“Шуурхай мэдээ” нэртэй хуудас 2024.09.08-нд “Төвдийн Лхас хотод бурхан багшийн хөшөө байрладаг хийдэд ийм гэрэл цацарч түмнийг гайхшруулжээ” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь 2024.09.30-ны байдлаар 2000 гаруй реакц, 248 сэтгэгдэл авч, 195 удаа түгээгджээ.
Тухайн бичлэгийн дүрсийг Google lens-д оруулж, холбогдох үйл явдлын тухай баталгаат эх сурвалжийн мэдээллүүдээс хайж үзэхэд Төвдийн Лхас хотод 2023.12.07-нд болсон шашны баярын арга хэмжээний бичлэг болох нь гарч ирж байна.
2023.12.08-ны өдөр Radio Free Asia (Америкийн засгийн газраас санхүүждэг ашгийн бус корпораци)-н вебсайтад тухайн арга хэмжээтэй холбоотой мэдээллийг нийтэлжээ. Тус мэдээлэлд Төвдийн нийслэл Лхасад болсон шашны томоохон баярын үеэр Хятадын цагдаагийнхан хүч хэрэглэсэн талаар дурдаад, шалгасан мэдээлэлд байгаатай ижил бичлэгийг хавсаргасан байгаа юм.
Тухайн шашны баяр нь Төвдийн хуанлигаар жил бүрийн10 дахь сарын 25-ны өдөр тохиодог бөгөөд өнгөрсөн жилийн хувьд аргын тооллоор 12-р сарын 7-нд таарсан байна. Шалгасан бичлэгт цугласан хүмүүс малгай ороолт, бага зэргийн зузаан хувцастай байгаа нь цаг хугацааны хувьд мөн таарч буй юм.
Гадэн Нгамчо нэртэй тухайн баяр нь Төвдийн буддизмын Гэлукпа сургуулийг үндэслэгч, 14-р зууны хүндэт эрдэмтэн Жэ Цонхапагийн нас барсан өдрийг дурсан санах хүрээнд жил бүр болдог бөгөөд хүмүүс гадна талбайд цугларч, цөцгийн тосон дэнлүү болон лаа асаан их гэрэл гарган тэмдэглэдэг аж.
Өнгөрсөн жилийн баяртай холбоотой мэдээллүүдэд шалгасан постын тайлбарт дурдсан шиг “хийдэд гэнэт гэрэл цацран ард түмнийг гайхшруулсан” тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Тэгэхээр шалгасан постод харагдаж буй хийдийн цаадах тод шар гэрэл бол гудамжин дахь их хэмжээний дэнлүү, лааны гэрэл хэмээн гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 12 дугаар сард болж өнгөрсөн баярын бичлэгийг 2024 оны 09 дүгээр сард сэргээн цацаж, гэнэтийн гайхширмаар үйл явдал болсон мэтээр сенсаци тарьсан нь цахим орчинд хандалт авах гэсэн үйлдэл хэмээн үзэж болох юм.