Search

Model CH/A гэсэн тэмдэглэгээтэй iPhone утас бүрийг “хулхи” мэтээр төөрөгдүүлж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1142

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

I phone 16 авах гэж бгаа хүмүүст анхааруулга хүргэе гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хятад улсад үйлдвэрлэгдсэн Iphone бүр нь CH/А тэмдэглэгээтэй байдаг ба “копи утсыг гол таних тэмдэг нь утасны модел буюу “Хятдын копидсон утасны Model CH/A” гэсэн нь төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

“Bolor-Erdene Baljinnyam” нэртэй хаягаас 2024.09.26-нд “Анхааруулга гэнээ…… I phone 16 авах гэж бгаа хүмүүст анхааруулмаар нэг юм бна. Хятад улс чинь уже копи гаргаад эхэлчихэж. Зэрэгцээд л ороод ирж. Судалж үзлээ. Гаднах талаасаа яг л IPhone харагддаг, доторх функц нь яг самсунг гэнэ. Үсрээд л 1-3 сар бариад тар нь танигддаг гэнэ. Утасны группийн зар дээр нэлээн их бна. Гол таних тэмдэг нь: 

  • Америк стандарт бол: Model LL/A 
  • Солонгос утас бол Model KH/A 
  • Хятдын копидсон утасны Model CH/A 
  • Хонгконг Синга бол Model ZP/A 

гэх мэт тэмдэглэгээтэй байдаг гэнэ. Залуучууд, хүүхдүүд мэддэг л бх. Мань мэтийн 50+үүд мэдэхгүй шүү! Анхаарахад илүүдэхгүй бх гэж бодлоо” гэсэн тайлбартай постыг Iphone 16 утасны хайрцаг бүхий зургийн хамт постолсон нь 2024.09.30-ны байдлаар 151 реакц, 31 сэтгэгдэл авч, 215 удаа түгээгджээ.  

Тухайн мэдээлэлд дурдсан агуулгыг шалгахдаа Хятад улсад үйлдвэрлэгддэг Apple брэндийн утаснууд болон түүний үйлдлийн системийн тухай албан ёсны мэдээллээр баталгаажуулахаас гадна дуураймал хувилбарын утсыг хэрхэн танихыг судлан танилцуулж байна. 

Apple-ийн бүтээгдэхүүн дэлхий даяар хэд хэдэн улсад үйлдвэрлэгддэг 

Apple-н албан ёсны вебсайтын мэдээлэлд Apple-н бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 50 гаруй улс, бүс нутагт үйлдвэрлэж, худалдаалж, засварлаж, дахин боловсруулахад оролцдог талаар дурджээ. Мөн тухайн ханган нийлүүлэгчид нь хаана эсвэл ямар төрлийн бараа, үйлчилгээ үзүүлж байгаагаас үл хамааран Apple Supplier Conduct of Conduct / Apple-н ханган нийлүүлэгчийн зүй зохистой байдал-ыг чанд мөрдөх ёстой байдгийг онцлон тэмдэглэжээ. Тухайн стандартад ханган нийлүүлэгдчийн хүний нөөц, ажлын орчин, үйлдвэрлэлийн нөхцөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд баримтлах стандарт, хүлээх хариуцлага гэх мэт олон журмыг заасан байх бөгөөд зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг ч мөн нарийвчлан заасан байдаг.  

Хятад улс албан ёсны үйлдвэрлэгч улсын нэг 

Apple брэндийн IPhone утсыг дэлхийн хэд хэдэн улсад үйлдвэрлэдэг. CNBC мэдээллийн сувгийн 2021 оны мэдээллээр Apple-н ихэнх угсрах үйлдвэр нь Хятад улсад (Foxconn, Pegatron, Wistron болон Compal Electronics зэрэг групп, компаниуд) байдаг. Эднээс хамгийн том болоод эд ангиудын гол үйлдвэрлэгч нь Тайванийн Hon Hai технологийн групп буюу Foxconn аж. 

Бүсийн дугаар, загварын дугаар 

Apple-ийн бүх төхөөрөмж нь хаана үйлдвэрлэгдсэнээ илтгэх region code number буюу бүсийн дугаартай байдаг. Хятад улсад үйлдвэрлэгдсэн Iphone бүр CH/А тэмдэглэгээтэй байдаг. Гэтэл шалгасан мэдээлэлд, “копи утсыг гол таних тэмдэг нь утасны модел буюу “Хятдын копидсон утасны Model CH/A” байдаг гэсэн нь ийм тэмдэглэгээтэй утас бүрийг хулхи утас гэж ойлгогдохуйц бичсэн, төөрөгдүүлсэн мэдээлэл болж таарч байна.  

