Search

Эмэгтэйчүүд биологи, нийгмийн шалтгаанаар ариун цэврийн өрөөнд эрчүүдээс илүү хугацаа зарцуулдаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1161

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ариун цэврийн өрөөг жендэрийн мэдрэмжтэй зохион байгуулах нь зүйтэй гэсэн агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Бие засах газарт 1 эрэгтэй, 2 эмэгтэй ариун цэврийн өрөө байвал зохистой хэмжээ” гэсэн зөвлөмжийг дэлхийн зарим улс баримталж байна.

2024.10.08-нд Punsaa Dulamsuren нэртэй хаягаас NTV телевизийн:

“жендэрийн_мэдрэмжтэй_мэдээлье Г.Лувсанжамц: Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө нэг дор байгаа нь эмэгтэйчүүдэд илүү тухгүй санагддаг байх. Бас эмэгтэйчүүдэд зориулсан суултуурын тоо цөөн байдаг нь жендэрийн хувьд маш зохимжгүй. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжгүй, хэт давчуу санагддаг. Уг нь жендэрийн энэ мэт асуудлыг хэрэгцээ гарсан үед биш ийм хэрэгцээ байдаг гэдгийг мэдэрч, урьдчилан төлөвлөсөн байх ёстой.” гэсэн мэдээллийн постыг скрийншот хийж, “Эрчүүдийн суултуур гэж юм энэ монголд чинь байна уу айн” гэх тайлбартайгаар постолжээ.  

Эх сурвалжийн мэдээлэл дэх гол агуулга нь эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай хэрэгцээг ойлгож, урьдчилан төлөвлөх шаардлагатай талаар хөндсөн буюу тодруулбал эмэгтэйчүүдэд зориулсан суултуурын тоо цөөн, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө нэг дор байдаг нь тохиромжгүй тухай ярьсан байна. Харин “Punsaa Dulamsuren” гэх хэрэглэгч энэ мэдээллийг “эрчүүдийн суултуур байна уу” гэсэн тайлбартайгаар цааш түгээжээ.  

Иймд эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөний хэрэгцээ, ялгаатай байдлыг судалсан судалгаануудын хүрээнд дээрх агуулгыг шалгалаа.  

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ариун цэврийн өрөөний хүртээмж 

“Азийн Хөгжлийн Банкны блог”-ийн мэдээлэл 

Тус мэдээлэлд дэлхий даяар ойролцоогоор 3 эмэгтэй тутмын 1 нь бие засах газраар дутмаг бөгөөд жил бүр 97 тэрбум цагийг ил задгайд бие засах газар хайхад зарцуулдаг тухай онцолсон байна. Мөн энэ нь ямар нэг бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлд ч хүргэж болзошгүй байдгийг дурджээ.  

  • Ариун цэврийн өрөөнд эмэгтэй хүн дунджаар 90 секунд, хэрэв хүүхэдтэй бол 5-10 минут зарцуулдаг бол эрчүүд бие засахдаа дунджаар 35 секунд, ариун цэврийн өрөөнд нийт 60 секунд зарцуулдаг талаар дурдсан байна. 
  • Эмэгтэй хүн ариун цэврийн өрөөнд эрчүүдээс илүү их цаг зарцуулдаг нь биологи, нийгэм, соёлын хэм хэмжээнээс шалтгаалдаг гэж үздэг. Жишээ нь, сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлээ солих гэх мэт биологийн үйл ажиллагаа хамаардаг. 

Эмэгтэй, эрэгтэй хүний ариун цэврийн өрөөний хэрэгцээ 

“YouGov” судалгаа, мэдээллийн аналитик компанийн мэдээлэл 

Их Британид төвтэй тус байгууллагаас 2017 оны төгсгөлд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 59% нь нийтийн ариун цэврийн өрөөнд тогтмол дараалал хүлээдэг бол эрэгтэйчүүдийн ердөө 11% нь дараалал хүлээдэг гэсэн тооцоо гарчээ.  

  • Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө ижил хэмжээтэй байдаг ч эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэл солих зэрэг шалтгаанаар угаалгын өрөө орох хэрэгцээ их байдаг нь дараалал үүсэхэд нөлөөлдөг.  
  • Эсрэг хүйстнийхээ ариун цэврийн өрөөг ашиглаж болох эсэх нь бас нэг асуудалтай зүйл юм. Уг судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 56% нь зайлшгүй бие засах шаардлагатай үед эрчүүдийн бие засах газарт орж болно хэмээн үзсэн бол 29% нь огт болохгүй хэмээн үзжээ. Харин эрчүүдийн хувьд, 52% нь шаардлагатай тохиолдолд эмэгтэйчүүдийн бие засах газарт орох нь зүгээр гэж үзэж, 32% нь болохгүй гэж хариулсан байна. Энэ 2 хувилбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үзэл бодол харьцангуй нэгдмэл байжээ. 

Гентийн их сургуулийн судалгааны мэдээлэл 

Белгийн Гентийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй бие засах газар яагаад эрэгтэйгээс илүү урт дараалалтай байдаг талаар судалжээ. Ийнхүү яагаад өөр байдагт дараах 3 үндсэн шалтгаан хамааралтай хэмээн тодорхойлсон байна.  

