Search

Майонезаар бөөс арилгах арга үр дүнгүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1154

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Майонез үсэндээ битүү түрхээд гялгар уутан малгай өмсөх эсвэл ороож унтаад өглөө нь угааснаар бөөс арилна гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бөөс арилгахын тулд майонез хэрэглэх нь үр дүнгүй бөгөөд эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. Майонез нь зөвхөн нас бие гүйцсэн бөөсөнд л үйлчлэх боломжтой. Өндөгний дотор боловсорч буй бөөсөнд гаднын шим тэжээл шаардлагагүй тул майонез ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бөөсний өндөг нь үсний уутанцарт маш хүчтэй наалддаг бөгөөд майонезыг зайлж, угаахад урсахгүй үлдэж хэдхэн хоногийн дараагаас дахин гарч эхэлдэг байна.

2024 оны аравдугаар сарын 9-ий өдөр “Lucky Dorj” нэртэй хаягаас “Бөөс арилгах, бөөс устгах арга зам гээд групп байдаг юм байна. 14 мянга гаруй гишүүнтэй. Цэцэрлэгийн хүүхдүүд ихээр бөөстөж байгаа гэнэ. Нэг сонин арга байна. Майонез үсэндээ битүү түрхээд гялгар уутан малгай өмсөх эсвэл ороож унтаад өглөө нь угаана гэнэ. Бөөс хуурс bye пока чао болноо л гэж байна. Гэснээс ерээд оны эхээр хөдөө ажлаар яваад ирэхдээ үс бөөстөөд ирсэн. Дүү нар сэжиглээд эвхдэг орон дээр унт. Аяга тавгаа тусгаарла юу юу гэнэв ээ ад үзээд сүйд. Ээж маань харин арц буцалгасан усаар угаагаад, уксус шингэрүүлж найруулаад үсэнд шавшаад битүү боож хэсэг хугацааны дараа угаагаад бөөснөөс салсан санагдана. Бөөс ч асуудал шүү!” гэсэн тайлбартай пост нийтэлжээ

Бөөсний амьдралын орчин, халдварлах зам 

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллагын мэдээлж буйгаар хүний бөөсийг толгойн, биеийн, умдагны үсний гэж 3 ангилна. Эдгээр нь биеийн нэг хэсэгт зэрэг амьдардаггүй. 

Pediculus humanus capitis буюу толгойн бөөс нь шимэгчлэгч шавж бөгөөд толгой, хөмсөг, сормуус зэрэгт амьдарна. Хүний цусаар хооллох тул хуйх хамгийн тохиромжтой орчин. Толгойн бөөс ямар нэг өвчин халдаадаггүй. Гэхдээ бөөсөнд хазуулсан шархаа маажих, урах зэрэгт шарх үрэвсэж, арьсан дээр байх нянгийн үйлчлэлээр хүндрэх боломжтой. 

Толгойн бөөс мөлхөж хөдөлдөг, үсэрч чадахгүй. Толгойн бөөстэй хүнтэй шууд хүрэлцэх үед халдварлана. Мөн тухайн хүний хэрэглэсэн хувцас хэрэглэл, дэрний уут, хөнжил, сам, багс, алчуур зэргээр дамжих боломжтой. Ариун цэвэрч эсэхээс үл хамааран ямар ч хүнд халдварладаг. Иймд бохир заваан эсэх бөөстэй байхтай төдийлөн хамааралгүй. 

Амьдралын мөчлөг нь бөөсний өндөг, биежиж буй бөөс, нас бие гүйцсэн гэж ялгарна. 

Толгойн дундуур амьтан явж буй мэт загатнах мэдрэмж төрөх, хазсан шарх нь загатнах, хуйх мэдрэгшиж шөнө унтахад тухгүй болох, хуйханд хөндүүр шарх үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Бөөсийг арилгахын тулд майонез хэрэглэх нь үр дүнтэй арга мөн үү? 

Толгойн бөөс олон улсад ч түгээмэл байдаг бөгөөд энэ чиглэлээр дагнасан платформ хөгжүүлж, судалгаа, зөвлөгөөг хүргэдэг байна. Тухайлбал, Америкийн бөөсний клиник судлалын байгууллага бий бөгөөд тэндээс бэлтгэсэн бөөсний эсрэг түгээмэл ашигладаг аргуудын талаарх нийтлэлд майонез хэрэглэх нь үр дүнгүй бөгөөд эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэжээ. Майонезыг хэрэглэх нь шавжийн амьсгалын механизмыг хааж, агаарыг хязгаарлан үхүүлэх зорилготой. Бөөс нь спираклууд буюу биеийнх нь дагуу байрлах нүхнүүдээр дамжуулан амьсгалдаг. Майонез шиг өтгөн бодис нь бөөсний амьсгалах замыг бөглөж болох ч тэд нэг дор олон цагийн турш амьсгалаа барьж чаддаг хуйхыг удаан хугацаанд битүүмжлэх ёстой. Гэвч энэ арга нь зөвхөн нас бие гүйцсэн бөөсөнд л үйлчлэх боломжтой. Өндөгний дотор боловсорч буй бөөсөнд гаднын шим тэжээл шаардлагагүй тул майонез ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бөөсний өндөг нь үсний уутанцарт маш хүчтэй наалддаг бөгөөд майонезыг зайлж, угаахад урсахгүй үлдэж хэдхэн хоногийн дараа дахин гарч эхэлдэг байна.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллагаас (CDC) “Бөөсийг майонез, чидун жимсний тос, маргарин болон бусад бодисоор амьсгал боогдуулан устгадаг талаар шинжлэх ухааны тодорхой нотолгоо байхгүй” гэжээ.
 
Мөн майонезаар бөөс арилгах арга нь эрсдэл дагуулах магадлалтай. “Майонезыг хонуулахын тулд гялгар уут, хүнсний боодол зэргийг тавьдаг. Энэ нь унтах явцад гялгар уут хөдөлж хүүхдийн ам руу орох, гулсах зэргээр амьсгал боогдуулах эрсдэлтэй. Түүнээс гадна уг бүтээгдэхүүн нь хурдан мууддаг тул амьсгалах, залгих үед хоолны хордлого үүсгэж болзошгүй” юм байна.

Толгойн бөөсийг эмчлэх аюулгүй аргууд

Эрүүл мэндийн талаар мэдээлдэг Маёо клиник сайтад гэрийн нөхцөлд бөөснөөс салах аргуудыг хуваалцжээ. Үүнд,  

  • Өрхийн бусад гишүүдэд бөөс байгаа, шинж тэмдэг илэрсэн эсэхийг шалгах, 
  • Бөөс устгах зориулалтын шампунийг зааврын дагуу хэрэглэх,
  • Үсээ нойтноор нь самнах. Нойтон үснээс бөөсийг арилгахын тулд нарийн шүдтэй, зориулалтын сам хэрэглэх, 
  • Ор дэрний цагаан хэрэгсэл, чихмэл амьтан, хувцас, малгай зэргийг халуун, савантай усаар угаах,
  • Угааж болохгүй зүйлсийг хоёр долоо хоногийн турш битүүмжилсэн уутанд хийх.

Дээр дурдаж буй анхан шатны арга хэмжээг авсны дараагаар мэргэжлийн арьс, харшлын эмчид хандахыг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document