2024 оны 10 дугаар сарын 24-нд Элон Маск 9 сарын турш тээгч эх байх робот зохион бүтээж байгаа тухай мэдээлэл Facebook-т нийтлэгдэн (энд, энд бас энд) ижил зураг, тексттэй хуулбарлан олон хаяг түгээжээ. Тус мэдээлэлд тайлбарласнаар Элон Маск төрөхийн хүндрэлээр нас барж байгаа эмэгтэйчүүдийн тоог бууруулахаар хүний оронд ажиллах робот тээгч эхийг бүтээж байгаа хэмээн мэдэгдсэн ба олон дахин түгээгдсэн постод тэмдэглэснээр “Таныг ажлаа хийж байхад таны өмнөөс 9 сарын турш тээж явах боломжтой роботын шинэ хувилбар дээр Элон Bаскын баг ажиллаж байгаа гэнэ. Та болон таны нөхөр зүгээр л өндөгөн эс болон спермээ авчрахад л хангалттай. 9 сарын турш робот хүүхэд бүрэлдэх бүх боломжийг шийднэ. Үүгээрээ төрөхийн хүндрэлээр нас барах эмэгтэйчүүдийн тоог бууруулахаас гадна 9 сар та 2 чөлөөтэй явах юм гэж тайлбарлажээ. Гэхдээ хүүхдийг төрсний дараа хооллох, эх үрийн хүйн холбоо, хүнлэг хүн болох эсэх гээд олон асуулт тайлбаргүй хэвээр байгаа гэнэ.” гэжээ.
Хэдийгээр Элон Маск 10 дугаар сарын 11-нд Тесла компаний Оптимус роботыг танилцуулсан ч робот тээгч эх бүтээхээр ажиллаж байгаа гэдэг баримт байхгүй бөгөөд энэ нь интернэтэд элбэг тархдаг цуу яриануудын нэг юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Робот тээгч эхийн мэдээлэл нь интернэтийн цуурхал
Бид энэхүү мэдээлэл Facebook-т хамгийн түрүүнд хаана нийтлэгдсэнийг хайхад “Харь гариг Далд ертөнц судлаачдын “МИЧИД-7” бүлгэм” гэх группт 10 дугаар сарын 24-нд (архивлагдсан хувилбар) анх монгол хэл дээр нийтлэгдсэн байх боломжтойг тогтоосон ба энд анх тархсан постод X-т нийтлэгдсэн жиргээг хавсаргасан байсныг олсон. Тус хавсаргасан постод хиймэл оюун ухаанаар бүтээсэн байхаар хүүхэд тээсэн роботыг харуулсан байна. Энэ бичлэгийн зураг нь Элон Маскын зургийн хамтаар робот тээгч эхийн талаар мэдээлэлд ашиглагдан цааш түгсэн ба тархсан мэдээлэлд ямар нэг баталгаатай эх сурвалжийг дурдаж, эсвэл хавсаргаагүй байна.
Энэ мэдээлэлтэй ижил агуулга бүхий мэдээлэл англи хэл дээр 10 дугаар сарын 23-наас тархаж эхэлсэн ба энэ нь Х, Instagram гэх мэт сошиал медиа платформд түгж байжээ. Тийм боловч энэ талаар ямар нэг олон улсын найдвартай хэвлэл мэдээллийн байгууллага огт мэдээлээгүй ба зөвхөн янз бүрийн баталгаагүй сошиал медиа хаяг, вэбсайтууд робот тээгч эхийн талаар мэдээлсэн байна.
Элон Маск ба түүний компаниуд робот тээгч эхийн талаар албан ёсоор мэдэгдэл гаргаагүй
Энэхүү “шинэ робот”-ын талаар Элон Маск болон түүний удирдлагын компаниуд ямар нэг албан мэдээлэл түгээгүй бөгөөд эсрэгээр түүний роботтой холбоотой ажлын талаар хуурамч мэдээлэл түгж байжээ.
Энэ сарын 10-нд Маск Тесла компаниараа дамжуулан Оптимус роботоо танилцуулсан ба энэ нь өдөр тутмын бүхий л ажлыг хийх боломжтой буюу “юуг ч хийж чадна” хэмээн танилцуулжээ. Тодруулбал, “Оптимус багш болно, хүүхэд харна. Нохойг чинь салхилуулна, зүлгийг чинь тэгшилнэ, хүнс цуглуулна, найз чинь болж уух зүйлээр үйлчилнэ. Юу ч бодсон гэсэн Оптимус хийж чадна.” хэмээн тайлбарлажээ.
Тесла албан вэбсайтдаа энэ роботын талаар мэдээлэхдээ “ерөнхий зорилгоор хоёр үндсэн функцтэй, бие даасан хүн робот нь өдөр тутмын уйтгартай, давтагддаг болон аюултай ажлыг хийх чадвартай байна” гэж тайлбарласан ба өөр ямар нэг төрлийн робот танилцуулаагүй юм. Гэсэн хэдий ч Оптимус буюу Тесла бот нь хүүхэд тээж чадахгүй ба одоогийн технологийн түвшинд ийм чадвартай робот байхгүй юм.
Элон Маск робот тээгч эх бүтээж буй гэх хуурамч мэдээлэл нь Оптимус роботыг танилцуулсантай холбогдон түгж, өндөр хандалт авсан боловч энэ талаар ямар нэг албан эсвэл найдвартай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна.