Search

Улаанбаатар хотын утааны нөхцөл байдлыг харуулсан гэх зураг Монголд биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1173

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдлыг харуулсан гэх зургийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ зураг нь Улаанбаатар хотод биш харин АНУ-ын Охайо мужид болсон галт тэрэгний ослын дараах утаа агаар мандалд хуримтлагдсан байдлыг харуулсан зураг юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдлыг харуулан авсан зураг гэх мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна. Зурагт цагаан үүлэн дунд “хар нүх” байгааг харуулсан ба энэхүү мэдээлэл 2024 оны 10 дугаар сарын 23-нд Фейсбүүкт түгэн хэд хэдэн хаягууд нийтэлсэн (энд, энд бас энд) байна. Түгсэн мэдээллийн тайлбарт утааны нөхцөл байдлыг онцлон “Бидний Улаанбаатар амьдардаг хот дээрээсээ #Хар_Нүх. Та нар ер нь маш удаанаар үхэж байгаагаа мэддэг үү? Хорт хавдар яагаад ийм их байгааг мэддэг үү? Дээрээс нь хортой хүнс!” гэжээ. 

Хэдийгээр Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг боловч энэхүү мэдээлэлд ашигласан зураг нь Улаанбаатар хотыг агаараас авсан зураг биш юм.

Зургийг Google хайлтын системд хайхад Америкийн Нэгдсэн улсын Охайо мужийн Зүүн Палестин тосгонд болсон галт тэрэгний ослын дараах нөхцөл байдлыг харуулсан зураг гэх мэдээллүүд илэрцээр гарч ирсэн. Бид үргэлжлүүлэн энэ үйл явдал болон зургийн талаар хайхад Snopes баримт шалгах байгууллага энэ зураг нь Зүүн Палестинд болсон ослын дараах галын утааны зураг болохыг тайлбарлан мэдээлжээ. Тус мэдээлэлд дурдсанаар энэ зураг нь анх 2023 оны 02 дугаар сарын 06-нд Twitter-т нийтлэгдсэн болохыг тогтоосон байна.

Зүүн Палестин дахь агаар мандалд хуримтлагдсан утааны зургийг анх Twitter-т нийтэлсэн нь

Дараа нь энэ зураг Twitter болон Reddit зэрэг бусад сошиал медиа платформуудаар түгэн өндөр хандалт авсан байна. 

Агаар мандалд хуримтлагдсан утааг нисэх онгоцноос авсан зургийг Twitter-т түгээсэн постууд

Тус зургийг сошиал медиад түгээхдээ ослын дараах утаа агаар мандалд ингэж харагдаж байгааг нисэх онгоцноос авсныг харуулсан гэдгийг онцолжээ.

Энэхүү осол 2023 оны 02 дугаар сарын 03-нд Охайо мужид болсон ба 151 галт тэрэгний цуваа осолдон үүнээс 20 нь их хэмжээний шатах аюултай химийн бодис тээвэрлэж явснаас агаар мандалд их хэмжээний хар утааны бөөгнөрөл үүсгэхэд нөлөөлсөн байна.

Ослын нөхцөл байдлыг зохицуулах ажлыг хариуцсан багийнхан үргэлжилсэн дэлбэрэлтээс сэргийлэх зорилгоор 02 дугаар сарын 06-нд 5 ачааны галт тэрэгт байсан винилхлоридийг “хяналттай шатааж” агаарт их хэмжээний утаа үүсгэсэн байна.

“Хяналттай шатаалт”-ыг эхлүүлсэн үеийн бичлэг, Эх сурвалж: WKYC Channel 3

Энэхүү “хяналттай шатаалт” нь 02 дугаар сарын 08-нд дуусан галыг унтраан ажиллагаанд өртөх эрсдэлтэй ойролцоох оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлсэн байсныг буцан ирэхийг зөвшөөрсөн байна.

Улаанбаатар хотын утааны нөхцөл байдлыг харуулсан гэх зураг нь угтаа АНУ-д өнгөрсөн жил болсон галт тэрэгний ослын дараа үүссэн утааны зураг бөгөөд Монгол дахь агаарын бохирдлын нөхцөл байдал мэтээр түгээжээ.

Охайод болсон галт тэрэгний ослын дараах утааны зургийн талаарх пост (зүүн талд) ба шалгасан мэдээллийн зураг (баруун талд)

Монголд болоогүй үйл явдлыг болсон мэт сэтгэгдэл төрүүлэх зорилгоор зураг, бичлэг ашиглан түгээсэн хуурамч мэдээллийг бид өмнө нь олон удаа шалгаж байсан ба эдгээр нь нийгмийн хямрал, олны анхаарал татсан маргаантай асуудлуудыг ашиглан хуурамч мэдээлэл түгээх оролдлогууд байдаг тул анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document