Search

Ковидын вакцин тариулсан хүмүүс үргүйдэлд хүрнэ гэх мэдээлэл батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1158

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ко вакцин тариулаагүй хүмүүс тариулсан хүнтэй, унтахгүй, гэр бүл болохгүй байхыг уриалж байна. Үргүйдэлд хүргэхээс гадна жаахан удахаараа биеийн аль нэг хэсэгт хорт хавдар үүсгэх аюултай. Аутоиммунийн (арьс, үе мөчний хүнд өвчнүүд), харшил, цус бүлэгнэл үүсгэж, цусан хангамжийн дутагдалд оруулж явсаар үхэлд хүргэх аюултай.” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ковидын вакцин тариулсан хүмүүс үргүйдэлд хүрнэ гэх мэдээлэл батлагдаагүй

2024 оны 10-р сарын 01-нд Bolorma Bat-ulzii  нэртэй хаягаас “Ko вакцин тариулаагүй хүмүүс тариулсан хүнтэй унтахгүй, гэрлэхгүй байхыг гадны эрдэмтэд уриалж бна. Яагаад гэвэл, графен оксид өргөст уураг (Sрiке уураг=S уураг) халдаж, вакцин авсан мэт бно. Дор зураг дээр вакц авсан 21 настай залуугийн үрийн шингэнд өргөст уураг маш их хэмжээтэй бсныг харуулжээ. Дараагийнх нь вакц тариулсан хижээл насны эрэгтэйн шингэн. Бас бөөн S уураг байсныг судалж илрүүлсэн бдал. Энэ уураг бол гадны уураг, дархлаа тогтооно гэж байхгүй, харин өвчин үүсгэх уураг. Үргүйдэлд хүргэхээс гадна жаахан удахаараа биеийн аль нэг хэсэгт хорт хавдар үүсгэх аюултай. Аутоиммунийн (арьс, үе мөчний хүнд өвчнүүд), харшил, цус бүлэгнэл үүсгэж, цусан хангамжийн дутагдалд оруулж явсаар үхэлд хүргэх  аюултай. Вакциныг судлаад яасан ч хүнд хийж болохгүй, хортой гэдгийг илчилсэн дэлхийн эмч мэргэжилтнүүд хавчигдсаар бна! мэдээлэл нь хаагдаж, эсвэл худлаа гэсэн гүтгэлэгт өртдөг. Дэлхийн ард олныг мэдлэггүй, харанхуйд барихыг улайрч байгаа мафи вакцины ард байдаг. Хүүхдээ, өөрийгөө аврах хүн та шүү” гэх мэдээллийн нийтэлжээ. Тус мэдээлэл нь нийт 64 реакц, 10 сэтгэгдэл авч, 75 удаа цааш түгээгдсэн.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google lens хайлтын системээр хайхад Германы Доктор Арне Буркхардтийн spike  уураг болон эр бэлгийн эсийн тухай ярьж буй бичлэгийг orvosokatisztanlatasert гэх  сайтад нийтэлснийг оллоо.

Доктор Арне Буркхардт гэх хүний мэдээллүүдийг Германы Correctiv баримт шалгах төвөөс “ковидын вакцин хүний биед гэмтэл учруулсан, үхэлд хүргэсэн гэх дүгнэлт бүхий судалгаанууд нь үндэслэлгүй” болохыг хэд хэдэн удаа шалгаж байжээ.

Тус бичлэгт шалгасан мэдээлэлд оруулсан зургийг “Ковидын вакцин хийлгэснээс хойш 140 хоногийн дараа нас барсан 28 настай эрийн төмсөг, үрийн шингэнд spike уураг байгааг харж болно. Зургаас харахад эр бэлгийн эс биш spike уураг ихээр илэрсэн. Мөн хөгшин настай эрд spike уураг ихээр илэрсэн. Нэг ч эр бэлгийн эс байхгүй байна. Шинжлэх ухааны бус  хувийн санал шүүмжлэл өгөхөд хэрвээ би нөхөн үржихүйн насны эмэгтэй байсан бол ковидын вакцин хийлгэсэн хүнтэй гэр бүлээ төлөвлөхгүй байсан“ гэх агуулгаар тайлбарлажээ.

