалжаар дурдсан ТББ нь судалгаа хийдэггүй ба зураг дахь сумдад цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй.

2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Энх Цэцэг.С Энх Цэцэг.С нэртэй хаягаас “Ураны цацрагт хордсон голомт” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Тухайн зурагт “Дорноговь аймгийн ураны цацрагийн хордлогын голомт, тархсан цар хүрээ хил хязгаар хамрагдсан сумд” гэсэн тайлбартай аймгийн газрын зурагт Улаанбадрах сумаас ураны хорт цацраг илэрч, Сайхандулаан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Замын Үүд, Хөвсгөл сумд түгсэн мэт ойлгогдохоор байна. Уг пост 231 удаа цааш түгээгджээ. 

Шалгасан зурагт буй мэдээллийг судалсан гэх “Эвийн Хүч Эх Нутгийн Төлөө” ТББ-ыг нээлттэй мэдээллийн сангаас хайхад “Орон нутгийнхаа хөгжил, ард иргэдийн төлөө тав тухтай аюулгүй орчныг бүрдүүлэх, соёл спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд байгууллагатай хамтран дэмжиж ажиллах, сургалт сурталчилгаа явуулах” чиг үүрэгтэй гэж тодорхойлсон, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байна. Тухайн байгууллагын хуудсанд вэбсайт, YouTube сувгийн хаягаа хавсаргасан байна. ekh-oron.com гэх вебсайтын мэдээллийг who.is хэрэглүүрээр хайхад гаднын бүртгэлтэй домэйн хаяг илэрлээ.

Тус байгууллагын ekh-oron.com гэх домэйн хаягийг 2023 оны 02 дугаар сарын 7-нд домэйн нэр, вэб хостинг болон интернэтийн бусад дэд бүтцийн үйлчилгээг борлуулдаг Key systems мэдээллийн технологийн компаниас авсан байна.

Уг ТББ нь итгэмжлэгдсэн судалгааны байгууллага биш бөгөөд цацраг идэвхт бодист хордсон гэх дээрх мэдээлэлд шинжилгээний нотолгоо, судалгааны үндэслэл, арга зүй гэх мэт мэдээлэл байхгүй байна. Уран нь байгальд байдаг элемент бөгөөд зохих хэмжээнээс хэтэрсэн талаарх шинжилгээний дүгнэлт байхгүй.

Уг зургийн огноог 2019 он гэж бичсэн ба тухайн үед уранд хордсоны улмаас төл мал гажигтай гарсан гэх мэдээллүүд цахим сүлжээнд тараад байсан. Уг мэдээллийн талаар холбогдох албан байгууллага болон Дорноговь аймгийн захиргаанаас мэдэгдэл хийж байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. Жишээлбэл, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Баярмандахын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагад “2022 онд аймгийн хэмжээнд ургийн гажигтай төл төллөсөн гэх гурван дуудлага бүртгэгдсэн. Тодруулбал, Эрдэнэ, Улаанбадрах, Айраг сумаас нэг, нэг дуудлага ирсэн. Дуудлага ирсэн газруудад аймгийн Мал эмнэлгийн газрынхан шуурхай очиж ажилласан. Уран, хүнцэл зэргээс болоогүйг тогтоосон. 2023 онд төл малтай холбоотой нэг ч дуудлага, мэдээлэл аймгийн хэмжээнд ирээгүй” гэсэн байна. Нэмж дурдахад, 2019 онд урантай холбогдуулан Улаанбадрах суманд гажигтай төл гарсан тухай мэдээлэл нотлогдоогүй байсан. Үүнийг дараагийн жилүүдэд судалгаа хийж, албаны мэдээллээр няцаасан тул уранд хордсон тухай хайлтын он сар 2019 оноос хойшоо илэрч байгаа юм. Түүнчлэн урантай холбогдуулан ор үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээсэн зарим этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж байжээ.

Дорноговь аймагт усан дахь ураны илэрцийг судалжээ

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн химийн шинжлэх ухааны магистр Ө.Ариуны зүүн аймгуудын усан дахь ураны агууламжийн судалгаанд Сайншандын зүүн талд 20 км зайтай Нарстын ураны илэрцээс хамаарч Алтанширээ болон Хөвсгөл аймагт усан дахь ураны агууламж өндөр байна гэжээ.

Алтанширээ, Хөвсгөл, Хатанбулаг, Айраг, Өргөн, Эрдэнэ, Замын- Үүд, Сайншанд сумдын худгуудын усны ураны агуулга 31 мкг/л-ээс 347 мкг/л-ийн хооронд байгаа нь Говь-Тамсагийн уран агуулсан их мужид багтах Сайншандын сав газартай холбоотой гэжээ.

Мөн Mongolian mining сэтгүүлд Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Э.Нямдаваа “Улаанбадрах сумын нутаг дахь тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэг дээр их. Гэвч тэр цэгээс 10-100м холд цацраг нь байгалийн, энгийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ зарим булгийн усыг унданд удаан хэрэглэх нь эрсдэлтэй тул цэвэршүүлэн хэрэглэх шаардлагатай. Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй” гэжээ.

Нэмэлт мэдээлэл

Уран гэж юу вэ? 

Дэлхийн цөмийн холбооны мэдээлснээр “Уран бол цөмийн реакторын гол түлш бөгөөд 60 гаруй жилийн турш төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж ирсэн хүнд металл юм.  Цацраг идэвхт задрал байнга явагдаж байдаг. Үүнээс олон төрлийн бүтээгдэхүүн цөм үүсдэг ч дийлэнх нь цацраг идэвхгүй байна. Байгаль дээр ураны – 238, -234, -235 гэсэн гурван төрөл зүйл нь оршдог. Одоогоор уран -235-ыг цөмийн түлшээр ашигладаг. Уран дэлхийн доторх дулааны гол эх үүсвэр болж, конвекц болон эх газрын шилжилтийг үүсгэдэг. Уран нь ихэнх чулуулаг, тэр ч байтугай далайн усанд бага хэмжээгээр агуулагддаг байна” гэжээ.

Ураны олборлолтын тухай

Дэлхийн цөмийн холбооны нийтлэлд дурдсанаар 2021 оны ураны нөөцийг улсаар харуулсан үзүүлэлтэд Монгол Улс эхний арван улсын тоонд оржээ. Харин үйлдвэрлэлээр Казахстан, Канад, Намиби улс тэргүүлсэн байна.

Уурхайн олборлолтын арга нь

(ISR) буюу уусмал олборлох- 27,773 56%
Далд ба ил уурхай-18,569 38%
Дайвар бүтээгдэхүүн- 3013 6% гэсэн замаар явдаг байна.

Харин манай улсын хувьд уран олборлох талаар Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн сайтад нийтлэгдсэн ШУТИС-ийн Материалын технологийн  сургуулийн Хэрэглээний физикийн багийн тэргүүлэх профессор, цөмийн физикч, Үл эвдэх сорилтын Монголын Нийгэмлэгийн тэргүүн Б.Түмэндэмбэрэлийн ярилцлагад дурджээ. Тэрээр “Ураны химийн концентратаас цааших боловсруулалтыг манай улс хийх шинжлэх ухаан технологийн боломж байхгүй шүү дээ. Монголын нутаг дээр ураныг  шар нунтаг болтол боловсруулна. Ураны нөөцийг тодорхой тогтоосны дараа бусад ашигт малтмалтай адил хуулийн дагуу гүйцэтгэгчийг шалгаруулаад ашиглах боломжтой. Яг олон улсын түвшинд ашиглаж чадна. Ураны уурхай ердийн алт, зэсийн уурхайгаас ялгаатай нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хяналтад бүх үйл ажиллагааг явуулдаг. Хэчнээн хэмжээний  уран олборлож байна, хэдий хэмжээг нь ашиглаж, тээвэрлэх үү гэх зэрэг нь ил явагдах ёстой” гэжээ.

АНУ-д төвтэй Цөмийн энергийн газраас ураныг дэлхий даяар анагаах ухаан, аж үйлдвэр, батлан ​​​​хамгаалах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор ашигладаг гэсэн байна. Ураныг зөвхөн цөмийн зэвсэг хийхэд ашигладаг гэсэн ойлголт байдаг. Гэвч дан ганц цөмийн зэвсэг бус эрчим хүч, цөмийн төхөөрөмжүүдийн цацрагийг хамгаалах контейнер, сансрын хөлөг ба цэргийн машины хуяг, онгоц, нисдэг тэрэг, их бууны сумны зэв хийхэд ашигладаг.

Түүнчлэн ураныг чулуулгаас хэрхэн салгаж байгаагаас үл хамааран олборлох явцад цацраг идэвхт хаягдал үүсдэг. Үүнийг зөв зохицуулалт хийж, аюулгүй ажиллахгүй бол уурхайн хаягдал нь байгаль орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг байна.

 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document