2024 оны наймдугаар сарын 21-ий өдөр “Зөв.мн” сайтад олимпын хоолзүйч С.Хулангаагийн ярилцлагын рийл оржээ. Уг бичлэгт “Уургийг урт хугацаанд уувал төмсгөний хорт хавдар тусна” гэсэн агуулгыг ярьжээ.
Тухайн ярилцлагад баримтаар шалгах боломжтой дараах агуулгуудыг хөнджээ.
- Уураг бол хэдэн триллион ам.доллароор хэмжигдэж байгаа бизнес. Уургийн талаарх муу мэдээллийг үргэлж дарж байдаг.
- Харвардаас 2019 онд уурагтай холбоотой хийсэн бүх судагааг нэгтгээд хийсэн мета анализ судалгаагаар “уураг бол төмсөгний хорт хавдар үүсгэдэг” гэсэн дүгнэлт гаргасан.
- Уургийн масс хэрэглээ харьцангуй шинэ учраас магадгүй 10-аад жилийн дараа илүү тодорхой судалгаа гарах байх гэсэн байна.
Уг мэдээллийг шалгуулах хүсэлтийг манай Instagram хуудсаар илгээсэн юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уургийн нэмэлтийн зах зээлийн хэмжээ “хэдэн триллион доллар” бус, 2024 оны байдлаар 28.1 тэрбум ам.долларт хүрсэн байна
Бизнесийн судалгааны “Fortune Business Insights” сайтад уургийн нэмэлтүүдийн зах зээлийн хэмжээ, эзлэх хувийн талаар харуулжээ.

Судалгаагаар “Уургийн нэмэлтүүдийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2023 онд 26.10 тэрбум ам.доллар байсан. Жилийн нийлмэл өсөлтийн түвшин 8.81%-иар өсөж 2024 онд 28.15 тэрбум ам.доллар болсон байна.
Мөн энэ үзүүлэлт 2032 он гэхэд 55.32 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна” гэж дүгнэсэн байна.
Үүний шалтгааныг уургийн нэмэлтүүдийн шим тэжээл, ашиг тусын талаарх хэрэглэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх олон тооны сурталчилгааны кампанит ажил, худалдан авах чадвар, амьдралын хэв маягийн өөрчлөлт зэрэгтэй холбоотой гэж тайлбарлажээ.
- “Тамирчдад зориулсан хоол тэжээлийн нэмэлтүүд нь хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, дасгал сургуулилтыг сайжруулах, булчингийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд синтетик орц найрлагатай холбоотой асуудлууд нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан спортын хоол тэжээлийн салбарт байгалийн гаралтай уургийн нэмэлтийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах болсон. Энэ хүрээнд нано, микро капсулжуулалтын технологийн сувгийг нэмэгдүүлж буй нь уг зах зээлийг шинээр нээж, улам өргөжих шалтгааны нэг болж байна. Мөн уургийн нэмэлтийг үйлдвэрлэхэд нанотехнологи ашиглах нь шим тэжээл өндөртэй, сайжруулсан бүтээгдэхүүнийг бий болгоход тустай” гэж дээрх судалгаанд дурджээ.
Харвардын судалгаанд төмсөг, төмсөгний үр хөврөлийн хорт хавдраар өвчлөхөд шууд нөлөө үзүүлдэг талаар илүү нарийн судлах шаардлагатай гэжээ
Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулиас жин хасах, булчин нэмэхэд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүний талаарх олон тооны судалгааг “Эмийн жоргүй зардаг хоолны дэглэмийн эм, булчин нэмэгдүүлэх нэмэлт бүтээгдэхүүнүүд аюулгүй юу? Судалгааны хариулт нь “Үгүй”” гэсэн гарчигтайгаар нэгтгэж хүргүүлсэн байна.

Тухайлбал, “АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс элэгний цочмог үрэвсэл, элэгний дутагдлын батлагдсан 29 тохиолдлын 24 нь өвчин эхлэхээс 60 хоногийн дотор жин хасах, булчин нэмэгдүүлэх зорилгоор худалдаалагддаг “OxyELITE Pro” хэмээх хүнсний нэмэлтийг хэрэглэсэн гэж мэдээлсэн” байна.
Мөн уургийн нэмэлт, анаболик стероид, дааврын нэмэлт зэрэг нь төмсөг, төмсөгний үр хөврөлийн хорт хавдраар өвчлөхөд шууд нөлөө үзүүлдэг талаар илүү нарийн судалгаа хийхэд хугацаа шаардлагатайг дурджээ.
Булчингийн масс нэмэгдүүлэх дааврын нэмэлт нь элэгний гэмтэл, цөсний ялгаралт, төмсөгний эмгэг, хөхний эд эсийн өсөлт, үргүйдэл зэргийн нийтлэг шалтгаан болдог
- Энэ нь уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүний (мах, өндөг сүүн бүтээгдэхүүн) талаар бус булчин, жин, хүч зэргийг нэмэгдүүлэхийн тулд ашигладаг дааврын нэмэлтийн талаарх судалгаанууд юм.
2015 онд Британийн хорт хавдрын сэтгүүлд нийтлэгдсэн “Булчинг нэмэгдүүлэх нэмэлт тэжээл хэрэглэх нь төмсөгний үр хөврөлийн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар Коннектикут, Массачусетсийн эрчүүдэд хийсэн судалгаа”-аар хоёр буюу түүнээс дээш төрлийн уургийн нэмэлтийг урт хугацааны турш хэрэглэсэн эрчүүд төмсөгний үр хөврөлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байсныг харуулжээ. Уг судалгааг 1000 орчим эрэгтэйн дунд явуулсан бөгөөд төмсөгний үр хөврөлийн хорт хавдар туссан эрчүүд төмсөгний үр хөврөлийн хорт хавдар тусаагүй эрчүүдээс илүү их булчинг нэмэгдүүлэх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг болохыг тогтоосон байна.
Зарим төрлийн нэмэлт бүтээгдэхүүнд анаболик стероид агуулсан байдаг бөгөөд уг дааврын нэмэлт нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байдаг гэнэ. Энэ талаар Америкийн Андрологийн нийгэмлэг ба Европын Андрологийн академийн мэргэжилтнүүд гаргасан “Жоргүй олгодог булчингийн нэмэлт уургууд ба андрогенийн тухай” судалгаандаа “Нэмэлт тэжээлүүд нь төрлөөсөө хамааран “про-гормон”, “байгалийн стероид”, “тестостерон нэмэгдүүлэгч” зэрэг олон тооны бодис агуулсан байдаг. Үүнээс анаболик стероид агуулсан нэмэлтүүд хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Эдгээр нэмэлт нь элэгний гэмтэл, цөсний ялгаралт, төмсөгний эмгэг, хөхний эд эсийн өсөлт, үргүйдэл зэргийн нийтлэг шалтгаан болдог. Иймд дааврын нэмэлт, булчингийн уураг зэргийг хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна” гэжээ.
Шалгаж буй бичлэгт уургийн ямар төрөл гэдгийг тодорхой хэлээгүй ба бизнесийн зах зээлийн хэмжээг хэтрүүлэн тайлбарласан, Харвардаас хийсэн мета анализ судалгааны дүнгээс дутуу мэдээлсэн зэрэг нь нь олон нийтийг төөрөгдөхөд хүргэжээ.