2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Orgil Otgontugs нэртэй хэрэглэгч “ШУУРХАЙ. Улаанбаатарт НЭГ АНГИЙН 35 ХҮҮХДИЙН 22 НЬ ӨВЧЛӨЛТЭЙ ГАРЧ НОЙР БУЛЧИРХАЙН АРХАГ ҮРЭВСЭЛ , ЭЛЭГНИЙ ХОРГҮЙ ХАВДАР, БӨӨР УСЖИХ ЭМГЭГ ИЛЭРЧЭЭ” гэх мэдээлэл түгээжээ. Уг мэдээллийг Налайх дүүрэгт, эсвэл Дархан, Улаанбаатарт болсон мэтээр түгээсэн.
Бид тус мэдээллийн анхдагч эх сурвалжийг олж тогтоон холбогдсон ба мэдээллийг нь гуйвуулан олон нийтийн дунд төөрөгдүүлсэн ойлголт үүсгэснийг дараах баримт шалгалтад танилцууллаа.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Улаанбаатар хотын нэг ангийн 35 хүүхдэд сайн дурын урьдчилсан сэргийлэх ЭХО үзлэгийг хийж гүйцэтгэсэн Б.Бямбабаяр эмчтэй бид холбогдож дараах тодруулгыг авлаа.
Бид шалгасан мэдээллийг анх түгээсэн гэх Б.Бямбабаяр эмчтэй холбогдсон ба тэрээр өөрийн хөтөлдөг “Б.Бямбабаяр эмч зөвлөж байна” групптээ сургуульд үзлэг хийсэн тухайгаа мэдээлсэн нь цааш түгэхдээ төөрөгдүүлсэн агуулгатай болсныг тайлбарласан юм. Тэрээр бидэнд мэдэгдэхдээ түүний үзлэг нь “Улаанбаатар хотод хийсэн сайн дурын урьдчилан сэргийлэх ЭХО үзлэг оношилгоо байсан” тухай мэдэгдсэн ба Дархан-Уул, Налайхад болсон үйл явдал мэтээр түгсэн гэлээ.
Үргэлжлүүлэн тэрээр хүүхдүүдэд хийсэн шинжилгээ, үзлэгийн үр дүнгийн тухай мэдэгдэхдээ “Улаанбаатар хотын нэг ангийн 35 хүүхдийг уг үзлэгт хамруулахад 22 хүүхдэд ямар нэг байдлаар элэгний хоргүй хавдар, бөөр усжих өвчлөлийн шинж тэмдгүүд илэрч, эрсдэлтэй мөн нойр булчирхайн өөрчлөлттэй гэж гарсан. Энэ нь одоогийн хүүхдүүдэд түгээмэл тохиолдож байна” хэмээсэн.
- Харин энэхүү мэдээлэл нь цааш түгэхдээ “нойр булчирхайн өөрчлөлтийг” нойр булчирхайн архаг үрэвсэл, мөн “элэгний хоргүй хавдар, бөөр усжих өвчлөлийн эрсдэлтэй” гэснийг элэгний хоргүй хавдар болон бөөр усжих эмгэгтэй гэж түгээсэн байна.
Б.Бямбабаяр эмч мэдээллийг залруулахаар Facebook групптээ өвчин илэрсэн биш харин Улаанбаатар хотод сайн дурын ажлын хүрээнд үзлэг оношилгоо хийхэд “Нэг анги дунджаар 35 хүүхэдтэй гэхэд 20 орчим нь дээрх өвчлөл хүндрэх эрсдэлтэй байна гэдэг утгаар мэдээлэл тавьсан. Мэдээллийг нэг тийш нь мушгин гуйвуулж байгаа хүмүүст гэж хэлэхэд өөрсдийн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулахыг хүсье” гэсэн пост оруулжээ.
Тэрээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээхэд хүргэсэн өмнөх постоо устгасан /хуулж түгээсэн нь/ ба залруулга болгож оруулсан мэдээлэл нь 36 удаа цааш түгээгдсэн байна.
Энэхүү төөрөгдүүлсэн мэдээлэл хаана, хэзээнээс эхэлсэн бэ?
2024 оны 10 дугаар сарын 15-нд Б.Бямбабаяр эмч C1 телевизтэй өөрийн үзлэг оношилгооныхоо ажиглалтын талаар ярилцсан ба тэрээр ярилцлагад “Нэг ангийн 35, 36 хүүхдэд ЭХО үзлэг оношилгоо хийхэд 20-22-т нь өвчлөлийн шинж тэмдгүүд илэрсэн” гэжээ. Мөн DBS телевизэд өгсөн ярилцлагадаа түүний ажиглалт хийсэн үзлэг нь 9 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод хийсэн үзлэг гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар тус аймагт ийм үр дүн илрээгүй болохыг Facebook хуудсаараа мэдэгдсэн (устгагдсан пост) ба энэхүү мэдэгдэлдээ “Налайх дүүрэгт хийсэн үзлэг” гэсэн нь олон нийтийг төөрөгдөхөд хүргэсэн байна.
Өөрөөр хэлбэл Улаанбаатарт хийсэн сайн дурын үзлэг оношилгооны ажиглалт нь өөр газруудад болсон мэтээр түгсэн ба 22 хүүхдэд өвчлөл илэрсэн бус харин шинж тэмдэг илэрсэн, цаашид хянаж, анхаарах шаардлагатайг дурдсаныг эмгэг өвчлөл илэрсэн мэтээр түгээсэн байна. Түүнчлэн энэхүү ажиглалт нь өргөн хэмжээний судалгааны үр дүн биш бөгөөд улсын хэмжээнд хүүхдийн дундах өвчлөлийг дүгнэхэд хангалттай тоо, баримт биш юм.
Дүгнэвэл анхдагч эх сурвалжийн мэдээллийг гуйвуулан өөр агуулгаар хандалт авах зорилгоор түгээх, олон нийтийг айдаст автуулах энэ мэт үзэгдэл түгээмэл бөгөөд, ихэвчлэн зохион байгуулалттай түгээдэг.
Иймд та аливаа мэдээллийг авахдаа анхны эх сурвалжийг олох, мөн Монголын баримт шалгах төвийн пэйжийг дагаж, эх сурвалжаар баталгаажсан, бодитой мэдээллийг авч байгаарай. Эргэлзээтэй мэдээллийг манай АСУУ ухаалаг чатботоос асууж, “hello@mfcc.mn” цахим шуудангийн хаяг руу шалгуулах хүсэлтээ илгээх боломжтой.