2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар гэх нэртэй пэйжээс “РИА НОВОСТИ агентлаг: Единая россия намаас санхүүжилт авч улсынхаа сонгуульд ялдаг намуудын жагсаалт гарсан байна.” хэмээн түгээжээ. Уг пост 80 реакц, 13 сэтгэгдэл авч, 15 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
- Зураг дахь мэдээллийг интернэт орчинд хайвал Ria.ru вэбсайтад 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан “Дэлхийн 25 гаруй улс төрийн нам Украины асуудлаарх Нэгдсэн Орос намын уриалгыг дэмжсэн байна” гэх гарчигтай мэдээ болохыг зургаас хараарай.
Уг мэдээнд “…Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар “Нэгдсэн Орос”-ын уриалгыг дэлхийн улс төрийн 25 гаруй тэргүүлэх нам дэмжсэн гэж тус намын хэвлэлийн албанаас мэдээллээ. БНХАУ, Сири, Куба, Армен, Азербайжан, Болгар, Вьетнам, Монгол, Индонез, Камбож, Лаос болон Африкийн хэд хэдэн улсын төлөөлөл, гаднын оролцогчид байр сууриа илэрхийлэв…” гэсэн байна.
- Энэхүү мэдээнд “Единая россия намаас санхүүжилт авч улсынхаа сонгуульд ялдаг намуудын жагсаалт” гэсэн агуулга огт байхгүй бөгөөд тухайн намын уриалгыг эдгээр улсын нам дэмжсэн талаар мэдээлжээ.
Дүгнээд хэлбэл, аль 2022 оны 3 дугаар сард гарсан буюу хуучирсан мэдээллийг түгээж төөрөгдүүлэх, мөн гадаад хэл дээрх мэдээллийг түгээхдээ орчуулгыг гажуудуулж, утгыг өөрчлөх явдал түгээмэл байдаг тул та аливаа мэдээллийг авахдаа огноог нь харж, хамгийн анхны эх сурвалжийг нягталж байгаарай.