Ковидын вакцин эрэгтэй хүний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөггүй

Германы баримт шалгах төв Correctiv Доктор Арне Буркхардтийн ашигласан аргаар spike уургийг илрүүлэх тохиромжгүй гэдгийг андрологи (эрэгтэйчүүдийн анагаах ухаан) болон урологийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс тодруулжээ. Мөн Германы эмгэг судлалын нийгэмлэг Арне Буркхард болон Ланг нарын мэдээллийг “шинжлэх ухааны үндэслэлгүй” хэмээн шүүмжилсэн байна.

Шалгасан мэдээлэлд ашигласан зураг буюу Арне Буркхардтийн харуулсан эр бэлгийн эсийн зургийг хараад хэд хэдэн клиникийн мэргэжилтнүүд “spike уургийн шинж тэмдэг байхгүй, зургаас тодорхойлох боломжгүй” гэх хариултыг Correvtiv баримт шалгах төвд өгсөн байна. Мөн судалгааны өмнөх ба дараах эсийн төлөв байдлыг харьцуулж харуулсан зураг байхгүй байгаа нь нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг батлах боломжгүйг Гиссений их сургуулийн Доктор профессор Андреас Майнхардт хэлжээ.

2021 онд хийсэн “Ковид-19 мРНХ-ийн вакцин эр бэлгийн эсийн чанарт нөлөөлөх” судалгаагаар вакцины 2 тунг тариулсан бүлгийн эр бэлгийн эсийн эмнэл зүйн хувьд мэдэгдэхүйц бууралт ажиглагдаагүй бөгөөд уг вакцин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлдөггүй харуулжээ.

2022 онд 10 дугаар сард “Вакцин” сэтгүүлд нийтлэгдсэн “COVID-19 вакцины нөхөн үржихүйд үзүүлэх нөлөө – Системчилсэн тойм, мета-анализ” судалгаагаар “Өнөөг хүртэл нийтлэгдсэн судалгаануудад үндэслэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн COVID-19 вакцин болон нөхөн үржихүйн чадамж буурах хоёрын хооронд ямар нэгэн хамаарал байгаа гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй” хэмээн дүгнэжээ. Уг судалгааг PubMed, Scopus, Web of Science, Cochrane болон Embase мэдээллийн сангаас 2022 оны 06 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл зөвхөн нэг хэлээр хязгаарлахгүйгээр хайж хийсэн байна.

АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Хүрээлэнгийн 2022 оны судалгаагаар “Ковид 19 вакцинжуулалт нь хүүхэдтэй болох магадлалд нөлөөлдөггүй” болохыг харуулсан байна. Тус судалгаанд 2000 гаруй хосыг хамруулсан бөгөөд вакцин хийлгээгүй хосуудтай харьцуулахад эрэгтэй, эмэгтэйн аль нэг нь  вакцин хийлгэсэн тохиолдолд жирэмсэн болох магадлал хоорондоо ямар ч ялгаагүй хэмээжээ.

AFP , Reuters агентлаг, Correctiv (энд бас энд), Politifact зэрэг Олон улсын баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж ковидын вакцин эр бэлгийн эсийг устгадаг нь баримтаар нотлогдоогүй тухай мэдээлжээ.

Ковидын вакцин хийлгэсэн хүнтэй унтах, гэр бүл болоход эмэгтэй хүний нөхөн үржихүйд муугаар нөлөөлөхгүй

Бэлгийн харьцааны үед вакцин нэг хүнээс нөгөөд хэрхэн дамжихыг тайлбарласан биологийн механизм, хангалттай шинжлэх ухааны судалгаа байхгүй.

