2024 оны орон нутгийн сонгуулийн эргэн тойронд нэр дэвшигчидтэй холбоотой түгж буй хэвшмэл ойлголтын шинжтэй мэдээллүүдийг баримтаар нягтлан шалгав.
Шалгасан пост1: “Эмэгтэй хүн алдар нэртэй, өндөр албан тушаалтай эрэгтэйн тусламжтайгаар л удирдах албанд томилогддог” гэх хэвшмэл ойлголтоор төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ
X платформд “ЦЭНГҮҮН” нэртэй хаягаас “Өөрийн гэх юмгүй нөхөр эцэг эх ах дүүгийнхээ далбаан дор нуугдаж амьдардаг томрох хүсэлтэй хүүхнүүд яасан их болоо вэ. Аав нь бөх дүү нь дархан аварга учраас энэ балай хүүхнийг дарга болгох ёстой бололтой” гэсэн тайлбартай түгээжээ.

Өрөг.mn-д 2024.09.27-нд нийтэлсэн мэдээлэлдээ “Дархан аварга Н.Батсуурийн эгч НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна” гэж гарчиг өгөөд, хамаарал бүхий эрэгтэйчүүдийг дурдсан нь “бусдын далбаан дор нуугдсан… балай хүүхнийг дарга болгох ёстой бололтой” гэх зэргээр эмэгтэйчүүдийн эсрэг жендэрийн хэвшмэл ойлголтыг дэврээжээ.
Нийгэмд “эмэгтэй хүн алдар нэртэй, өндөр албан тушаалтай эрэгтэйн тусламжтайгаар л удирдах албанд томилогддог” гэх мэт хүйсэд хамаатуулсан жендэрийн хэвшмэл ойлголт түгээмэл байдаг. Дээрх постод “Өөрийн гэх юмгүй нөхөр эцэг эх ах дүүгийнхээ далбаан дор нуугдаж амьдардаг томрох хүсэлтэй хүүхнүүд” гэсэн нь уг хэвшмэл ойлголтыг дэвэргэсэн, дэмжсэн шинжтэй бөгөөд доромжилсон, “хүүхнүүд” хэмээн сонгуульд өрсөлдөж байгаа эмэгтэй нэр дэвшигчдийг хамруулсан агуулгатай байна.
Иймд, постыг шалгахдаа тухайн нэр дэвшигчийн боловсролын байдал, ажлын туршлага, ИТХ-ын сонгуульд нэр дэвших шаардлагуудыг хангасан эсэхийг судаллаа.
Н.Энxчимэг нь НИТX-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Баянгол дүүрэгт Үндэсний эвсэлээс нэр дэвшиж байгаа юм.
Боловсрол:
- СЭЗИС-д Банк, санхүүгийн удирдлагын бакалавр /2005/
- Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр /2011/
- Австрали улс, Сиднейн их сургуулийн Олон улсын бизнесийн магистр /2015/
- Австрали улс Кьюнсландын их сургууль “Зориг” сангийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр /2015/
- “Хас” банк зээлийн мэргэжилтэн /2005-2006/
- Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Хойд Америк төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн /2007-2013/
- Дэлхийн банкны Боловсролын чанарын шинэчлэл төсөлд санхүү менежментийн зөвлөх /2015-2019/
- Эрдмийн богц төсөл, төслийн багийн ахлагч /Сайн дурын ажил/, 2017-2018
- Нарны хорооллын цэцэрлэг, сургуулийг улсын болгох иргэдийн хөдөлгөөн /Сайн дурын ажил/, 2018
- “Басу брэнд” үүсгэн байгуулагч /2021 оноос хойш/
- Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /2020-2024/
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн заалтуудаас шалгасан мэдээлэлтэй холбогдох заалтуудыг харвал:
- 3.1.2 “нэр дэвшигч” гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг хэлнэ хэмээн заажээ.
- 5.2. 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй
- 6.4. Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.
- 28.3.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
- 28.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
- 28.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.
- 28.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.
Хэрэв 18 нас хүрээгүй, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлээгүй, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангаагүй бол сонгуульд нэр дэвших боломжгүй юм. Тэгэхээр Үндэсний эвслээс нэр дэвшигч Н.Энхчимэг нь хуульд заасан нийтлэг болон бусад шаардлагыг хангасны үндсэнд ИТХ-д нэр дэвшжээ.
- Тиймээс, тухайн нэр дэвшигчийг гэр бүлийн байдлаар нь хувь хүнийг дүгнэж, нийтлэг хүлээлт, хэвшмэл дүр төрхөд хамаатуулан, олонд танигдсан хүний гэр бүл бол сонгуульд өрсөлдөх ёсгүй мэтээр гуйвуулж, доромжилсон нь жендэрийн мэдрэмжгүй, ёс зүйгүй үйлдэл юм.
Шалгасан пост 2: Удирдах албан тушаалд эмэгтэй хүн байх ёсгүй гэх жендэрийн хэвшмэл ойлголтын илрэлийн жишээ
X платформд “Ensconce II” нэртэй хаягаас 2024.09.28-нд “”Цоглог сонгуульдана…” чихшиг. Энэ ёстой сэтгэцийн өвчтэй гэмээр хүүхэн байналээштэ. Хотын дарга эмэгтэй хүн байх ёстой энэтэр. Хот төлөвлөлтөөр Тайванийн хамгийн улны сургуульд сурчихсан ч байхшиг, завтай. Лай байгаадаа.” гэх тайлбартай пост түгээжээ.

