Search

Улаанбурханы вакцин хорт хавдар үүсгэдэггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1171

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Вакцинаас болж хоорт хавдар үүссэн гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэл нь алдартай эрдэмтэн, докторын нэрийг барьж улаанбурханы эсрэг вакцин хорт хавдар үүсгэдэг гэж төөрөгдүүлсэн байна.

2024 оны 10-р сарын 14-нд Dashpurev Ojunchimeg  нэртэй хаягаас “Сэтгэл түгшээсэн дүгнэлт: 1909 оны 1-р сарын 26-нд Нью-Йоркийн хэвлэлд Доктор В.Б.Кларк “Улаанбурханы вакцин хийлгэхээс өмнө хорт хавдар гэж байдаггүй  байсан. “Би хорт хавдраар өвчилсөн 200 өвчтөнийг ажиглаж, судалж байхдаа анхаарсан нэг зүйл эдгээр хүмүүс бүгд  вакцин хийлгэсэн байсан… ” Хагас зуун жилийн дараа доктор Альберт Швейтцер (1952 оны Нобелийн шагналт) Африкт анхны хорт хавдар вакцинжуулалтын эхний кампанит ажил явагдсанаас хойш таван жилийн дараа гарч ирснийг ажигласан учраас ийм дүгнэлтийг хуваалцжээ…## Вакцин бол худал хуурмаг ##” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 109 реакц, 7 сэтгэгдэл авч, 100 удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан Доктор В.Б.Кларкийн “Улаанбурханы вакцин хийлгэхээс өмнө хорт хавдар гэж байдаггүй байсан” хэлсэн үгийг “Колорадогийн түүхэн сонины цуглуулга” вэбсайтад нийтлэгдсэн “The Pueblo Sun” сонины 1909 оны 02-р сарын 02-ны дугаарын дөрөвдүгээр нүүрэнд нийтэлжээ. Тус сонинд нийтлэгдсэн Доктор В.Б.Кларкийн ярилцлагад улаанбурхан өвчний эсрэг вакцины тухай биш үхрийн боом өвчний эсрэг вакцины тухай ярьсныг доорх зургаас харах боломжтой.

Эх сурвалж: “Колорадогийн түүхэн сонины цуглуулга

Улаанбурханы эсрэг вакциныг хамгийн анх 1963 онд  нийтийн хэрэглээнд ашиглах зөвшөөрлийг олгож байсан тухай ДЭМБ-ын албан ёсны сайтад нийтлэгдсэн “Улаанбурханы эсрэг вакцины түүх” нийтлэлд дурджээ. Үүний дараа 1971 онд Хиллеман улаанбурхан, гахан хавдар, улаанууд өвчний эсрэг бүтээгдсэн вакцинуудыг 2 тунгаар тарьдаг MMR вакцинд нэгтгэж, 2005 онд салхин цэцэг өвчний эсрэг вакциныг нэмж MMRV хосолсон вакциныг хийж байжээ.

Шалгасан мэдээлэлд 1909 онд өгсөн ярилцлагад улаанбурханы эсрэг вакцины тухай ярьсан гэж дурдсан боловч 1963 онд улаанбурханы эсрэг вакциныг нийтийн хэрэглээнд ашиглахыг зөвшөөрч байжээ.

1960-аад оноос эхлэн бүх улс орнууд үндэсний хэмжээнд улаанбурхны эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд анхны олон улсын төлөвлөсөн улаанбурханы эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг Африкт 1966 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Харин Нобелийн шагналт Алберт Швейтцер 1965 оны 09-р сарын 04-нд таалал төгссөн байна. Иймд шалгасан мэдээлэлд дурдсан Африкт эхний вакцинжуулалтын компанит ажил явагдсанаас хойш 5 жилийн дараа хорт хавдар гарч ирснийг доктор Алберт Швейцер ажиглан дүгнэлт гаргасан гэх мэдээлэл логикийн алдаатай байна.

  • Шалгасан мэдээлэл нь алдартай эрдэмтэн, докторын нэрийг барьж улаанбурханы эсрэг вакцин хорт хавдар үүсгэдэг гэж төөрөгдүүлсэн байна.

Бага насны хүүхдүүдэд хийдэг вакин хорт хавдар үүсгэдэггүй

Улаанбурханы вакцин нь бага насны хүүхдэд хийдэг товлолт вакцин юм. Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (MMR vaccine) өвчний эсрэг вакцины эхний тунг хийлгэхэд улаанбурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78% , улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол, 2 дахь тунг хийлгэснээр улаанбурхан өвчнөөс 97% , гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ. ДЭМБ-ын мэдээлснээр “Дархлаажуулалт хийлгэснээр жил бүр 3.5-5 сая хүн сахуу, татран, хөхүүл ханиад, томуу, улаанбурхан зэрэг өвчнөөр нас барахаас сэргийлж байна” хэмээжээ.

2021 онд хийсэн “Вакцинжуулалт ба хүүхдийн хорт хавдрын эрсдэл-системчилсэн тойм ба мета-анализ” судалгаагаар вакцинжуулалт болон хүүхдийн хорт хавдар үүсэх эрсдэл хоорондын уялдаа холбоо байхгүй гэх дүгнэлтийг гаргажээ.

2017 онд шинжлэх ухааны “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн  “Эрт вакцинжуулалт нь  хүүхдийн лейкеми (цусны хорт хавдрын төрөл) өвчнөөс хамгаалах тухай: системчилсэн тойм, мета-анализ” судалгаанд бага насны хүүхдийн вакцинжуулалт болон хүүхдийн хорт хавдар үүсэх эрсдэлийн хооронд хамаарал байхгүйг харуулсан байна.

2005 онд Олон Улсын Эпидемиологийн сэтгүүлд хэвлэгдсэн “Вакцин хийлгэсэн түүх, хүүхдийн лейкемийн (цусны хорт хавдрын төрөл) эрсдэл” судалгаагаар хүүхдийн лейкеми (цусны хорт хавдрын төрөл) болон сахуу, хөхүүл ханиад, татран, полиомиелит, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинуудын хооронд ямар ч холбоо байхгүй болохыг тогтоожээ.

Мөн Францын “Science Feedback” баримт шалгах төв уг агуулгаар баримт шалгалт хийж “Найдвартай судалгаагаар вакцин болон хүүхдийн хорт хавдрын хооронд ямар ч холбоо байхгүй. Мөн хорт хавдар үүсгэдэг вакцины тухай тайлбарлах тодорхой механизм байхгүй“ хэмээн дүгнэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document