Reuters агентлагийн 2021 оны 04 дүгээр сарын 24-нд нийтлэгдсэн баримт шалгалтад “вакцин хийлгэсэн хүнээс хийлгээгүй хүн рүү дамжих боломжгүй бөгөөд вакцин хийлгэсэн хүнтэй харилцаанд орох нь эмэгтэй хүний нөхөн үржихүйд муугаар нөлөөлөхгүй” хэмээн тайлагнажээ.

Францын баримт шалгах төв Science Feedback вакцин хийлгэсэн хүнтэй бэлгийн харьцаанд ороход цусаар дамжиж вакцин халдварлана гэх агуулгатай мэдээлэлд баримт шалгалт хийж, “COVID-19 вакцин нь бие махбодод үржиж, нэг хүнээс нөгөөд дамжих боломжгүй” гэх дүгнэлтийг гаргажээ.

Ковидын вакцин хорт хавдар үүсгэдэг гэх шинжлэх ухааны хангалттай нотолгоо байхгүй

Америкийн хавдрын нийгэмлэг болон Хавдар судлалын үндэсний хүрээлэн албан ёсны сайтдаа Ковид-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг, дахин сэдрээдэг, өвчний даамжралд хүргэдэг гэх нотолгоо байхгүй тухай мэдээлсэн.

Мөн AFP, USAToday, AP агентлаг, Science feedback болон FactCheck.org баримт шалгах төвөөс ковидын вакцин хорт хавдар үүсгэдэг гэх агуулгад баримт шалгалт хийж, ковидын вакцин, хорт хавдрын хооронд хамаарал байхгүй тухай тайлагнасан байна.

USAToday: Жонс Хопкинс Блүүмбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эх, хүүхдийн эрүүл мэндийн өвчний тархвар судлаач (эпидемиологич) Виктория Чоу USAtoday сайтад “COVID-19 вакцин нь хорт хавдар тусах эрсдэл өндөртэй холбоотой гэсэн мэдэгдэл олон жилийн турш эргэлдэж байсан ч эдгээр мэдэгдлийг батлах нотолгоо байхгүй байна” гэх мэдээллийг өгсөн.

AFP агентлаг: АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) хэвлэлийн төлөөлөгч Ник Спинелли AFP агентлагт “Ковид-19 вакцин нь ямар ч төрлийн хорт хавдар үүсгэдэг болохыг нотлох нотолгоо байхгүй” хэмээн мэдэгджээ.

Ковидын вакцин аутоиммуни өвчин үүсгэдэг үү?

Ковидын вакцин аутоиммун өвчинтэй холбоотойг харуулсан хэд хэдэн судалгаа бий ч уг судалгаануудад вакцин хийлгэсний дараа зарим төрлийн аутоиммун өвчнөөр өвчилсөн (7, 17, 39 кэйс) тохиолдлыг судалж “ковидын вакцинтай холбоотой” хэмээн дүгнэсэн байна. Гэвч үүнээс олон тооны хүмүүс хамруулсан судалгаануудаар “ковидын вакцин аутоиммун өвчин үүсгэхтэй холбоогүй” гэдгийг харуулжээ. Тухайлбал:

Британийн ревматологийн нийгэмлэгийн сэтгүүлийн 62 дахь дугаарт хэвлэгдсэн “COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт нь аутоиммун ревматик өвчний дэгдэлттэй холбоотой юу? Өөрийгөө хянадаг тохиолдлын цуврал шинжилгээ” судалгаанд аутоиммун ревматик өвчний 3,554 тохиолдлыг хамруулсан бөгөөд Корона вирусийн эсрэг вакцин аутоиммун ревматик өвчний дэгдэлт ихсэхтэй холбоогүй гэх дүгнэлтийг гаргажээ.

Мөн 2020 ны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл ХонКонгд хийсэн ” COVID-19-ийн дараах аутоиммун өвчний эрсдэл ба вакцинжуулалтаас хамгаалах нөлөө: хүн амд суурилсан когортын судалгаа”-ны үр  дүнд COVID-19-ийн халдвар нь янз бүрийн аутоиммуни өвчнөөр өвчлөх эрсдэлтэй холбоотой бөгөөд COVID-19-ийн вакцин хийлгэснээр эрсдэлийг бууруулах боломжтой хэмээн дүгнэжээ.

