2024 оны долоодугаар сарын 25-ны өдөр Тулгаа Багш нь нэртэй хуудсаас “Нэг цагийн стресс 8 цагийн биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил хүн энерги зарцуулдаг бол нэг цагийн паник аттак 24 цаг унтаагүйтэй тэнцдэг. Сэтгэцийн эрүүл мэндээ анхааръя” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 448 реакц авч, 1.1 мянга гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Харвардын Анагаах ухааны сургуулиас гаргасан нийтлэлд “Стресс нь ихээхэн хэмжээний эрчим хүч зарцуулдаг бөгөөд бие болон оюун санааны аль алинд нь дарамт учруулдаг. Архаг стресс нь цусны даралт ихсэх, судас бөглөрөхөд хүргэдэг бөгөөд сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, донтолтод нөлөөлдөг болохыг тогтоосон. Мөн удаан хугацаанд үргэлжилсэн архаг стресс нь шууд болон шууд бус механизмаар (их идэхэд хүсэл нэмэгдэх, унтах, дасгал хөдөлгөөнийг бууруулах) таргалахад нөлөөлдөг байна” гэжээ. Гэвч “нэг цагийн стресс нь 8 цаг биеийн хөдөлмөртэй тэнцэнэ” гэж нарийн хэмжээ гаргасан судалгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны дата санд байхгүй.
- Стресс нь кортизол даавар ялгаруулдаг бөгөөд энэ нь зүрхний цохилт, эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг боловч биеийн хүчний ажилтай харьцуулах нь учир дутагдалтай. Зарцуулах хүч, энерги, шинж чанараас хамааран шууд харьцуулахад төвөгтэй.
Паник аттак буюу гэнэтийн цочрол гэж юу вэ?
Паник аттак буюу “цочрол” нь айдас, сэтгэл санааны таагүй байдал, аюулаас үүдэн хяналтаа алдах мэдрэмжээр тодорхойлогддог. Паник аттак нь хэт их түгшүүр, тодорхойгүй зүйлээс айх, зүрх хурдан цохилох, хөлрөх, даарч чичрэх, амьсгалахад хүндрэлтэй болох гэх мэт хариу үйлдлээр илэрч болно. Зүрхний шигдээстэй төстэй шинж тэмдэгтэй ч, аюулгүй.
- Үүнээс үүдэн шөнө унтаж чадахгүй байх, нойрны хэмнэл алдагдаж болох ч “нэг цагийн паник аттак нойргүй өнгөрүүлсэн 24 цагтай тэнцэнэ” гэсэн судалгаа байхгүй.
Паник аттак буюу “цочрол” нь хүчтэй хариу үйлдлийг өдөөж, стрессийн дааврыг өсөхөд хүргэдэг. Энэ нь оюун санааны болон бие махбодын хувьд ядраадаг. Гэсэн ч хувь хүнээс хамаарч өөр өөр хариу үйлдэлтэй байдаг. Үүнийг нойргүйдэлтэй шууд харьцуулж, хэмжсэн тодорхой судалгаа байхгүй.
Харвардаас зөвлөсөн стрессийг бууруулах аргууд:
- Хангалттай унтаж амрах: Хангалтгүй эсвэл чанаргүй унтах нь таны сэтгэл, оюун санааны байдал, эрч хүч, биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
- Тайвшруулах арга техникийг сур: Бясалгал, булчин суллах дасгал,амьсгалын дасгал, йог гэх мэт стресс тайлах аргатай болох хэрэгтэй.
- Нийгмийн харилцаанд орох: Хичээл, албан байгууллага, сайн дурын ажилд оролцох замаар бусадтай холбоо тогтоогоорой.
- Цагийн төлөвлөлт хийж сурах: Та ажил, гэр бүл, хийх ёстой зүйлсээ тодорхой төлөвлөх тусам таны стрессийн түвшин буурна.
- Стресстэй нөхцөл байдлыг тэвчээртэйгээр шийдвэрлэхийг хичээ: Стресстэй нөхцөл байдлыг тайвнаар ярилцаж шийдвэрлэхийг хичээгээрэй.
- Өөрийгөө хөгжүүлэх: Алхах, хөгжим сонсох, спортоор хичээллэх гэх мэт өөрийн дуртай юмаа хийгээрэй.
- Тусламж хүс: Эхнэр нөхөр, найз нөхөд, хөршүүдээсээ тусламж хүсэхээс бүү ай. Хэрэв стресс, түгшүүр хэвээр байвал мэргэжлийн эмчтэй ярилцаарай.
- Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх: Эрүүлээр жингээ барих, тамхи татахгүй байх, тогтмол дасгал хийх, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа зэргийг хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай.