Search

“Гахайн мах хор болжээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1182

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гахайн мах хор болсон гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэл нь 2008 оны үед Хятадын интернэт орчинд тархаж, тухайн үед Хятадын холбогдох байгууллага, төлөөлөгч няцаасан мэдэгдэл хийж байсан. 2008 оноос хойш хэд хэдэн удаа тархаж байгаа мэдээлэл юм. Монгол Улсын хувьд хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх барааны жагсаалтад гахайн мах, гахайн дайвар бүтээгдэхүүнүүд ордог. Шинжилгээний дүнд зөрчил илэрсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд экспортлогч улс руу буцаах, буцаагаагүй тохиолдолд устгалд оруулдаг байна.

2024 оны 10-р сарын 20-нд Мэдээлэл нэртэй хуудаснаас “Гахайн мах хор болжээ. Бүү идээрэй” гэх гарчигтай мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэлд гадуур зарагдаж буй гахайн махнууд бүгд хятадаас орж ирж байгаа, хятадууд гахайн махны тэжээлд нэмэлт бодис хольдог, антибиотик, дааврын эмээр хооллодог, 5-6 сартай тооройг том гахай болгон хувиргадаг бөгөөд 200-300 кг жинтэй болгодог гэх агуулгыг дурджээ. Шалгасан мэдээлэл нь нийт 195 реакц, 49 сэтгэгдэл авч, 5,300 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Гахайн мах хортой гэх нийтлэлийн эх хувилбар

Шалгасан мэдээлэлд дурдсанаар “Tianya” интернэт форумаас “Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил” (在中国吃猪肉等于自杀) гэх түлхүүр үгээр хайхад илэрц олдсонгүй. Үргэлжлүүлэн тус түлхүүр үгээр хятадын Weibo болон Baidu зэрэг том платформоос хайхад шалгасан мэдээлэлтэй холбоотой мэдээ, нийтлэлүүд 2008 оноос эхлэлтэй байна. Тухайлбал, 2008 оны 10-р сарын 21-нд Sina мэдээллийн сайтад нийтлэгдсэн мэдээлэлд Сычуань мужид сувилагчаар ажиллахаар ирсэн эмэгтэй мужийн гахайн махны тухай анхааруулга нийтэлсэн нь интернэт орчинд шуугиан тарьж буй тухай болон тус мужийн мал аж ахуй, хүнсний товчооны орлогч даргын няцаалт болон экспертийн ярилцлагыг буулгажээ.

2012 оны 11-р сарын 26-нд People’s daily сонины цахим хувилбар болох сайтад нийтлэгдсэн “Мэргэжилтнүүд гахайн мах идэх нь амиа хорлохтой адил гэдгийг үндэслэлгүй гэж үзсэн” тухай мэдээлэлд интернэт орчинд эрчээ авч буй хуучин постын тухай нийтэлжээ. Хятадын Хөдөө Аж Ахуйн яамны төлөөлөгч People’s Daily сонинд “Манай улс гахайн тэжээлийн аюулгүй байдлыг тухай сүүлийн 3 жилийн хугацаанд санамсаргүй байдлаар шалгалт хийхэд гахайн тэжээлийн чанар, эрүүл ахуйн үзүүлэлт 90-ээс дээш хувиар давж гахайн махны аюулгүй байдлыг ерөнхийд баталгаажуулсан” хэмээн мэдээлжээ.

Мөн тус нийтлэлд  Сычуань  мужийн мал аж ахуйн хүнсний товчооны холбогдох мэргэжилтэн гахай хурдан өсөж таргалах гол шалтгаан нь сайн үүлдрийн гахай, тэжээлийн аюулгүй байдал, үржлийн орчин гэх гурван зүйлээс шалтгаалдаг болохыг дурджээ. Мөн Хятадын Хөдөө аж ахуйн Академийн, хөдөө аж ахуйн эдийн засгийн, хөгжлийн хүрээлэнгийн “Эдийн засгийн дуу хоолой”-ны тусгай тоймч Ху Динхуан урт хугацааны судалгааны ажилдаа тулгуурлан, сайн гахай, тэжээл сайтай, орчин сайтай байх нь өсөлтийн мөчлөгийг богиносгодог гэж тайлбарлажээ

Монголд орж ирж буй импортын гахайн махны тухай мэдээлэл

Гаалийн цахим үйлчилгээний системээс Монгол Улсад 2024 онд БНСУ, БНХАУ, Испани, Канад, Мексик, ОХУ, Польш, Франц, ХБНГУ, болон Япон гээд нийт 10 улсаас гахайн махыг импортоор оруулж ирсэн. Тоо хэмжээгээр нь харвал импортоор орж ирж буй гахайн махны дийлэнх хувийг ОХУ-аас буюу нийт 6,913 тонн гахайн махыг импортолсон байна. Түүний дараа Хятадаас 120 тонн, Польшоос 89 тонн гахайн мах импортолжээ.