Уг агуулгаар USAToday, AP агентлаг, Science Feedback болон Health feedback төвөөс баримт шалгалт хийж “ковидын вакцин аутоиммун өвчнийг үүсгэдэг гэх тодорхой нотолгоо байхгүй” гэх агуулгаар тайлагнажээ.

Мөн UNICEF-ийн албан ёсны сайтад 2021 онд нийтлэгдсэн мэдээлэлд ХДХВ болон аутоиммун өвчтэй хүмүүс эмчийн зөвлөгөөгөөр ковидын вакцин хийлгэж болно хэмээн мэдээлжээ.

Аутоиммуни өвчин гэж юу вэ?

Биеийн дархлааны систем өөрийн эрүүл эд эсийг гаднын эстэй андуурч, халдахыг Аутоиммуни өвчин гэж нэрлэдэг. Нийтлэг шинж тэмдэг нь ядрах, халуурах, булчин өвдөх, үе мөч өвдөх, хавдах, арьсны асуудал, хэвлийгээр өвдөх, хоол боловсруулах эрхтний эмгэг, булчирхай хавдсан зэрэг орно. Хүний биеийн янз бүрийн хэсэгт нөлөөлдөг 80 гаруй төрлийн аутоиммун өвчин байдаг. Тухайлбал, үе мөчний ревмаочд артрит, Шергений хам шинж, системийн чонон хөрвөс, хоол боловсруулах замын шархлаат колит, дотоод шүүрлийн системийн грейвсний, арьсны дерматомиозит зэрэг биеийн янз бүрийн хэсгийг хамарсан олон төрлийн аутоиммун өвчин бий.

Аутоиуммни өвчний шалтгаан тодорхойгүй ч зарим эрсдэлт хүчин зүйлүүд аутоиммуни өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Удамшил- зарим аутоиммуни өвчин удамшлын шинж чанартай байдаг.
  • Тамхи татах
  • Аутоиммуни өвчинтэй бол өөр төрлийн аутоиммуни өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг
  • Хорт бодист өртөх
  • Таргалалт
  • Хавдар
  • Зарим төрлийн эм бэлдмэлийн гаж нөлөөнөөс үүдэн өвчин үүсэх эрсдэлтэй аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

Google lens хайлтын системын илэрц

orvosokatisztanlatasert сайтад нйитлэгдсэн Арне Буркхардтийн бичлэг

Германы баримт шалгах төв Correctiv

Ковид-19 мРНХ-ийн вакцин эр бэлгийн эсийн чанарт нөлөөлөх” судалгаа

Вакцин” сэтгүүлд нийтлэгдсэн “COVID-19 вакцины нөхөн үржихүйд үзүүлэх нөлөө – Системчилсэн тойм, мета-анализ” судалгаа

АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Хүрээлэнгийн 2022 оны судалгаа

Вакцин болон эр бэлгийн эсийн тухай баримт шалгалт

Бэлгийн харьцааны үед вакцин нэгээс нөгөөд дамжилаггүй тухай баримт шалгалт

Америкийн хавдрын нийгэмлэгийн албан ёсны сайт 

Хавдар судлалын үндэсний хүрээлэн албан ёсны сайт

Вакцин болон хорт хавдарын тухай баримт шалгалт

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт нь аутоиммун ревматик өвчний дэгдэлттэй холбоотой юу? Өөрийгөө хянадаг тохиолдлын цуврал шинжилгээ” судалгаа

COVID-19-ийн дараах аутоиммун өвчний эрсдэл ба вакцинжуулалтаас хамгаалах нөлөө: хүн амд суурилсан когортын судалгаа

Ковидын вакцин болон аутоиммун өвчний тухай баримт шалгалт

Unicef-ийн албан ёсны сайт 

Аутоиммун өвчний тухай мэдээлэл

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document