2024 оны 10-р сарын 06-нд Amarjargal Tsetsen нэртэй хаягаас “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр Израйл тойрсон хэдэн улсынхаа үйлийг үздэг бсн. Юм ээлжтэй гэж энэ дээ” гэсэн тайлбартайгаар бөмбөгдөлт болж буй мэт дүрслэлтэй 1:03 секундийн урттай бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 298 реакц, 141 сэтгэгдэл авч, 157 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад шалгасан мэдээлэлтэй ижил тайлбартай сошиал орчинд олон дахин түгжээ. Харин ижил бичлэгийг Их Британийн The Times and The Sunday Time мэдээллийн сайт албан ёсны фэйсбүүк хуудастаа “Алжирын хөлбөмбөг сонирхогчид хууль бусаар салют буудуулж Лондон хотыг гэрэлтүүлж байна. Хөгжөөн дэмжигчид Mouloudia Club d’Alger-ийн 103 жилийн ойн баярт Милленниум гүүрэн дээгүүр салют буудуулж баяр хүргэв” гэх тайлбартайгаар оруулсан байна.
Бид үргэлжлүүлэн “Израйл дахь бөмбөгдөлт” гэх агуулгаар хайхад Энэтхэгийн Factly Media & Research баримт шалгах төвийн youtube сувагт тус бичлэгтэй холбоотой баримт шалгалтыг хийж тайлагнажээ. Тус баримт шалгалтад шалгасан бичлэг нь “Хэвлэл мэдээллүүд 2024 оны 08 дугаар сарын 7-ны орой Алжирын Mouloudia Club D’Alger хөл бөмбөгийн клубийн фенүүд 103 дахь жилийн ойн баярыг тэмдэглэсэн тухай мэдээлсэн” хэмээжээ.
Mouloudia Club D’Alger клубийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас 2024 оны 08 дугаар сар гэх тохиргоотой хайхад 2024 оны 08 дугаар сарын 8-нд их хэмжээний салют буудуулж буй бичлэгийг өргөн дэлгэцийн хувилбараар нийтэлсэн байна. Мөн өөрсдийн албан ёсны инстаграм хуудастаа хэд хэдэн пост оруулжээ. (энд, энд бас энд)
Доорх зурагт шалгасан бичлэг болон Mouloudia Club D’Alger клубийн 103 жилийн ойд зориулсан салют буудуулж буй бичлэгийг харьцуулан харууллаа.
Мөн APF болон Reuters агентлаг тус бичлэгт баримт шалгалт хийн тайлагнажээ.