Эх сурвалж: Гаалийн цахим үйлчилгээний систем

Гаалийн Ерөнхий газрын даргын 2024 оны А/422 дугаар тушаалаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын нэгдүгээр хавсралт “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт”-ын 8. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хэсэгт Гахайн мах, дайвар бүтээгдэхүүн багтсан байна.

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 6.1-д “Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ” хэмээн заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Фермийн гахайн тухай нэмэлт мэдээлэл

Гахайн үүлдрээсээ хамаарч 300 кг хүртэлх жинтэй байдаг бөгөөд дийлэнхдээ дунджаар 135 кг байдаг байна. Гахайг ерөнхийдөө 6 сар хүрэхэд зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон гэж үздэг аж.

 АНУ-ын Үндэсний гахайн махны зөвлөл болон Pork Check-off  үндэсний хөтөлбөрийн сайтад зах зээлийн гахайн худалдааны амьдралын мөчлөгийг харуулжээ. Тэрээр амьдралын мөчлөг нь ойролцоогоор 25-28 долоо хоног буюу 6-7 сарын хугацаанд ойролцоогоор 130 кг (280 pound) хүрдэг байна. 16-17 хоногтой гахай өдөрт 3-5 кг тэжээл идэж идэж эхэлдэг бөгөөд ойролцоогоор 6 сартайдаа 130 кг-д хүрч зах зээлд гаргахад бэлэн болдог байна.

Английн газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн зөвлөлийн сайтад нийтлэгдсэн мэдээлэлд ердийн генетиктэй гахайн хувьд дээд талдаа 200 кг хүрэх бол сайн генетиктэй (үүлдэр) гахайн 250 кг хүрдэг хэмээжээ. Тус мэдээлэлд харуулсан графикийг харвал сайн үүлдрийн гахайн ойролцоогоор 250 хоногт (8 сар) 200 кг хүрдэг байна.

Калифорнийн Их Сургуулийн хүнсний аюулгүй байдлын барууны хүрээлэн болон Хүн, эмийн захиргааны хамтын ажиллагааны хүрээнд гаргасан “Гахайн үйлдврэлэлийн мөчлөг”-ийн тухай мэдээлэлд зах зээлд нийлүүлэгдэх гахай 6 сарын настай 200-300 фунт буюу 90-135 кг жинтэй нядлагддаг тухай мэдээлжээ.

Угандагийн Хөдөө аж ахуйн үндэсний зөвлөх үйлчилгээний сайтад нас биед хүрсэн гахайн үүлдрээсээ хамаарч 300 кг хүртэлх жинтэйг мэдээлжээ. Тиймээс шалгасан мэдээлэлд дурдсан шиг “нэмэлт тэжээлд химийн бордоо нойрны эм, өөр олон төрлийн эм ашиглаж 200 кг жинтэй болгодог” гэх мэдээлэл нь үгүйсгэгдэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

“Tianya” интернэт форумйн хайлтын илэрц

Sina мэдээллийн сайтын нийтлэл 

People’s daily сонин

Гаалийн цахим үйлчилгээний систем дэх импортын гахайн махны тоон хэмжээний мэдээлэл

Гаалийн Ерөнхий газрын даргын 2024 оны А/422 дугаар тушаалаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын нэгдүгээр хавсралт “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”

Зөрчлийн тухай хууль

Live Science – Гахайн дундаж жингийн тухай мэдээлэл

АНУ-ын Үндэсний гахайн махны зөвлөл болон Pork Check-off  үндэсний хөтөлбөрийн сайт

Английн газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн зөвлөлийн сайт

Калифорнийн Их Сургуулийн хүнсний аюулгүй байдлын барууны хүрээлэн болон Хүн, эмийн захиргааны хамтын ажиллагааны хүрээнд гаргасан “Гахайн үйлдврэлэлийн мөчлөг” бүтээгдэхүүн

Угандагийн Хөдөө аж ахуйн үндэсний зөвлөх үйлчилгээний сайт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document