Уг сэтгэгдлийг Урбанист Э.Золзаяа хаягаас сонгуулийн талаар үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл хүргэсний доор “хотын дарга эмэгтэй хүн болох ёстой энэ тэр” гэж доромж утгаар шууд дайрсан нь удирдах албан тушаалд эмэгтэй хүн байх ёсгүй гэх жендэрийн хэвшмэл ойлголтын илрэл болжээ.
Э.Золзаяа нь НИТХ-н сонгуульд 1-р тойрог буюу Баянгол дүүрэгт ХҮН намаас нэр дэвшиж байгаа юм.
- МУИС, НШУС – Олон улсын сэтгүүл зүйн бакалавр
- Тайванийн Үндэсний Дун Хуа их сургууль, Байгалийн ухааны магистр
- Шведийн Уппасалагийн их сургууль
- АНУ-ын Виржиниагийн их сургууль
- Сингапурын Ли Куан Ю-ийн нэрэмжит Төрийн бодлогын институтийг Хотын усны нөөцийн менежмент
- Токио дахь Азийн хөгжлийн банкны институт, Хотын ногоон хөрөнгө оруулалт
Ажилласан байдал:
- Синемон ХХК үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал /2006-2015/
- Нийслэлийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн /2016-2018/
- Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Ногоон хотуудын төслийн зөвлөх /2018-2019 /
- UNICEF, GIZ CHINA, Global Environment institute, IGDP, GIZ олон улсын байгууллагуудад богино хугацаат зөвлөх /2019-2022/
- ИКЛЕЙ дэлхийн хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх Хотын тээврийн салбарын бодлого болон уур амьсгалын бодлого шинжилгээний хөтөлбөрүүд /2019-2022/
- Эрчим хүчний хэмнэлтийн 18 сая еврогийн буцалтгүй тусламжийн төсөл DPP1 болон 2
- Азийн хөгжлийн банк, УБ хотын ногоон хөрөнгө оруулалтын төлөвлөлт төслийн удирдагч /2019-2021/
- Дата суурьтай менежментийн зөвлөх үйлчилгээний Си Икас Плас ХХК үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал /2020-одоо/
Шалгасан постын агуулга нь тухайн эмэгтэй нэр дэвшигчийг илтэд доромжилсон, хотын дарга эмэгтэй хүн байх боломжгүй мэтээр үгүйсгэсэн, боловсролын байдлыг шүүмжилсэн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, постын ерөнхий агуулга нь хувь хүний алдаа, ташаа мэдээллийг илрүүлж, шүүмжилсэн бус зөвхөн эмэгтэй хүн гэдэг утгаар нь буюу хүйсээр ялгаварлан гадуурхаж, доромжилжээ.
Судалгаагаар аливаа салбарыг жендэрчлэн ялгах хэвшмэл үзэл нийгэмд байгааг илтгэж байна
“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн олон нийтийн төсөөллийн судалгаа II”-нд оролцогчдын 50-иас дээш хувь нь боловсрол, эрүүл мэндээс бусад салбарыг эрэгтэй хүн илүү сайн удирдаж чадна гэж үзжээ. Тухайлбал, цэрэг армийн удирдлага, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнээр эрэгтэй хүн ажиллах нь зүйтэй гэж 70-аас дээш хувь, орон нутгийн удирдлага, хууль тогтоох байгууллагын гишүүн\төлөөлөгч, шүүхийн байгууллагын удирдлага, гадаад харилцааны салбарын удирдлагад эрэгтэй хүн байвал зохино гэж судалгаанд оролцогчдын 50-иас дээш хувь нь үзэж байна.
Судалгааны энэхүү үзүүлэлтийг харвал, аливаа салбарыг жендэрчлэн ялгах хэвшмэл үзэл нийгэмд байгааг илтгэж байна. Түүнчлэн, шат, шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тухай хуурамч, төөрөгдүүлсэн, эвлүүлсэн мэдээллүүд түгээх нь элбэг бөгөөд энэ ажиллагаа нь эрэгтэй нэр дэвшигчийн эсрэг ашигласнаас илүү үр дүнд хүрдэг. Энэхүү үйл явц нь олон нийтийн хүлээж авсан байдал, сэтгэгдлээр идэвхжүүлсэн, түгээсэн зэрэг хариу үйлдлээс харагдаж, сонгуулийн дүнд эрэгтэйчүүд давамгайлах байдлаар илэрч болдог.
Энэ тухай бид УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн ижил төстэй баримт шалгалтдаа дурдаж байсан билээ.
Сонгуулийн үеэр түгдэг хүйсээр ялгаварласан, доромжлон гадуурхсан энэ мэт мэдээллүүдэд шүүлтүүртэй хандаж, сэтгэл хөдлөлөөр бус баримтад тулгуурлан бодитоор хандаж байхыг зөвлөж байна.