2024 оны 10 дугаар сарын 14-нд zarig.mn хаягаас “Маргаашаас эхлэн зөвхөн зөвшөөрөл авсан такси явна, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5 саяар торгоно” гэсэн пост оруулсан нь 3.1 мянга гаруй реакц, 1.3 мянга гаруй сэтгэгдэл авч, 447 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Уг мэдээлэл нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн заалтыг үндэслэн гаргасан байна. Тухайлбал,
- “Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйл.Нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль, дүрэм, журам зөрчих хэсэгт:
- 4.Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн.
Гэвч энэ хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан өдрөө буюу 2023 оны 12 сарын 07 өдөр УИХ-аас гаргасан 107 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхдөө “Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах” гэж зааж өгжээ.


Энэ нь хувийн унаагаараа цахим платформд (ubcab) бүртгүүлж, такси үйлчилгээ эрхэлдэг иргэдэд мөн торгуулийн заалт хамааралгүй гэсэн үг юм.
Хуулийн заалтад хамааралтай аж ахуйн нэгжүүдийн бусад зохицуулалт
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу Нийтийн Тээврийн Бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ НТБГ-т ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм. НТБГ-т хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван ААН байна. Энэхүү ААН-үүд 251 тээврийн хэрэгсэлтэй. MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартыг хангасан байх шаардлагатай талаар НЗДТГ-аас мэдээлжээ.
- Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйл Тусгай зөвшөөрөл хэсэгт
- 15.1.Автотээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5, 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ.
- 15.1.Автотээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5, 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ.
- Зөвшөөрлийн хуулийн 5.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
- 5.12.орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх гээд Аймаг, нийслэлийн Засаг дарга уг зөвшөөрлийг олгоно гэжээ.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29.1.14.орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000-10 000 000 төгрөг” гэж заасан байдаг. Эдгээр нь такси үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэд хамааралтай гэдгийг дахин сануулъя.