2024 оны 07-р сарын 27-нд Нано Онлайн Шоп нэртэй хуудаснаас “Орц: Цагаан гаа, гүргэм өвс, анжелика ургамал, гэх мэт 10 орчим төрлийн урамлын орцтой.
Хэрэглэх заавар: Бүлээн усанд бөмбөлөгийг хийж сайтар найруулсаны дараа хөлөө 30мин дэвтээж өгнө… Давуу тал:
- Цусны сахар
- Хараа муудах
- Байнга шээс хүрэх
- Толгой өвдөх
- Нойргүйдэл
- Өтгөн хаталт
- Мөн турах зэрэгт онцгой сайн нөлөөтэй” гэх тайлбартайгаар хөлөө усанд дүрж буй богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 1,000 гаруй реакц, 975 сэтгэгдэл авч, 543 удаа цааш түгээгдэж 426 мянга гаруй удаа тоглогдсон байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
PubMed болон Google Scholar судалгааны сангаас шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар хайхад илэрцгүй байна. Хөлөө ямар нэг бодистой усанд дүрэхэд “цусны сахар, хараа, толгойн өвдөлтөд, нойргүйдэл, өтгөн хаталтад, турах эсэхэд сайн нөлөөлнө” гэх судалгаа огт байхгүй байна.
Харин ионжуулсан хөлийн ванн биеийг хоргүйжүүлэх тухай судалгаа бий ч, уг судалгааны үр дүнд цахилгаан ванныг техникийн дагуу ажиллуулах үед хөлөөр дамжин хорт элемент ялгарах тодорхой өдөөгч байхгүй, хүний биеийн хоргүйжүүлэх нотолгоо байхгүй дүгнэжээ. Тодруулбал, тус судалгаанд 6 оролцогч хамруулж, оролцогчдыг хөлөө дүрэхийн өмнө болон дараах усны дээжийг харьцуулж, мөн оролцогчдын шээс, үсний дээжийг шинжлэхэд биеийг хоргүйжүүлдэггүй болохыг харуулжээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Rappler баримт шалгах төвөөс шалгасан мэдээлэлтэй холбоотой агуулгаар баримт шалгалт хийж “хөлийн наалт ашиглан эсвэл хөлөө хоргүйжүүлэх усанд дүрж биеийг хоргүйжүүлэх гэсэн баттай нотолгоо, шинжлэх ухааны судалгаа байхгүй” хэмээн тайлагнажээ.
Ашгийн бус эрдэм шинжилгээний эрүүл мэндийн Кливланд клиникийн албан ёсны сайтад “Ионжуулсан ваннд хөлөө дүрэхэд хорт бодисыг биеэс гадагшлуулдаг гэх нотолгоо байхгүй. Хэдий хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулах үйлчилгээтэй ч биеийг хоргүйжүүлнэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй” хэмээн Анагаах ухааны доктор Ирина Тодоров ярьжээ. Мөн тус нийтлэлд хоол хүнс, дасгал хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөн нь ерөнхий эрүүл мэнд, биеийг хоргүйжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон.
Биеийг хоргүйжүүлэх хөлийн наалттай холбоотой USA Today агентлагийн баримт шалгалтад “Жоржтауны их сургуулийн багш, анагаах ухааны доктор Адрианн Фю-Бэрманы тайлбарласнаар хүний бие ямар нэг гаднын бүтээгдэхүүний тусламжгүйгээр хэрэггүй бодисыг шүүж, гадагшлуулах чадвартай. Онцолбол, элэг, дотор эрхтнүүд, бөөр болон арьсны хөлсний булчирхайнууд хорыг гадагшлуулдаг. Гэхдээ хүний арьс зарим хаягдал бодисыг л гадагшлуулах болохоос хүнд металл, элдэв бодисыг гадагшлуулах чадвар сул байдаг” хэмээн дурдсан байна.
Хөлөө бүлээн усанд дүрэх нь, нойрыг сайжруулдаг тухай судалгаа бий
2013 онд хийгдсэн “хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: санамсаргүй эмнэлзүйн туршилт” судалгаагаар нойрны чанарт нөлөөлдөг болохыг харуулжээ.
Мөн 2016 онд хийсэн судалгаагаар өдөр бүр 40 хэмийн температурт 30 минут хөлөө дүрэх, угаах эмчилгээ нь ахмад настнуудын нойрны чанарыг сайжруулахад үр дүнтэй гарчээ. 2024 онд хийгдсэн “Хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: системчилсэн тойм” судалгааны үр дүнд хөлөө халуун устай ваннд дүрэх нь нойрны чанарыг сайжруулах нөлөөтэйг мөн харуулжээ.