2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Ардын уламжлалт эмийн сан” бүлгэмд “Хорт хавдраас сэргийлцгээе” нэртэй хуудсаас “Хавдрыг эдгээдэг жинхэнэ эмчилгээ зөвхөн байгальд байдаг! Өвөл уух Халгайгаа хатааж байгаа байдал. Халгай хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээтэй ургамлын нэг юм. Үсэрхийлсэн хавдартай, дөрөвдүгээр шатанд орсон хүмүүс зөвхөн халгай уугаад эдгэрсэн тохиолдлууд дэлхийд олон байдаг. Гагцхүү олон нийтэд үүнийг мэдээлэх нь ховор. Яагаад? Хавдартай өвчтөний эм, химийн тарианаас асар том ашиг олдог эмийн үйлдвэрүүд хавдрын сайн эмчилгээ болох байгалийн эмчилгээг нуусаар, дарсаар өдий хүрсэн байна. Үүнийг хавдрыг маш сайн эмчилж байгаа барууны эмч нар мэдээлдэг ба тэдэнтэй тэмцэж байгаа юм. Халгайн навчийг цайны оронд хандалж уухаас гадна шүүсийг шахаж, 100% цэвэр шүүс уувал хавдарт илүү сайн. Шүүс шахагч байхгүй бол жаахан буцалсан хөргөсөн устай миксердэж иднэ. Алимтай юм уу ойн жимстэй хамт амттай болно. Халгайг яншуйны навч юм уу селерийн навчтай хамт шүүс шахаад ногоон шүүс гаргаад уувал та хавдрын эсрэг супер жүүс ууна гэсэн үг. Хавдрын эсрэг галт бөмбөг гэсэн үг” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Мөн уг постыг 1.4 мянган удаа цааш ьүгээсэн үзүүлэлттэй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Нас баралтын хамгийн түгээмэл шалтгаануудад зүрх судасны өвчний дараа хорт хавдар бичигддэг. Одоогийн байдлаар хими эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын эмчилгээ, мэс засал зэрэг хорт хавдрын олон төрлийн эмчилгээ бий. Гэвч хорт хавдрын эхлэл, явцыг үр дүнтэй зогсоож, гаж нөлөө багатай хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээг боловсруулах шаардлагатай байгааг олон судалгаанд дурддаг. Сүүлийн жилүүдэд олон судлаачид хорт хавдрыг эмчлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор байгалийн гаралтай, өртөг багатай эмчилгээний бүтээгдэхүүнүүдэд дүн шинжилгээ хийж байна. Тухайлбал, Эрдэм шинжилгээний өгүүллэгийн хэвлэлийн хүрээлэн болох MDPI-д 2019 онд нийтлэгдсэн “Хорт хавдрын эмчилгээнд зориулан халгайн хандаас гаргаж авсан молекулуудын эмчилгээний хэтийн төлөв” бүтээлд халгайг хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхэд илүү нарийн судлах хэрэгтэй гэжээ.
Халгайн ханд нь янз бүрийн био идэвхт молекулуудыг агуулдаг бөгөөд тэдгээр нь хорт хавдрын өсөлтийг сааруулдаг апоптозыг өдөөж өгдөг байна. Мөн халгай дахь хүнсний био идэвхт молекулуудын дотор флавоноидууд бий. Энэ нь антиоксидант үйл ажиллагаа, апоптозыг өдөөх, эсийн өсөлтийг дарангуйлах, эсийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг янз бүрийн механизмаар хорт хавдрын эсрэг үр нөлөөг бий болгох чадвартай нэгдлүүд юм. Гэвч ажиглагдсан үр нөлөө нь хэд хэдэн молекулын нэгдлээс, эсвэл хараахан тогтоогдоогүй молекулуудаас үүдэлтэй байх магадлалтай. Энэ нь одоогоор тодорхой болоогүй тул энэ төрлийн нэгдлийг агуулсан ургамлын чадавхыг судлахын тулд цэвэр био идэвхтэй молекулуудыг тусгаарлаж, шинж чанарыг нь тодорхойлох нэмэлт судалгааг илүү их хийх шаардлагатай гэсэн байна.
Рочестерийн их сургуулийн анагаах ухааны төвөөс халгайн хэрэглээний талаар “Энэ өвсийг зөв хэрэглэвэл гаж нөлөө үзүүлэхгүй. Харшлын урвал нь ховор тохиолдолд бий болдог. Жишээ нь, гэдэс базлах, суулгах гэх мэтээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ тохиолдолд хэрэглэхээ зогсоох шаардлагатай. Жирэмсэн болон хөхүүл хүмүүс энэ ургамлыг ууж болохгүй. Мөн халгай нь цусны даралтад нөлөөлж, хэрэв өөр эм, тан хэрэглэж байгаа бол эмийн нөлөөг нь өөрчлөх магадлалтай. Үүнийг заавал мэргэжлийн эмч, эм зүйчээс асуугаарай” гэж зөвлөжээ.
Мөн хорт хавдрын эсрэг халгай хандалж уугаад бүрэн эдгэсэн талаар баримт судалгаа илэрсэнгүй.