Search

“Монгол цэргүүд Хойд Солонгосын цэргүүдтэй хамтран Украины дайнд оролцох гэж байна” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1179

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол цэргүүд, Хойд Солонгосын цэргүүдтэй хамтран ОХУ-д туслахаар Украины дайнд оролцох гэж байна гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны мэдээ болон Чосун Илбод ярилцлага өгсөн сэтгүүлч Наталия Гуменюк Монгол Улсаас цэрэг илгээж байгаа тухай огт дурдаагүй байна. Харин Хойд Солонгосоос дайчлагдсан цэргүүд ОХУ дахь монгол төрхтэй эсвэл Монгол угсаатны дүрд хувиран Украины дайнд байлдах боломжтой талаар мэдэгдсэн байна.

2024 оны 10 дугаар сарын 29-нд Туг.мн Фейсбүүк хуудас “Украин сэтгүүлч Наталия Гуменюк “Монголын цэргүүдийг “ОХУ-д туслах гэж байна” хэмээн ярилцлага өгсөн гэх мэдээллийг (архивлагдсан хувилбар) түгээжээ. Постод сэтгүүлч Наталия Гуменюкийн зургийг Монгол Улсын цэргүүдийн зургийн хамт эвлүүлэн түгээсэн ба зургийн текстэд “Монгол цэргүүд, Хойд Солонгосын цэргүүдтэй хамтран Украины дайнд оролцох гэж байна” хэмээн Монгол Улсын цэргүүд Украины дайнд ОХУ-д туслахаар болсон мэтээр тайлбарлажээ. 

Бид энэхүү мэдээллийн анхдагч эх сурвалжийг тогтоосон ба дээрх мэдээлэл нь үндсэн агуулгыг гуйвуулж түгээжээ. Харин ярилцлагад Монгол Улсаас ОХУ-д Украины дайнд туслахаар цэрэг илгээж тухай ямар нэг мэдээллийг дурдаагүй байна. 

Бид дээрх мэдээлэлтэй ижил агуулга бүхий мэдээлэл монгол хэл дээр түгсэн эсэхийг хайхад eguur.mn болон duuren.life вэбсайтууд 10 дугаар сарын 28-нд Наталия Гуменюкийн ярилцлагын тухай мэдээллийг түгээсэн байна. Тэрээр Өмнөд Солонгосын Чосун Илбо сонинд 10 дугаар сарын 27-нд ярилцлага өгсөн (архивлагдсан хувилбар) тухай дээрх вэбсайтууд дурдсан байсан ба ярилцлагад Хойд Солонгос цэргүүд Украины дайнд байлдахаар явж байгаа тухай мэдээллийг голчлон ярилцсан байна. 

Наталия Гуменюкийн ярилцлагын талаарх мэдээ, Эх сурвалж: eguur.mn, duuren.life

Ярилцлагын үеэр Хойд Солонгосын цэргүүд Орос иргэншилтэй Монгол угсаатнуудын дүрд орж буй тухай асуухад тэрээр “Татагдсан Хойд Солонгосын цэргүүд Оросын агаарын цэргийг 11-р бригадтай холбогдсон гэж сонссон. 11-р бригад нь Улаан-Үүдэд байрлалтай угсаатны цөөнхөөс бүрдсэн тусгай хүчин. Орон нутгийн түвшинд 11-р бригад нь голдуу монголчуудаас бүрдсэн” гэж хариулсан ба Хойд Солонгос цэргүүд монголчууд болж дүрээ хувиргахад боломжтой тухай онцолсон байна. 

Хойд Солонгосын цэргүүд Оросод дайчлагдсан тухай мэдээллийг анх 10 дугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын алба мэдээлсэн (архивлагдсан хувилбар) ба 1,500 орчим цэрэг Оросын Алс дорнод дахь Хабаровск, Уссурийск, Владивосток дахь цэргийн баазуудад байрласан гэж мэдэгдсэн байна.  

Түүнчлэн цэргүүд дүрээ хувиргахаар “Оросын цэргийн дүрэмт хувцас, зэвсэг болон ОХУ-ын харьяа Якут, Буриад улсуудын оршин суугчийн хуурамч пасспорт зэргийг авч байгаа” тухай Үндэсний Тагнуулын алба хэвлэлийн мэдээндээ дурдсан байна.

Дүгнэвэл Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны мэдээ болон Чосун Илбод ярилцлага өгсөн сэтгүүлч Наталия Гуменюк Монгол Улсаас цэрэг илгээж байгаа тухай огт дурдаагүй байна. Харин Хойд Солонгосоос дайчлагдсан цэргүүд ОХУ дахь монгол төрхтэй эсвэл Монгол угсаатны дүрд хувиран Украины дайнд байлдах боломжтой талаар мэдэгдсэн байна.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document