Вакцины талаар зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1153

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Автобусанд буй зорчигчдод “вакцинд мөнгөн ус агуулдаг болохоор хор хөнөөлтэй, умайн хүзүүний хорт хавдар нэрийн дор эрэгтэй хүүхдүүдэд вакцин хийх гэж байна, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэгтэй болтлоо хүүхдүүдийн эрүүл мэнд муудсан, ирээдүйг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авч явж чадахгүй” гэсэн агуулгатай мэдээлэл түгээж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ.

Баримт шалгалтын үр дүн

Умайн хүзүүний хорт хавдрын ихэнх тохиолдол (99%) нь бэлгийн замын халдвартай холбоотой байдаг. Хүний папиллома вирус нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн замын бусад төрлийн хорт хавдар (толгой, хүзүү, бэлэг эрхтэн) үүсгэдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас умайн хүзүүний хорт хавдрыг устгах ажлыг түргэсгэх дэлхийн стратегид охидыг 15 наснаас өмнө вакцинжуулахыг зөвлөсөн. Зарим төрлийн олон тунгаар хэрэглэдэг вакцинд тиомерсал гэх мөнгөн усны суурьтай хадгалагч бодисыг агуулдаг. Энэ нь вакцин хийлгэхээр бэлтгэж байх үед тариурын зүү хуруу шилэнд орох үед бактери, мөөгөнцөр орж ирэхээс сэргийлдэг. Тиомерсал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар батлагдсан судалгаа байхгүй.

2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр “Жаргалсайхан Тугчин” нэртэй хаягаас “Вакцин бол ЭМЯ-ны шахааны бизнес! Хүүхэд өөрийнхөө дархлаагаар эдгэх ёстой! Ковид шиг юм хийхээ одоо больж үз!” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Уг бичлэгт автобусанд зорчигчдод мэдээлэл өгч байгаа эмэгтэй гарах бөгөөд ярианд нь баримтаар шалгах боломжтой дараах агуулгууд байна.

  1. 10 дугаар сарын 1-нээс умайн хүзүүний хорт хавдар нэрийн дор бүр эрэгтэй хүүхдүүдэд маань хийх гээд байна
  2. Ковидын вакцинаас болж маш их хүн хохирсон
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэгтэй болтлоо хүүхдүүдийн эрүүл мэнд муудсан. Ирээдүйг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авч явж чадахгүй
  4. Цус руугаа шууд мөнгөн усыг вакцинаар дамжуулж оруулаад байна зэрэг мэдээлэл юм.

Уг бичлэг 94 реакц, 10 сэтгэгдэл авч, 64 удаа цааш түгээгдсэн ба таван мянга гаруй удаа үзжээ.  

“Умайн хүзүүний хорт хавдарын вакциныг эрэгтэй хүүхдүүдэд хийх гэж байна” гэх мэдээлэл үнэн

Дэлхийн хорт хавдрын судалгааны сангийн “Хорт хавдраар нас барж буй эмэгтэйчүүд”-ийг улсаар нь харуулсан үзүүлэлтэд Монгол Улс бүс нутгийн хэмжээнд дээгүүр жагсаж байна. Үүний дотор умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол нэмэгдсэн. Хүний Папиллома Вирус буюу HPV нь умайн хүзүүний хорт хавдрын голлох шалтгаан болдог. Уг халдвараас сэргийлэхийн тулд вакцин тариулж, умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдсанаар энэ өвчнөөс урьдчилан хамгаалах боломжтой. Энэ хүрээнд 2023 оны 10 дугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин”-ыг заавал хийх вакцинд оруулсан. Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлж буйгаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тухайн вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан, товлолын дагуу халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлнэ гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хүний папиллома вирус (хүний хөхөнцөр вирус) нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Умайн хүзүүний хорт хавдрын ихэнх тохиолдол (99%) нь бэлгийн замын халдвартай холбоотой байдаг. Хүний папиллома вирус нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн замын бусад төрлийн хорт хавдар (толгой, хүзүү, бэлэг эрхтэн) үүсгэдэг. Умайн хүзүүний болон бусад хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирусийн (HPV16 ба HPV18) үндсэн хоёр төрлөөс хамгаалах үр дүнтэй, аюулгүй вакцинууд байдаг. Вакцинжуулалт нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг нийгмийн эрүүл мэндийн төлөө хийж буй хамгийн үр дүнтэй арга юм. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох умайн хүзүүний хорт хавдрыг устгах ажлыг түргэсгэх дэлхийн стратегид охидыг 15 наснаас өмнө вакцинжуулахыг зөвлөж байна” гэжээ.

