Search

“300 настай Энэтхэг өвгөн” гэх бичлэг худал 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1168

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“1724 онд төрж энэ жил 300 нас хүрсэн Энэтхэг өвгөн” гэх бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт гарсан хүн нь 300 настай биш, харин албан бичиг баримтдаа 94 настай гэж бүртгүүлсэн тухай ойрын эх сурвалж нь мэдээлжээ.

Ер бусын өндөр нас насалсан гэх Энэтхэг өвгөний бичлэг Фейсбүүкт түгэн өндөр хандалт авчээ. Бичлэгт яс арьс болтлоо турсан хөгшин ямар нэг зүйл түшин зогсож харагдах ба тойрон хүрээлсэн хүмүүс нь завилан сууж бичлэг хийх, залбирах зэрэг үйлдэл хийж байгаа нь харагдана. Бичлэг нь хэд хэдэн хаягт түгэхдээ өөрөөсөө хойших “10 үеэ харсан дэлхийн анхны хүн” гэж тодорхойлон түүний өндөр насны “нууц”-ыг тайлбарласан байна. Тайлбарт бичихдээ “1724 онд хорвоод мэндэлж энэ жил 300 нас хүрсэн Энэтхэг өвгөн бүх төрлийн жимсний охь, рашаан, уулын цэнгэг ус, цэцгийн охь тоосонцор, бал, бурам салхиар хооллодог бөгөөд биед нь ямар ч өвдөлт зовуурь байдаггүй гэнэ. Дашрамд дурдахад энэ өвгөний хүү, ач, гуч, нь байхгүй насны жамаар өтлөөд хорвоогийн мөнх бус байдлыг үзжээ. Өөрөөсөө дооших 10 үеэ үзсэн дэлхийн анхны хүн юм байна. Манайхан бодьтой амьд сэрүүн байгаа энэ өндөр настай буянтай хүн дээр очиж авшиг авбал насны буянаа хайрлах нь үнэнд ойр.” гэж түүнийг хөнгөн хооллож урт насалсан ба хүүхдүүд нь нас барсан тухай дурджээ. 

Бид дээр тайлбарласан бичлэгийн эх сурвалжийг олж тогтоосон бөгөөд энэ хүн нь 300 настай гэх баримт байхгүй аж. Харин түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр албан баримт бичгийн дагуу түүнийг 94 настай гэж мэдэгджээ. 

Бичлэгийн хэсгүүдийг InVID-Weverify хэрэглүүрийг ашиглан зургаар хайхад бичлэг нь анх 2024 оны 09 дүгээр сарын 30-нд viken_kushwah_official гэх Инстаграм хаягт нийтлэгдэж байсныг олсон ба бидний шалгасан бичлэгт мөн энэ нэр бичигдсэн байсныг харж болно.

Энэ хаяг дахь бичлэгүүдэд “#siyarambaba” гэх хаштаг ашигладаг байна.

Энэхүү “#siyarambaba” гэх хаштагаар Google хайлтын системд, мөн “siyarambaba 300 years old” гэсэн түлхүүр үгээр хайхад түүнийг 188 настай гэх мэдээллүүдэд хийсэн хэд хэдэн баримт шалгалт илэрцээр гарч ирсэн.  

Бид түүний амьдралын талаарх мэдээллийг лавшруулан хайхад Энэтхэгийн The Quint баримт шалгах байгууллага түүнийг “Энэтхэгийн Мадя Прадеш мужийн Батяан Ашрам гэх газар амьдардаг Сиярам Баба гэх хүн” болохыг мэдээлсэн байна. Түүний насны талаар янз бүрийн цуурхал тардаг ба 100-аас дээш насалсан гэх цуурхал ихээхэн тархжээ. Харин түүнийг даган бишрэгч, албан Инстаграм хуудсыг хөтөлдөг Шуб Бирла гэх хүнтэй холбогдоход, түүнийг 94 настай гэж иргэний бүртгэлийн албан баримт бичигт тэмдэглэдэг гэдгийг мэдэгдсэн байна. Мөн энэ талаар Энэтхэгт байрлалтай FactCrescendo баримт шалгах байгууллага 94 настай талаар ижил мэдээлэл нийтэлсэн ба Шуб Бирла түүний өндөр насны талаарх мэдээллийг худал болохыг мэдэгджээ. Гэхдээ түүний насны тухай баталгаатай баримт бичгийг хөндлөнгийн байдлаар баталгаажуулах боломжгүй байгааг тус вэбсайтууд мэдэгджээ. 

Сиярам Баба нь Хиндү шашинтай бөгөөд өдрийн ихэнх цагийг шашны ном унших, мөргөл үйлдэхэд зарцуулдаг ба өндөр настай ч өөрөө хоолоо хийдэг тухай Энэтхэгийн Navbharat Times болон Times Now зэрэг мэдээллийн вэбсайтууд мэдэгдсэн байна. Харин түүний хоолны дэглэм болон хүүхэдтэй эсэх талаар баталгаатай мэдээлэл байхгүй байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document