Search

Вакцины талаар ор үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1148

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Та хүүхдэдээ элдэв вакцин шахуулбал эцэст нь өөрийн гараар үрээ оршуулна шүү!!” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вакцин нь амь насанд аюултай 20 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлж, бүх насны хүмүүсийг урт удаан, эрүүл амьдрахад нь тусалсан. Вакцин хийлгэсний ашиг тус нь шууд мэдэгдэхгүй байж болох ч вакцинаа зогсоовол одоо үед ховор болсон олон өвчин дахин дэгдэх эрсдэлтэй.

2024 оны есдүгээр сарын 26-ы өдөр “Sanjaajamts Chimgee” нэртэй хаягаас “Товчхондоо…Та хүүхдэдээ элдэв вакцин шахуулбал эцэст нь өөрийн гараар үрээ оршуулна шүү!!” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 81 сэтгэгдэл авч, 240 удаа цааш түгээгджээ. 

Олон зууны турш хүмүүс бие биенээ үхлийн аюултай өвчнөөс хамгаалах арга замыг эрэлхийлсээр ирсэн. Дархлаажуулалт нь урьд өмнө хэзээ ч байгаагүй туршилт хийх, боломж олгохоос эхлээд дэлхийн хэмжээнд нэвтрүүлэх хүртэл урт удаан түүхтэй. Орчин үеийн вакцины үндэслэгч гэж үздэг Английн эмч Эдвард Женнер нь 1796 оны 5-р сард анхны вакциныг үхрийн цэцэг өвчний тусламжтайгаар хөгжүүлсэн. Тэрээр үхрийн цэцэг өвчнөөр өвчилсөн хүн салхин цэцэг өвчнөөр өвчилдөггүйг ажигласан байна. Үүнээс үүдэн 8 настай Жеймс Фиппс хүүд цэцэг өвчнөөс цуглуулсан бодисыг тарьжээ. Хоёр сарын дараа ч Фиппс хүү эрүүл саруул хэвээр байгаа бөгөөд салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн анхны хүн болжээ. Үүний ачаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 1980 онд цэцэг өвчин устсан тухай албан ёсоор зарласан.

Манай улсад ч бүх нийтийг хамарсан халдварт өвчин бүртгэгдэж байсан. Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан 2012 онд “Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох стратеги”-т Монгол Улсын хэмжээнд 1964-1992 онуудад жилд дунджаар 6320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байсан. Анх 1973 онд дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурханы эсрэг вакцины 1 тунг, 1986 оноос 2 дахь тунг нэвтрүүлснээр өвчлөл 7.5 дахин буурчээ. Гэвч 1990-2002 онуудад өвчлөл дахин дэгдсэн. Энэ үед 1-14 насны хүүхдэд улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийснээр дэгдэлтийг таслан зогсоосон байна” гэжээ.  Ийм учраас Монгол Улсын ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ -д “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна” гэж заасан байдаг. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Дархлаажуулалт нь жил бүр олон сая хүний ​​амийг аварч буй дэлхийн эрүүл мэндийн амжилтын түүх юм. Одоо бид амь насанд аюултай 20 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинтай болж, бүх насны хүмүүсийг урт удаан, эрүүл амьдрахад нь тусалсан. Дархлаажуулалт нь одоогоор сахуу, татран, хөхүүл ханиад, томуу, улаанбурхан зэрэг өвчнөөр жил бүр 3.5-5 сая хүн нас барахаас сэргийлж байна. Дархлаажуулалт нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түлхүүр, мөнгөөр ​​худалдаж авч болох эрүүл мэндийн хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг юм. Мөн халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хянахад вакцин чухал үүрэгтэй. Эдгээр нь дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын үндэс болж, нянгийн эсрэг эсэргүүцлийн эсрэг тэмцэлд чухал хэрэгсэл болдог” гэсэн байна. 

Дархлаажуулалт нь одоогоор сахуу, татран, хөхүүл ханиад, томуу, улаанбурхан зэрэг өвчнөөр жил бүр 3.5-5 сая хүн нас барахаас сэргийлж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар ихээхэн анхаардаг талаар олон улсын байгууллагууд мэдээлдэг. Тухайлбал, Европын вакцинжуулалтын мэдээллийн порталд “Вакцин нь Европ болон дэлхий даяар сая сая хүний ​​амийг аварсан. Вакцинжуулалт хийснээр өргөн тархаж байсан салхин цэцэг, саа өвчнийг устгахад тусалж, өвчлөлийн тархалтыг зогсоож, ховор болгосон. Вакцин хийлгэснээр хүмүүс үхэлд хүргэх хүнд өвчнөөс сэргийлдэг. Мөн гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, ангийнхан болон олон нийтийн дунд эдгээр өвчнийг тархахаас хамгаалдаг юм.

