Энгийн эмийн жор эмнэлгийн тамгагүй ч хүчинтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1155

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эмчийн тамга, эмнэлгийн тамга хоёуланг нь даруулж байж эмээ авах юм байна шүү, АНХААРААРАЙ” гэсэн пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг тусгай тэмдэглэгээтэй, улсын нэгдсэн дугаарлалт, индекстэй жорын маягтад бичиж, эмнэлгийн тамга даруулна.
  • Харин энгийн эмийн жоронд эмчийн гарын үсэг, эмчийн тэмдэг байхад хүчинтэй. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жорыг энгийн эмийн жорын маягт дээр эмчийн болон эмнэлгийн тэмдгээр баталгаажуулна.

2024 оны 10 дугаар сарын 10-нд MK Urnaa хаягаас “Эмчийн тамга, эмнэлгийн тамга хоёуланг нь даруулж байж эмээ авах юм байна шүү, АНХААРААРАЙ” гэсэн пост оруулсан байна. Уг пост нь “Охин хий ханиалгаад өчигдөр эмийн сан ороод эм авах гэсэн Жоргүй бол өгөхгүй гэлээ. Тэгээд өглөө ажлаасаа, хүүхдээ хичээлээс нь чөлөө аваад журмын дагуу өрхийн эмнэлэг орж эм бичүүлчихлээ. Орой ажил тараад эм авах гэсэн өгдөггүй. Яагаад гэсэн эмчийн тамга байгаа ч, эмнэлгийн тамгагүй бол өгөхгүй гэнэ. Тэгээд одоо 1 дэх өдөр хүртэл ханиадаа эмчилж чадахгүй хүндрүүлэх л болж бна даа” гэж өөрт тохиолдсон хүндрэлээ бичсэн байна.

Хураангуй:

  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг тусгай тэмдэглэгээтэй, улсын нэгдсэн дугаарлалт, индекстэй жорын маягтад бичиж, эмнэлгийн тамга даруулна.
  • Харин энгийн эмийн жоронд эмчийн гарын үсэг, эмчийн тэмдэг байхад хүчинтэй. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жорыг энгийн эмийн жорын маягт дээр эмчийн болон эмнэлгийн тэмдгээр баталгаажуулна.

ЭМЯ-ны YouTube сувагт байршуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяагийн ярилцлагад “Энгийн, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн жор гэж 3 төрөл бий. Энгийн эмийн жоронд заавал эмнэлгийн тамга шаардахгүй. Таныг үзсэн эмч гарын үсгээ зураад, тэмдэгээ дарсан бол хүчинтэй” гэж ярьсан байна.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ-ын пэйжид “Эмийн жор нь эмчийн тэмдгээр баталгаажсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор нь эмчийн тэмдэг, ерөнхий эмчийн гарын үсгээр баталгаажсан байх шаардлагатай. Жишээлбэл, антибиотик эм нь энгийн эмийн ангилалд хамаарах бөгөөд жорыг эмчийн тэмдгээр баталгаажсан тохиолдолд олгоно” гэсэн байна.

2016 онд баталсан Эмийн жорын маягт, жор бичилтын стандарт мөрдөгдөж байна

Монгол Улсын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан MNS 5376-2016 “Эмийн жорын маягт, жор бичилт” стандартыг мөрдөж эхэлсэн байна.

Уг стандартын 4.4, 4.5-д мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жоронд тусгай тэмдэглэл буюу индекс, мөн дугаарлалт хэрэглэхийг зааж өгсөн ба ногоон, шар зураастай тусгай жорын маягт хэрэглэдэг гэжээ. Энэхүү маягтыг улсын нэгдсэн дугаартай, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар стандартад заасны дагуу хэвлүүлж, дугаарлаж, эрүүл мэндийн байгууллагуудад түгээдэг байна.

Ийм тэмдэглэгээтэй маягт дээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг бичүүлж авсан тохиолдолд эмнэлгийн тамга зайлшгүй хэрэгтэй, бусад энгийн эмийн жорыг тэмдэглэгээгүй маягт дээр бичиж, эмчийн тамгатай байхад хүчинтэй гэдгийг зааж өгжээ.

Жорын стандартаас нэмэлт мэдээлэл хүргэе:

  • 6.2. Цахим жор бичих зарчим, журмыг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу (мансууруулах эмэнд хамаарахгүй) бичнэ.
  • 6.17. Энгийн эмийн жорыг эмчийн тэмдгээр, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийг энгийн эмийн жорын маягт дээр эмчийн болон эмнэлгийн тэмдэгээр, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жорыг эмчийн тэмдэг, ерөнхий эмчийн гарын үсэг, тамга дарж баталгаажуулна.
  • 6.19. Жор бичигдсэн өдрөөс хойш 7 хүртэлх хоногийн хугацаанд хүчинтэй.
  • 7.3. Жороор олгох эмийг жоргүй олгохыг хориглоно.
  • 7.5. Жор баригч жорыг хүлээн авч, тохирох бүртгэлийг холбогдох стандарт, журамд заасны дагуу хөтөлнө.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж:

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяагийн ярилцлага

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ-ын мэдээлэл

 

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document