IOS үйлдлийн систем 

Apple-ийн ухаалаг гар утас IPhone нь IOS үйлдлийн системээр ажилладаг юм. IOS гэдэг нь IPhone Operating System гэсэн үгсийн товчлол буюу IPhone-ийн үйлдлийн систем гэсэн утгатай. Анх 2007 онд тус үйлдлийн систем ашиглалтад орсон бол сүүлийн хувилбарыг IOS 18 нь 2024 оны 9-р сарын 16-нд олон нийтэд танилцуулсан билээ. 

Үйлдлийн систем гэдэг нь тодорхой электрон хэрэгслийн үйлдлийг дэмжих зориулалтаар бүтээсэн програм учир тухайн програмыг дэмжих төхөөрөмждөө л ажиллана гэсэн үг юм. Apple-ийн iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүдийг зөвхөн IOS үйлдлийн системийг дэмжин ажиллахаар үйлдвэрлэдэг бол Samsung загварын утаснууд Андройд үйлдлийн системийг дэмжин ажилдаг. Шалгасан мэдээлэлд “Гаднах талаасаа яг л IPhone харагддаг, доторх функц нь яг самсунг гэнэ.” хэмээн дурдсан ч түүнийгээ нотлохуйц зураг оруулаагүй учир бодит анхааруулга гэж үзэхэд учир дутагдалтай. 

Нөгөө талаар худалдаанд үйлдлийн систем зөрдөг хуурамч утаснууд байх боломжтой учраас тэр тохиолдолд хэрхэн шалгахыг доорх зөвлөмжүүдээс харна уу. 

IPhone оригнал эсэхийг хэрхэн шалгах вэ? 

Баталгаат газраас худалдан аваагүй утаснууд зарим тохиолдолд дуураймал, эсвэл сэлбэг нь солигдсон байх магадлалтай байдаг байна. Тиймээс шинэ төхөөрөмж худалдан авах эсвэл барьж байгаа утсаа жинхэнэ эсэхийг шалгахдаа дараах аргуудыг ашиглахыг зөвлөж байна.  

  • Баглаа боодол, дагалдах хэрэгслүүд: Жинхэнэ iPhone-н гадна хайрцаг нь өндөр чанартай зураг, нарийн текстийг агуулсан бөгөөд бат бөх байдаг. Хайрцаг доторх кабел гэх мэт дагалдах хэрэгсэл нь Apple-ийн стандарттай тохирох ёстой. 
  • Серийн дугаар болон IMEI шалгах: Серийн дугаарыг Settings > General > About цэсээс харж болно. Харин утсаа жинхэнэ эсэхийг шалгахын тулд Apple-н албан ёсны сайт дахь Apple’s Check Coverage цэсэд серийн дугаараа оруулж шалгах боломжтой. Хэрэв жинхэнэ бол вэбсайтад тухайн iPhone-ийн загвар, баталгаат байдал болон холбогдох бусад мэдээлэл гардаг байна. 
  • IMEI-ээ шалгахын тулд *#06# дугаарт залгаж, гарсан дугаарыг гар утасны гадна хайрцаг дээрх дугаартай харьцуулна. Бүх тоо тохирох ёстой юм. 
  • Бүтэц, хийц шалгах: Жинхэнэ iPhone-ийн товчлуур, арын Apple лого зэрэг төгс алдаагүй байдаг бөгөөд дэлгэцийн хэмжээ, чанар, жин, зузаан зэрэг нь албан ёсны загварын үзүүлэлтүүдтэй тохирох ёстой. 
  • Програм хангамж болон онцлогуудыг шалгах: Жинхэнэ iPhone нь Apple-ийн iOS үйлдлийн системээр ажилладаг. Settings > General > Software Update цэсээр орж, утсаа IOS-ийн хамгийн сүүлийн хувилбарыг дэмжиж байгаа эсэхийг шалгаж болно. Мөн IPhone-н хиймэл оюун ухаанд суурилсан туслах Siri-г туршиж үзэх хэрэгтэй. Хэрэв идэвхжэхгүй бол хуурамч утас байж болно. 
  • Apple-н үйлчилгээний төвд хандах: IPhone утсаа жинхэнэ эсэхэд эргэлзвэл 100% Apple-ийн албан ёсны үйлчилгээний төвд очиж, мэргэжилтнүүдээр шалгуулахыг зөвлөж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document