  1. Эмэгтэйчүүдийн бие засах газрын тоо эрчүүдийнхээс бага байдаг. Дундаж бие засах газрын талбайг авч үзэхэд эрэгтэйчүүдийн бие засах хэсэг эмэгтэйчүүдийнхээс 20-30 хувиар илүү байжээ. 
  1. Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бие засахдаа 1.5-2 дахин их хугацаа зарцуулдаг. Энэ нь шээс ялгаруулалт, бие засах өрөөний хаалгыг тус бүр 2 удаа нээж, хаах, суултуураа цэвэрлэх, хэд хэдэн хувцас тайлж, өмсөх гэх мэт ихэвчлэн практик шаардлагатай хамаардаг байна.  
  1. Эмэгтэйчүүд ариун цэврийн өрөөнд илүү их цаг зарцуулдаг болон ариун цэврийн өрөөний тоо цөөн байдаг зэрэг аль аль шалтгаан нь урт дараалал үүсэхэд нөлөөлдөг ба эрэгтэйчүүд дунджаар 1 минут, эмэгтэйчүүд дунджаар 1 минут 30 секунд бие засдаг байна. 

ABC news-ийн мэдээлэл 

Театр, концертын танхим гэх мэт үзвэр, үйлчилгээний газруудын эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөнд дараалал илүү үүсдэг тухай тус нийтлэлд дурджээ. Ялангуяа, үзвэрийн өмнө, завсарлагааны үеэр болон үзвэрийн дараа гэх мэт нь оргил үе болдог байна.  

Тодруулбал, Австралийн барилгын стандартын зөвлөлийн гүйцэтгэх захирал “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 34 дахин их хугацааг ариун цэврийн өрөөнд оочерлож байна. Эрэгтэйчүүд дунджаар 9 минут дараалал хүлээдэг байхад эмэгтэйчүүд 13 минут дараалал хүлээдэг” хэмээн  ярьсныг тус мэдээлэлд онцолжээ.  

Ариун цэврийн өрөөний зохист байдал 

Их Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд бие засах газрын хангамжийг улс даяар нэмэгдүүлж, бие засах газарт 1 эрэгтэй, 2 эмэгтэй ариун цэврийн өрөө байвал зохистой гэсэн зөвлөмжийг баримталж буй талаар “The Independent” цахим сонинд мэдээлжээ.  

Нийгмийн Эрүүл Мэндийн төлөөх Хааны Нийгэмлэг (RSPH)-ээс Их Британид хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгахын тулд АНУ, Канадын зарим хэсэгт хэрэгждэг 2:1 харьцааг даган мөрдөхийг зөвлөдаг байна. Жишээ нь: “хувцаслалт, сарын тэмдэг, анатомын ялгаа зэрэг хугацаа шаардсан хүчин зүйлийг харгалзаж, ариун цэврийн байгууламжийн зохист харьцаа эмэгтэйчүүдэд хамгийн багадаа 2:1 байх хэрэгтэй” гэжээ. 

Хүйс хамааралгүй ариун цэврийн өрөө: 

Хүйсээс хамааралгүй буюу хүн бүр орж болох тэмдэглэгээтэй ариун цэврийн өрөө гэж байдаг. Ийм өрөө нь эмэгтэйчүүдэд тулгардаг урт дарааллыг бууруулдаг талтай ч, нэг газарт цөөн тоотой байвал маш хурдан бохирдох магадлалтай талаар мэдээллүүд мөн байна. Учир нь, эрэгтэйчүүд суултуур дээр сууж бие засах боломжтой ч босоогоор бие засаж эргэн тойрноо бохирдол үүсгэх тохиолдол байдаг аж.  

Нөгөө талаар, хүйс хамааралгүй ариун цэврийн өрөө нь эрэгтэй, эмэгтэйгээс бусад хүйсийн, эсвэл аль нэг хүйсэд хамаардаггүй хүмүүст зориулах жендэрийн мэдрэмжтэй үйлдэл болдог байна. Зарим олон улсын их сургууль, оффисын барилгуудад энэ төрлийн ариун цэврийн өрөө харьцангуй их байдаг аж.  

Дүгнэлт  

Ариун цэврийн өрөө нь хүний биологийн анхдагч хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай зүйл юм. Холбогдох мэдээллүүдээс харахад биологийн болон нийгмийн хүчин зүйлээс шалтгаалаад ариун цэврийн өрөөний хэрэгцээ эмэгтэйчүүдэд илүү байдаг нь харагдаж байна. Энэ ч утгаараа бие засах газарт эмэгтэй ариун цэврийн өрөө цөөн байвал хүлээлгийн урт дараалал үүсдэг учир тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэжээ.  

Тиймээс, шалгасан мэдээллийн эх хувилбарт байсан эмэгтэйчүүдэд зориулсан суултуурын тоо цөөн байдаг нь жендэрийн хувьд маш зохимжгүй” гэсэн агуулга үнэн байгаа юм. Харин фэйсбүүк хэрэглэгч тухайн мэдээллийг түгээхдээ “эрчүүдийн суултуур байна уу” гэсэн нь хэдийгээр егөөдөж, тоглоом наргиан хийж байгаа ч эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний талаарх дээрх судалгаатай мэдээллүүдийг үгүйсгэх хандлага илэрхийлжээ. Егөөдлөөр дамжуулан хэвшмэл ойлголт амь бөхтэй орших нэг үндэс болдог тул бид баримт шалгалтаар бодит мэдээллийг хүргэлээ.

Нэгтгэн дүгнэвэл, биологийн ялгаатай байдал, ялгаатай хэрэгцээнээс үүдэн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоо олон байх нь тохиромжтой гэж олон улсад үздэг ба энэ нь жендэрийн мэдрэмжтэй үйлдэл гэдгийг мөн онцлох нь зүйтэй юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document