2024 оны 09-р сарын 25-нд Mongol Unen нэртэй Хаягаас “Монгол улсад Эмэгтэй Жолооч нар 76% Хувь нь Жолооны ард хамгийн соёлгүй бүдүүлэг оролцдог гэсэн судалгаа гарчээ Жолооны ард утсаар өдөрт багдаа 4 Цаг Яридаг Хараалын үг хэллэг их хэргэлдэг Урд нь машин байхгүй байхад Хөдөлж ядаад явдггүй ор хөнжилдөө ч тийм сайн биш яг л Гудас Яг л эмгэн хумсны баримал аятай Бас улс төрд гараад дарга болоод ч каррер нь ахихгүй хүүхнүүд зүгээр л тогооны хүн хийгээд явж байвал таарна гэж эрчүүдийн 88% Үздэг байна” гэх мэдээллийг түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд “эмэгтэй жолооч нарын 76 хувь нь замын хөдөлгөөнд жолооны ард соёлгүй бүдүүлэг байдаг гэх судалгаа гарчээ” гэх агуулгыг дурдсан. Уг агуулгаар хайхад жолоочийн соёлтой байдалтай холбоотой Монгол Улсад хийсэн судалгаа огт байхгүй байна.
Статистикийн судалгаа
Тээврийн цагдаагийн албанаас гаргасан “Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл” судалгааны 13 дугаар цувралд 2023 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 1,527,790 жолооч байна. Үүнээс:
- 942,647 буюу 61,1% нь эрэгтэй,
- 585143 буюу 38,3% нь эмэгтэй жолооч байна.
2023 оны байдлаар зам тээврийн осолд холбогдсон нийт 22,332 жолооч байгаагийн
- 16,819 буюу 75.4% нь эрэгтэй,
- 5,513 буюу 24.6% нь эмэгтэй жолооч байна.
2023 оны байдлаар нийт 25,235 зам тээврийн осол гарсан бол жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн 24,575 осол бүртгэгджээ. Үүний 14.6 хувь буюу 3692 нь жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн байна.
Олон улс дахь судалгаа:
2022 оны 8-р сард US News & World Report 16 ба түүнээс дээш насны (46% эрэгтэй, 54% нь эмэгтэй) АНУ-ын 2000 жолоочоос судалгаа авчээ. Тус судалгаанд оролцогчдын нийт 64 хувь нь жолоо барьж байхдаа “уурлаж бухимдаж байсан”, 27 хувь нь ” утсаа оролдож байсан”, 31 хувь нь “зүүрмэглэж байсан”, 11 хувь нь “унтаж байсан” хэмээн хариулсан байна.
2020 оны байдлаар АНУ-д нийт 228,195,802 жолооч байгаагийн 49.34 хувь буюу 112,595,057 эрэгтэй, 50.66 хувь буюу 115,600,745 эмэгтэй жолооч байна. Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны (NHTSA) мэдээлснээр 2020 оны байдлаар 1.6 сая эрэгтэй, 1.1 сая эмэгтэй жолооч зам тээврийн осолд өртөж, гэмтсэн байна. Эрэгтэй жолооч нар эмэгтэй жолооч нараас 37 орчим хувиар илүү ноцтой автомашины осолд өртдөг аж.
Жолооч нарын холбогдсон ослыг хүндрэлийн зэргээр нь хүн нас барсан ослоор авч үзэхэд 39,112 нь эрэгтэй, 12,938 нь эмэгтэй жолооч байжээ. Эрэгтэй жолооч нар автомашины осолд өртөх магадлал илүү байдаг бол эмэгтэй жолооч нарын хувьд бэртэх магадлал 73 хувь, амь нас хохирох магадлал 17 хувиар их байдаг байна.
2022 оны байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч бүрд 4 эрэгтэй жолооч ноогдож байдаг гэдгийг АНУ-ын Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны тайланд харуулжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын даатгалын хүрээлэнгээс гаргасан статистик мэдээлэлд 1975-2022 он хүртэлх зам тээврийн ослын мэдээллийг харуулжээ. Тус статистикаас харвал бүх насны эрэгтэй жолооч эмэгтэй жолоочоос илүү автомашины осолд өртдөг байна.
Дүгнэлт
Олон нийтэд “эмэгтэйчүүд жолоо муу барьдаг” гэх хэвшмэл ойлголт түгээмэл байдаг. Бидний шалгасан мэдээлэлд “эмэгтэй жолоочийг бүдүүлэг, жолоо барьж, улс төрд карьераа өсгөж байснаас гал тогоондоо байсан дээр гэж эрэгтэйчүүдийн дийлэнх нь үздэг” гэх агуулгыг дурдсан. Өөрөөр хэлбэл тус мэдээлэлд эмэгтэй хүмүүс бүдүүлэг, соёлгүй, жолоо муу барьдаг гэх жендэрийн хэвшмэл ойлголтыг буулгаснаас гадна эмэгтэй хүн карьер хөөхгүй гэртээ байх нь зүйтэй гэх хэвшмэл ойлголтыг давхар шингээжээ. Жолоочийн соёлтой байдлын тухай судалгааг Монгол Улсад хийж байгаагүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран жолоочийн хувийн ур чадвар, нөхцөл байдал, анхаарал төвлөрөлт зэрэг зам тээврийн осол гарахад нөлөөлж болох юм. Тиймээс шалгасан мэдээлэл нь нийтлэг байдаг жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэж, зөвхөн нэг хүйсийг буруутгасан төдийгүй бодит судалгаа байгаа мэтээр худал мэдээлэл түгээсэн байна.