“Ковидын вакцинаас болж маш их хүн хохирсон” гэх мэдээлэл батлагдаагүй

Ковид-19 цар тахлын урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тунд 2 284 200 хүн, хоёрдугаар тунд 2 185 413 хүн хамрагдсан байна. Үүнээс дунджаар нэг сая гаруй хүн өвчилсөн бол 2138 хүн нас баржээ. Мөн 2021 оны “Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалт”-ын судалгаагаар уг халдвараар нас барсан хүмүүсийн 86.1 хувь нь суурь өвчтэй байсан үзүүлэлттэй байна. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэгтэй болтлоо хүүхдүүдийн эрүүл мэнд муудсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Манай улсад 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 64 хувийн суралцагч бүх шатны боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна. Мөн эрүүл мэнд, нийгмийн сэргээн засалтын цогц үйлчилгээ үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг Засгийн газрын 2019 оны 125 дугаар тогтоолоор байгуулсан. Хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар улс орны бүтээн байгуулалтад оролцохгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Олимп, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцож буй олон жишээнээс хүн бүр хүртээмжтэй оролцоотой байх боломжтойг харж болно. 

Цус руугаа шууд мөнгөн усыг вакцинаар дамжуулж оруулаад байна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Орчин үеийн вакцинуудын ихэнх нь мөнгөн ус агуулаагүй. Гэхдээ зарим вакцин нь тиомерсал гэх мөнгөн усны суурьтай хадгалагч бодисыг агуулдаг байсан. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас “Тиомерсал нь олон тунт вакцины саванд бохир орохоос сэргийлэх зорилгоор ашигладаг. 1930-аад оноос хойш эмийн бүтээгдэхүүн, тэр дундаа олон вакцинд хадгалалтын бодис болгон хэрэглэсээр ирсэн. Энэхүү бодис нь этил мөнгөн ус агуулдаг тул бие махбодод метил мөнгөн ус (зарим далайн хоолонд агуулагддаг хортой хэлбэр) шиг хуримтлагддаггүй. Нэг тунд 1 микрограмм ба түүнээс бага мөнгөн ус агуулдаг” гэжээ.

Сүүлийн жилүүдэд хадгалалтын бодис шаарддаггүй нэг тунгаар боловсруулсан шинэ бүтээгдэхүүн бий болсноор тиомерсал агуулсан вакцины хэрэглээ буурч байна. Тухайлбал, АНУ-д зургаагаас доош насны хүүхдэд тогтмол хэрэглэхийг зөвлөдөг бүх вакциныг тимеросал агуулаагүй бэлдмэлээр хийдэг болсон. CDC буюу Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж буйгаар “Тимеросалыг 2001 онд АНУ-д хүүхдийн вакцинаас хассан. Үүнээс гадна улаанбурхан, улаануудын өвчин, саа, салхин цэцэг,  пневмококк (уушгины хатгаа үүсгэдэг нэг төрлийн нян)-ийн эсрэг вакцинд тимеросал огт агуулж байгаагүй. Томуу, томуу төст өвчний вакциныг тимеросал агуулсан, агуулаагүй гэсэн хувилбараар авах боломжтой” юм байна.

Вакцинд хэрэглэгддэг тиомерсалын хэмжээ нь эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөл учруулсан нь тогтоогдоогүй. Мөн 2010 онд хийсэн “Ураг болон нялх хүүхэд вакцинаас үүдэлтэй тимеросалын хордлого, аутизмтай болох эрсдэл“-ийн судалгаанд тимеросал агуулсан вакцин нь аутизмын эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болохыг харуулсан байна. Уг судалгааг 256 аутисмтай хүүхэд болон төрсөн он, хүйс, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага зэргийг харгалзаж сонгосон 752 хүүхдийг төрөхөөс төрсний дараах 20 сар хүртэл хамруулж хийжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document