Search

Нимбэг хорт хавдрын эсийг устгадаг, мөн химийн эмчилгээнээс хэд дахин илүү гэх мэдээлэл батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1175

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нимбэг хорт хавдрын эсийг устгадаг гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Нимбэгийг хоол хүнсэнд хэрэглэх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулах магадлалтай ч нэгэнт туссан хорт хавдрын эсийг устгах, бүрэн эдгээх, химийн эмчилгээг орлохуйц үр дүнтэйг нь батлах нотолгоо байхгүй байна.

2024 оны 10-р сарын 28-нд Баасанжавын отгон нэртэй хаягаас нимбэг хавдрын эд эсийг үхүүлдэг гэх агуулгаар мэдээлэл түгээжээ. Тус мэдээлэлд “Нимбэг нь хавдрын эд эсийг үхүүлдэг гайхамшигтай хүнсний зүйл ажээ. Тэрээр химийн эм тарианаас 10 мянга дахин их хүчтэй үйлчилгээ үзүүлдэг гэнэ… Эхлээд нимбэгийг яаж хэрэглэх вэ? Маш энгийн. Угаасан нимбэгийг хөлдөөгчинд хийгээд хөлдсөний дараа үрэгчээр хальстай нь бүгдийг үрээд, салат, шол, будаа, гоймон, загас, ундаа, вино ер нь бүхий л төрлийн хоолондоо цацах маягтай хэрэглэж болно.

Нэгдүгээрт:  Хоол хүнс чинь санамсаргүй байдлаар маш аятайхан амттай болно. Тэр битгий хэл гурилтай шөлөнд ч болно.

Хоёрдугаарт: Нимбэгний хальсанд маш их зүйл агуулагдаж байдаг байх нь. Та ингэж бүхлээр нь хальстай нь хэрэглэснээр бүх тэжээллэг бодисыг хэрэглэж, илүү эрүүл байж чадах.

Нимбэгний хальс нь организмаас хорт бодисыг хөөж гаргадаг хүчтэй зэвсэг юм. Энэ бол нимбэгний гайхамшигт нууц. Нимбэгний мод нь олон төрөл зүйл байдаг. Жимсийг ч олон янзаар хэрэглэж болно. Зөөлөн хэсгийг идэж, шүүсийг шахаж ундаа болгон, нарийн боов зэрэгт

Энэ ургамал нь хавдрын эсрэг шалгарсан хэрэгсэл юм. Бүх төрлийн микроб бактерийн, мөөгөнцөрийн, дотоод шимэгч хорхой эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Мөн үүний зэрэгцээ цусны даралтыг тэнцвэржүүлдэг, стресс, мэдрэлийн ядаргааны эсрэг тэмцдэг.

Энэхүү мэдээллийг дэлхийн эмийн том корпарацаас авсан бөгөөд 1970 оноос хойш хийгдсэн лабраторийн 20-оос дээш судалгаанаас үзэхэд нимбэг нь хавдрын 12 төрлийн эсийг үхүүлдэг байна. Үүнд: бүдүүн гэдэсний, хөхний, уушигны, ходоодны гэх мэт.

Нимбэгний бүтэц нь хавдрын эсийн ургалтыг зогсоох үйлчилгээтэй дэлхийн химийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа Adriamycin гэдэг бүтээгдхүүнээс 10000 дахин илүү хүчтэй үйлчилгээ үзүүлдэгийг нотолжээ.

Өөр бас нэг гайхалтай зүйл нь нимбэгний эксракттай эмчилгээ нь зовхон хортой эсүүдийг устгадаг бөгөөд эрүүл эсүүдэд огтхон ч нөлөөлддөггүй болох нь бас батлагджээ….

Орос хэлнээс Ц.Ганцэцэг” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 573 реакц, 29 сэтгэгдэл авч, 665 удаа цааш түгээгдсэн байна.

Олны анхаарал татах эрүүл мэндийн холбогдолтой хуучирсан хуурамч мэдээллийг дахин сэргээн түгээж байна. Монголын баримт шалгах төв өмнө нь уг агуулгатай ижил мэдээллийг шалгаж 2022 оны 09-р сарын 07-нд тайлагнаж байсан. Яг ижил мэдээлэл 2016 онд ч мөн түгээгдэж  байсан (энд). АНУ-ын Snopes баримт шалгах төв шалгасан мэдээлэлтэй ижил агуулга бүхий мэдээллийг  2011 онд шалгаж худал мэдээлэл хэмээн тайлагнаж байжээ. Эрүүл мэндийн чухал ач холбогдолтой сэдвийн хүрээнд байнга давтагддаг хуурамч мэдээллийг хандалт авахын тулд дахин түгээж байна.   

Шалгасан мэдээлэлд дурдсан “нимбэг хавдрын эсийг үхүүлдэг” гэх агуулгаар хайхад олон улсын баримт шалгах төвийн гишүүн PolitiFact, AfricaCheck, Fullfact, Lead Stories, AFP fact check зэрэг баримт шалгах байгууллага шалгаж худал мэдээлэл гэдгийг дурджээ.

Нимбэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустайг харуулсан судалгаа бий ч хорт хавдрын эсийг устгадаг болох, химийн эмчилгээг орлох тухай шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Шалгасан мэдээлэлд “хавдрын эсийн ургалтыг зогсоох үйлчилгээтэй дэлхийн химийн эмчилгээнд хэрэглэж байгаа Adriamycin гэдэг бүтээгдэхүүнээс 10000 дахин илүү хүчтэй үйлчилгээ үзүүлдгийг нотолжээ”  гэх агуулгыг дурдсан.

Адриамицин(Adriamycin) нь Доксорубицин(Doxorubicin) гэх эмийн худалдааны нэршил юм.  Доксорубицин нь антрациклин гэж нэрлэгддэг химийн эмчилгээний нэг төрлийн эм юм. Тэрээр “топо изомераза 2” гэж нэрлэгддэг ферментийг хааж хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулж эсвэл зогсоодог байна. Мөн тус эм нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-д байдаг ба хавдрын эсрэг ашиглахаар заажээ.

Америкийн Эрүүл мэндийн судалгааны үндэсний төв ашгийн бус байгууллагаас гаргасан мэдээлэлд “Нимбэг нь бүх төрлийн хорт хавдрын эсрэг эмчилгээ гэдэг нь батлагдаагүй бөгөөд нимбэгийн үр нөлөөг химийн эмчилгээтэй харьцуулсан судалгаа хийгдээгүй” хэмээн онцолжээ.

Аркансасын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас 2019 оны 03 дугаар сарын 8-нд “Хэдийгээр нимбэг, түүнтэй ойр төрлийн жимсүүд зарим төрлийн хавдрын эсрэг үйлчилгээтэй боловч энэ “химийн эмчилгээг орлож чадахуйц биш” гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлжээ.

Мөн дэлхийн тэргүүлэх бие даасан хорт хавдрын судалгааны байгууллага болох Их Британийн Cancer Research UK  хорт хавдрыг эмчилдэг гэх нотлогдоогүй аргуудыг няцаасан нийтлэлдээ “Нимбэгийн шүүс хорт хавдрыг эмчилдэг гэдгийг нотлох шинжлэх ухааны нотолгоо байхгүй” гэж мэдээлсэн.

Хэд хэдэн судалгаагаар нимбэгийн төрлийн цитрут жимсний хэрэглээ нь зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг харуулжээ. Тухайлбал, “Цитрус жимс хэрэглэх нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг“, “Цитрус жимсний хэрэглээ ба ходоодны хорт хавдрын эрсдэл: тоон системчилсэн тойм“, “Цитрус жимсний хэрэглээ ба хөхний хорт хавдрын эрсдэл: Тоон системчилсэн тойм“, “Цитрус жимсний хэрэглээ ба нойр булчирхайн хорт хавдрын эрсдэл: тоон системчилсэн тойм” зэрэг судалгаагаар цитрусийн төрлийн жимсийг хэрэглэх нь хорт хавдрын эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг гэсэн байна.

Нимбэгийг хоол хүнсэнд хэрэглэх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулах магадлалтай ч нэгэнт туссан хорт хавдрын эсийг устгах, химийн эмчилгээг орлохуйц үр дүнтэйг нь батлах нотолгоо байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Монголын баримт шалгах төв- “Хөлдөөсөн нимбэг бол бүх төрлийн хорт хавдрыг арилгах хамгийн сайн арга гэх мэдээлэл төөрөгдүүлсэн” баримт шалгалтын тайлан 

 2016 онд ч мөн түгээгдсэн мэдээлэл 

Snopes баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан 

PolitiFact баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан

AfricaCheck баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан

Fullfact баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан

Lead Stories баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан

AFP fact check баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан

Cancer Research UK- Адриамицин(Adriamycin) тухай мэдээлэл

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт

Америкийн Эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн албан ёсны сайт

Аркансасын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн албан ёсны сайт

Цитрус жимс хэрэглэх нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг” судалгаа

Цитрус жимсний хэрэглээ ба ходоодны хорт хавдрын эрсдэл: тоон системчилсэн тойм” судалгаа

Цитрус жимсний хэрэглээ ба хөхний хорт хавдрын эрсдэл: Тоон системчилсэн тойм” судалгаа

Цитрус жимсний хэрэглээ ба нойр булчирхайн хорт хавдрын эрсдэл: тоон системчилсэн тойм“судалгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document