Сүүлийн үед эрчим хүчний тарифыг чөлөөлөх, цахилгаан дулааны үнийг нэмэх талаар батлагдаагүй мэдээлэл гарсаар байна. Тухайлбал, Tsogtgerel Batchuluun нэртэй хаягаас “68% дулаан 29% цахилгааны үнэ нэмвэл бүх үйлдвэр Дампуурна шүү!!! Агаар тэнгэрт байгаа дарга нараа!!!” гэсэн пост оруулсан байна.
Хэдийгээр ирээдүйд болох үйл явц буюу хараахан эцэслэж гараагүй байгаа шийдвэрийн талаар мэдээлэлд дурдсан ч Баримт шалгах үйл ажиллагааны журмын 2.8-д заасанчлан өрнөж буй үйл явцын талаар бодит мэдээлэл өгөх зорилгоор баримт шалгалт хийлээ.
Цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ, гэхдээ 60 гаруй хувиар биш
- Бид Эрчим хүчний зохицуулах хорооны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Одоогийн байдлаар хэдэн хувиар нэмэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Түгж байгаа мэдээллүүд шиг 60 гаруй хувиар нэмэхгүй” гэсэн юм.
2024 оны 08 дугаар сарын 15-нд Эрчим хүчний зохицуулах хорооны вэбсайтад гарсан мэдээлэлд “…Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж эрчим хүчний салбарын шинэчлэлийн асуудал, үнэ тарифын реформын талаар санал солилцож, цаашид энэ хүрээнд хийх ажлуудын талаар хэлэлцсэн” гэжээ. Энэ үеэр тарифын шинэчлэлийн асуудлыг хөндсөн бөгөөд ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун “Салбарын шинэчлэл нь зөвхөн нэг удаагийн үнэ тарифын реформын асуудлаар зогсох бус бусад олон салбарын уялдаа холбоог хангасан, тэдгээрийн мэргэжилтнүүд болон гадаад хамтын ажиллагаатай байгууллагуудыг хамруулсан, өргөн цар хүрээтэй цогц арга хэмжээ байх ёстой гэдгийг онцлоод тарифын шинэчлэл нь дараа дараагийн олон ажлын суурь нь байх болно” гэсэн байна. Энэ нь эрчим хүчний тарифыг шинэчлэх ажил олон улсын байгууллагуудын дэмжлэгээр эртнээс яригдаж эхэлснийг илтгэж байна.
Мөн 08 дугаар сарын 21-нд Шадар сайд Т.Доржханд мэдэгдэл хийхдээ “Эрчим хүчний үнэ тарифт шинэчлэл хийх болсон ба дэд хороо байгуулсан” талаар дурдсан. Энэ хүрээнд “төрийн өмчийн компаниудын бүтцэд өөрчлөлт хийж, нээлттэй, олон нийтийн компани болгоно. Үүний тулд үнэ тарифын шинэчлэлтийг хийнэ” гэжээ. “Бодит өртөгөөр алдагдалгүй байх үнэ тарифт шилжүүлж, зах зээлийн зарчмаар нь энэ салбарт өрсөлдөөн бий болгоно. Ингэж өрсөлдөөнд үндэслэн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, аажмаар үнэ тариф буурах юм” гэж тэрээр онцолсон юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны тайланд 8.5 тэрбум кв/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 2.4 тэрбум кв/цаг эрчим хүч импортолсон гэжээ.
Эрчим хүчний тарифыг чөлөөлөх замаар өрөлдөөн үүсгэж, нийлүүлэлт ихэсгэснээр улмаар импортын хараат байдлаас салах боломжтой гэж үзжээ.
Одоо мөрдөгдөж буй тариф бодох аргачлалд хөндлөнгийн татаас буюу дулааны үйлдвэрлэлийн санхүүгийн алдагдалыг шингээж байна
ЭХЗХ-ны 2024 оны 05 дугаар сарын 31-ны 504 дүгээр тогтоолоор Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлалыг баталсан. Уг аргачлалд хэрэглэгчид борлуулах эрчим хүчний дундаж тарифыг тооцоолохдоо үйлдвэрлэх хэмжээ, өртөг дээр дамжуулах, түгээх, зохицуулах үйл ажиллагааны зардал, мөн үүн дээр импортоор авах цахилгааны биет хэмжээ зэргийг нэмж тооцдог байна.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт томоохон реформ хийхээр төлөвлөж, судалж байгаа бөгөөд олон нийтэд эцсийн шийдвэрийг танилцуулаагүй байна. Гэвч хүн бүрд хамааралтай цахилгаан, дулааны үнийг хэт их хэмжээгээр нэмэх тухай төрөл бүрийн батлагдаагүй мэдээллийг өөр өөрийн өнцгөөр түгээж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж, гараагүй байгаа шийдвэрийг угтуулж бухимдуулах, нийгмийн уур амьсгалыг бужигнуулсаар байна.