2024 оны 10-р сарын 09-нд Зангараг.мн нэртэй хуудаснаас “ШИНЭ ХУУЛИАР ЭМЧИЙН БИЧСЭН ЖОРГҮЙ Л БОЛ ӨВЧИН НАМДААХ ЭМ, НЭГ ШИРХЭГ ШПРИЦ Ч АВАХ БОЛОМЖГҮЙ” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 835 реакц, 302 сэтгэгдэл авч, 450 удаа цааш түгээгджээ.
Мөн эм жороор олгох тухай мэдээлэлтэй холбоотойгоор 365 нэртэй хуудаснаас “Жирэмснээс хамгаалах эм жороор олгогддог болжээ” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 114 реакц, 29 сэтгэгдэл авч, 11 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дүгнэлтийн хураангуй:
- Шинэ хуулиар бус, 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн эмийн бүртгэлд жороор, эсвэл жоргүй олгох эмийн жагсаалтыг мөрдсөн хэвээр байна.
- Шпириц буюу тариурыг эмнэлгийн нөхцөлд л хэрэглэдэг тул гэрээр зөвлөхгүй буюу жоргүй олгохыг хориглодог.
Нэмэлт тайлбар: Жороор олгодог эмийг жоргүй олгосон тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор заасан ч хяналт сул байна
Зөрчлийн тухай хуулийн “6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” хэсэгт 6.Жор баригч:
- 6.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;
- 6.2.эмийн жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгосон;
- 6.3.эмийг зөрчилтэй, эсхүл хүчингүй жороор олгосон бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” буюу таван зуун мянган төгрөгөөр торгоно хэмээн заасан байна гэж заасан.
Гэвч иргэд болон эмийн сангийн жор баригч нар жороор олгох заалттай зарим эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслүүдийг жоргүй авсаар ирсэн тохиолдол түгээмэл. Харин 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “шинэ хууль” /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль/-тай холбоотой “бүх эмийг жороор олгодог болжээ” гэх хуурамч мэдээлэл түгээснээр иргэд төдийгүй эмийн сангийн жор баригч, эм зүйч нар ташаа ойлголт авч, үйлчлүүлэгчдийг хүндрүүлсэн тохиолдол гарсаар байна.
Иймд шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар дэлгэрэнгүй баримт шалгалтыг дараах хэсгээс үзнэ үү.
Эрүүл Мэндийн Яамнаас мэдэгдэл гаргажээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн найруулсантай холбоотой сошиал орчинд бүх төрлийн эм бэлдмэлийг заавал эмчийн жороор олгоно гэх агуулга бүхий мэдээллийг түгсэн. Тэгвэл 2024 оны 10-р сарын 11-нд уг агуулгатай холбоотойгоор Эрүүл Мэндийн Яамны албан ёсны фэйсбүүк хаягаас мэдэгдэл гаргасан.
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
- Хууль мөрдөгдөж эхэлж байгаатай холбогдуулан “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна.
Манай улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгох болохыг анхааруулж байна” хэмээжээ.
Дээрх мэдэгдэлд “жороор олгох эмийн талаар ямар нэг шинэ журам гаргаагүй” гэж мэдэгдсэн нь өмнө нь жоргүй олгодог байсан эм, бэлдмэл одоо ч жоргүй олгодог хэвээрээ гэдгийг харуулжээ.
Одоогийн байдлаар жоргүй олгодог 1154 эм байна
Мөн 2024 оны 10-р сарын 11-нд Эм Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан ёсны фейсбүүк хаягт жоргүй олгодог 1154 эмийн жагсаалтыг зургаар харуулжээ. Уг файлыг эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан ёсны сайтаас pdf хувилбараар харах боломжтой юм.
Тус жагсаалтаас харвал Цитромакс, парацетамол зэрэг өвчин намдаах үйлчилгээтэй эм бэлдмэлийг жоргүй олгох эмийн жагсаалтад багтжээ. Иймээс шалгасан мэдээлэлд дурдсан “эмчийн бичиггүй бол өвчин намдаах эм бэлдмэл нэг ширхэг ч авах боломжгүй” гэх агуулгыг үгүйсгэж байна.
Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан мэдэгдэлд шинэчлэгдсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гаргаагүй гэж мэдэгдсэн бөгөөд жоргүй олгох эмийн жагсаалтад тариур, зүү гэж огт байхгүй. Жоргүй олгох эмийн жагсаалтад тарилгын ус буюу тарилгын уусмалыг эмчийн жоргүйгээр авах боломжтой байна.
Мөн эмийн бүртгэлийн сангийн сайтаас хүчинтэй, бүртгэлтэй, жороор болон жоргүй олгох эмийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухайд:
Эмийн бүртгэлийн сангаас жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг хайхад жоргүй олгодог гурван эм байгаа ч хоёр нь бүртгэлээс хасагдсан, хугацаа дууссан байна. Үүнд, “Прегнон”, “Постинор” болон “Жанин” гэх эм бэлдмэл байна. “Жанин” нь эмийн хүчинтэй хугацаа дуусаж бүртгэлээс хасагдсан төлөвт шилжсэн бол “Постинор” эмийн хүчинтэй хугацаа дуусаж хугацаа дууссан төлөвт байна. Харин “Прегно” гэх эм жоргүй олгох эмийн жагсаалтад мөн багтсан аж.
АНХААРАХ: Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад тусгагдсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын 22.3-т жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийн төрлийг жагсаасан байна. Уг жагсаалтад нэрлэгдсэн эм бэлдмэлийг эмийн бүртгэлээс хайхад жирэмслэлтээс хамгаалах эмийг жороор олгох нөхцөлтэйг харж болох юм.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан жирэмснээс хамгаалах эмүүдийг бүртгэлийн сангаас хайсан илэрцүүдийг доор хавсаргав.
Түлхүүр үг: левоноргестрел
Левоноргестрел нэршлээр хайхад жоргүй олгодог Прегнон болон Постинор гэх эм бэлдмэл байна. Постинор эмийн хувьд 2024 онд хүчинтэй хугацаа нь дуусаж “хугацаа дууссан” төлөвтэй байна.
Прегнон эм нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлсэн жоргүй олгох эмийн жагсаалтын 492-т бичигдсэн байна. Тус эм нь яаралтай жирэмслэлтээс хамгаалах даавар буюу бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор ууж хэрэглэх эмийн төрөл юм.
Түлхүүр үг: этинилэстрадиол
Түлхүүр үг: медроксипро-гестерон
Түлхүүр үг: диеногест
Диеногемт гэх түлхүүр үгээр хайхад жоргүй олгох нөхцөлтэй Жанин гэх бэлдмэл илэрцээр гарч ирсэн. Тус бэлдмэлийн хүчинтэй хугацаа 2014 онд дуусч бүртгэлээс хасагдсан гэх төлөвт шилжсэн.
Түлхүүр үг: дроспиренон