Search

Хэтрүүлсэн, хуурамч мэдээллээр сурталчилсан бүтээгдэхүүнээс сэрэмжлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1169

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ходоодны хорт хавдрын нас барах магалал 89%, иймд та манай FDA-ээр баталгаажсан бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Ходоодны хор хавдартай хүмүүсийн 5 жил амьдрах магадлал 70% байдаг бөгөөд FDA ямар нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг баталгаажуулдаггүй”

2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Nano Cadiso Mongolia нэртэй Фэйсбүүк пэйж “Ходоодны шарх, хүчиллэг рефлюкс, ходоодны хорт хавдрын хамгийн түгээмэл шалтгаан нь хеликобактери пилори бактери юм. Энэ нь хүчтэй нөлөө үзүүлж, өвчний шинж тэмдгийг улам дордуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нас баралт маш өндөр, цаг алдалгүй, сайтар эмчлэхгүй бол 89% хүртэл байдаг. АНУ-ын FDA-аас баталгаажсан” гах агуулгатай бичлэг түгээжээ. Уг бичлэг 365 реакц, 861 сэтгэгдэл, 245 мянга гаруй үзэлт авчээ.

Америкийн Хавдрын Нийгэмлэгээс гаргасан ходоодны хорт хавдрын судалгаагаар нас барах магадлалыг нь биш эсрэгээрээ амьд явах магадлалыг тооцоолж гаргажээ. Ижил төрлийн болон ижил үе дээр явж байгаа хорт хавдартай хүмүүсийн 70% нь дор хаяж 5 жил амьдарна гэжээ. Мөн үүнийгээ задлаад дараах хүснэгтээр үр дүн гаргажээ.

  • Дотоодын – хорт хавдар зөвхөн ходоод дотор тархсан
  • Орчмын – ходоодны эргэн тойронд тархсан
  • Холын – ходоодноос хол орших эд, эрхтэнд тархсан
Төрөл5 жил амьдрах хувь
Дотоодын75%
Орчмын35%
Холын7%
Дээрх бүх хэсэгт36%
  • Түгээсэн бичлэгт дурдсан 89% нь нас бардаг гэсэн тоо баримт нь худал болох нь үүгээр харагдаж байна.

АНУ-ын FDA-аас баталгаажсан гэдэг нь худал

АНУ-ын FDA буюу Хоол, хүнсний агентлагийн албан ёсны вэбсайт дээр “Ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө FDA нь ямар нэг нэмэлт бүтээгдэхүүнд шошго нааж, баталгаажуулдаггүй. Гагцхүү тухайн нэмэлт бүтээгдэхүүний компаниуд өөрсдөө бүтээгдэхүүний шошго болон аюулгүй байдалд хариуцлага хүлээдэг” гэжээ.

  • Тэгэхээр бидний шалгасан бичлэгт дурдагдсан “FDA-аас баталгаажсан” гэдэг нь худал болж байна.

Дүгнээд хэлбэл, ямарваа нэг өвчин, өвчлөлийг маш аюултай мэтээр айдас төрүүлээд, дэлхий дахин хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар баталгаажсан мэтээр сурталчилж бүтээгдэхүүнээ хэрэглүүлэх арга нь энэхүү хуурамч мэдээллээр илэрч байна. Иймд аливаа нэмэлт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмч, байгууллагаас зөвлөгөө авч, албан ёсны вэбсайтаас нь баталгаатай мэдээлэл авч байхыг хүсье.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document