2024 оны 09-р сарын 29-нд Архи Тамхигүй Ирээдүй нэртэй хуудаснаас “Архи тамхинаас 1-3 хоногт гаргана” гэх тексттэй богино хэмжээний бичлэгийг нийтэлжээ. Мөн бичлэгийн тайлбар хэсэгт “Архи тамхинаас 1-3 хоногт гаргана. Тамхинаас 200.000 төгрөг, архинаас 400.000 төгрөг. Таны тархитай ажиллаж бага зэргийн ховс орно… Мөн зайнаас орон нутгийн болон гадаадад байгаа иргэдийг гаргаж байна. Зуршил судлаач” хэмээн бичжээ. Тус бичлэг нийт 22 мянга гаруй реакц, 37 сэтгэгдэл авч, 1000 гаруй удаа цааш түгээгдсэн.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд бага зэрэг ховс орно гэхээс өөр ямар аргаар архи, тамхинаас гаргах тухай мэдээлэл оруулаагүй байна. Мөн зуршил судлаач хэмээн оруулсан байгаа ч ховсын эмчилгээ хийх эрхтэй сэтгэл засалч эмч эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг мэдээлэл огт оруулаагүй байна. Хуудаснаа оруулсан мэдээлэл нь архи, тамхинаас гаргах зар бүхий текстийг огт хамааралгүй бичлэгт оруулан анхаарал татах зорилготой түгээж байна.
Америкийн Донтолтын Анагаах Ухааны Нийгэмлэг(ASAM) донтолтыг тархины архаг эмгэг хэмээн тодорхойлсон байдаг. Аливаа донтолт нь эрүүл мэнд, харилцаа холбоо, амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг.
Донтолтыг бодисын (бодисын хэрэглээний эмгэг) болон бодисын бус донтолт (зан үйлийн донтолт) гэж үндсэн 2 бүлэгт хуваадаг. Архи, тамхины донтолт нь бодисын донтолтын төрөлд орно. Харин видео тоглоом, мөрийтэй тоглоом, дасгал хийх, интернэтэд донтох нь бодисын бус буюу зан үйлийн шинжтэй донтолт юм.
Хүмүүс биологийн хувьд урамшуулал авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бодис, зарим нэг зан үйл нь тархинд, ялангуяа тархины урамшууллын төвд нөлөөлж байдаг. Ихэнхдээ эдгээр урамшуулал, тархинд ялгарах допамин эрүүл зан үйлээс үүдэлтэй байдаг ч эрүүл бус зан үйл, бодисоос илүү таашаал авснаар эрүүл бус хүсэл эрмэлзлийг бий болгож байдаг аж.
Мөн генетик, сэтгэцийн эрүүл мэнд болон орчны хүчин зүйл нь донтолтод нөлөөлөх боломжтой юм.
Мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх, эм бэлдмэл эмчийн заавраар хэрэглэх, нөхөн сэргээх буюу сэргээх засах эмчилгээнд явах, дэмжих бүлгийн эмчилгээнд явах, зан үйлийн эмчилгээнд явах зэргээр донтолтыг эмчлэх боломжтой байна.
Ховсын эмчилгээ анхаарлыг төвлөрүүлж тайвшруулж, стресс, түгшүүрийг багасгадаг бөгөөд энэ төрлийн эмчилгээг hypnotherapy хэмээн нэрлэдэг байна. Стресс, түгшүүрээс гадна нойрны асуудал, тамхи татах, хэт их идэх зэрэг зан төлөвийн өөрчлөлтийг эмчлэхэд хэрэглэж болдог байна.
Гэхдээ ховсын эмчилгээг мэргэшсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, сэтгэл засалч эмчээр хийлгэх нь зүйтэй. Мөн сэтгэцийн хүнд өвчтэй хүмүүст ховсын эмчилгээ хийх нь аюулгүй биш юм.
Ховсын эмчилгээ хийхэд гаж нөлөө ховор байдаг ч толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, нойрмоглох, сэтгэлийн түгшүүр, хямралд орох, нойрны асуудалтай болох зэрэг гаж нөлөө илрэх боломжтой.
Аливаа донтолтоос гарахдаа эмчтэй зөвлөлдөж, эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд ховсын эмчилгээ хийлгэхээр бол заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.