Түүнээс гадна өвчтэй хүмүүсийг эмчлэх, асрахтай холбоотой зардлаас урьдчилан сэргийлдэг тул нийгмийн эрүүл мэндийн хамгийн үр ашигтай арга хэмжээний нэг гэж тооцогддог.  Вакцин хийлгэсний ашиг тус нь шууд мэдэгдэхгүй байж болох ч вакцинаа зогсоовол одоо үед ховор болсон олон өвчин дахин дэгдэх эрсдэлтэйгэжээ.

2020 онд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотой “Вакцины нөлөө; Эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хэтийн төлөв” судалгаанд “Вакцины үр нөлөө нь өргөн цар хүрээтэй бөгөөд тогтмол тоолж, дүн шинжилгээ хийж, мэдээлэх боломжгүй байдаг. Вакцинжуулалтын үр өгөөж нь халдварт өвчлөл, нас баралтыг бууруулах, шинэ вакциныг санаачлах, вирус дэгдэлтийн бэлтгэл зэрэгт чиглэгдэж байна. Гэсэн хэдий ч дэлхий даяарх бүх хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст, ялангуяа газар зүйн байршил, улс төр, соёлын хувьд вакциныг хүргэхэд бэрх зүйлстэй тулгарсаар байгаа юм. Эдгээр сорилтыг зөвхөн олон улсын, үндэсний хэмжээнд тууштай авч үзсэнээр даван туулж чадна” гэж тусгасан байна.

Тайлбар: Вакцины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ашиг тус:
  • Эрүүл мэнд Халдварт өвчний өвчлөл, нас баралтыг бууруулна, сүргийн дархлаа бий болгоно, антибиотик эсэргүүцлээс сэргийлнэ, өвчин эмгэгийг хүндрүүлэхийг багасгадаг, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ, халдварыг устгана.
  • Эдийн засагЗардалд хэмнэлттэй, бүтээмж өснө, гэр бүлд дамжих нөлөөллийг багасгана, вакцин боловсруулах, хөтөлбөрийг бий болгох, дэгдэлтэд зардал багатай, бэлэн байх
  • НийгэмЭмэгтэйчүүдийн эрх мэдэл өснө, дундаж наслалт нэмэгдэнэ, эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд бүтцийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй байдал.

Дархлаажуулалт нь орчин үеийн анагаах ухааны хамгийн том амжилтуудын нэг юм. Олон тооны халдварт өвчин, өсөн нэмэгдэж буй хорт хавдар болон бусад архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахын тулд вакцин, дархлаажуулалтын үнэ цэнийг олон улсын хамтын нийгэмлэг удаа дараа баталсаар байна. Вакциныг олон шат дараалалтай судалгаа, туршилтын үр дүнд баталдаг учир ихэнх хүмүүст ноцтой гаж нөлөө үзүүлдэггүй. Зарим тохиолдолд тариа хийсэн газар өвдөх, хавдах, улайх, бага зэргийн халуурах, даарах, толгой өвдөх гэх мэт хөнгөн гаж нөлөө үзүүлж болно. Энэ нь таны бие өвчний эсрэг дархлаа (хамгаалалт) үүсгэж эхэлсний шинж тэмдэг юм. Вакцины хүнд хэлбэрийн гаж нөлөө маш ховор байдаг. Саяд нэг хувийн хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч болно. 

Шалгаж буй мэдээллийг түгээсэн хаяг нь “Намын гишүүд, Төрийн албан хаагчид үр зулзагатайгаа вакциндаа хамрагдаарай!!! Улныхан хэрэггүй шүү” ,“Шаардлага! Ковидын вакцины орц найрлагаа зарла!!! О.Эрдэнээ!!!”, “Вакцины дарамтад бүү ор!!! Хийлгэсэн гэх бүртгэлийн худалдаад л авчих!! Амь нас, эрүүл мэнд чухал!!!” гэх мэт удаа дараа вакцинтай холбоотой баримтгүй пост нийтэлжээ. Энэ нь зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээх үйл ажиллагааны шинж тул найдвартай эх сурвалжаас баталгаатай мэдээллийг авч байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document