2024 оны есдүгээр сарын 11-ий өдөр Hi home shop нэртэй хуудсаас “Шүдний хорхой устгагч цацлага нь амны хөндийд үүссэн бактерийг устгаж 24 цагийн турш хамгаална. Шүдний завсар бохирдлыг сайтар цэвэрлэж, амны хөндийн эмгэгийг засаж, гэмтсэн хэсгийг нөхөн төлжүүлнэ. Мөн шүдийг цэвэрлэн, цайруулж, шоколадны толбо, кофены толбо, цайны толбо, тамхины толбо, хоолны үлдэгдэл зэргийг арилгана” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 702 сэтгэгдэл авч, мянга гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Ам зайлагчаар шүдний хорхой арилж, нөхөн төлжүүлэх боломжтой юу?
Энэ талаар 2014 онд үүсгэн байгуулагдсан “Dentaly” амны хөндийн арчилгаа, асуудлын талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл хүргэдэг сайтад нийтлэл оржээ. Тухайн нийтлэлд “Teethaid нь амны хөндийн эрүүл ахуйн хөөсөрхөг уусмал бөгөөд худалдаалж буй хүмүүс нь шүдийг нөхөн сэргээж, дахин ургуулдаг гэж сурталчилдаг. Гэвч худалдааны сайтууд дээр уг бүтээгдэхүүний найрлагыг тодорхой бичээгүй байдаг. Мэдэгдэж буй орцууд нь (ус, глицерин, цитрусын ханд, ксилит, хүнсний сода, гаа ) амны хөндийн эвгүй үнэр, хоолны үлдэгдлийг цэвэрлэж болох ч цайруулах, бэхжүүлэх, нөхөн сэргээх, үйлчилгээ үзүүлэхгүй. Мөн шүдний чулуу нь хатуурсан шүдний товруу бөгөөд ус, оо, сойзоор заримыг хэсгийг нь арилгах боломжтой ч бүрэн цэвэрлэгдэхгүй. Иймд мэргэжлийн шүдний эмчид хандах хэрэгтэй. Ганц ам зайлагч ийм төрлийн үйлчилгээ үзүүлж чадахгүй” гэжээ.
Бид шүдний их эмч Ч.Сугар-Эрдэнээс ам зайлагчаар шүдний хорхой арилж, нөхөн төлжүүлэх боломжтой эсэхийг тодруулахад дараах хариултыг өглөө. Үүнд, “Ам зайлагчаар шүд нөхөн төлжиж, нөхөн сэргээгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт өвчилсөн шүдийг эмчилгээ хийхээс өөрөөр “эдгээх” боломжгүй. Харин цоороогүй шүдийг эмнэлийн нөхцөлд болон хувь хүн өөрөө хатуу эрдсийг нь дэмжин, цоорлоос сэргийлэх арга хэмжээ авч болно. Үүний тулд 3-6 сард тогтмол үзлэгт хамрагдаж, өнгөлгөө, цэвэрлэгээ хийлгэх, фтор түрхүүлэх, хамгаалалтын ломбо хийлгэх гэх мэтээр хамгаална. Хувь хүний талаас амны хөндийн арчилгаа, шүдээ тогтмол угаах, оо сойзны зөв сонголт хийх, шүдний утас хэрэглэх ёстой” зэргийг санууллаа.
Уг бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд InVID хэрэглүүр ашиглан хайлт хийлээ. Хайлтын үр дүнд Amazon олон улсын худалдааны сайтад Teethaid гэх ам зайлагч бүтээгдэхүүн илэрлээ. Тухайн бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “Хүнсний соданы орцтой ам зайлагч нь шүдний өнгөрийг арилгаж, шүд цайруулах үйлчилгээтэй. Мөн амны эвгүй үнэрийг дарж, амны хөндийн толбыг цоорохоос сэргийлнэ. Амны хөндийг тэжээж, шүдийг нөхөн төлжүүлдэг бүтээгдэхүүн юм ” гэжээ.