Search

Хүзүүний ард овойсон хуянг наалтаар бүрэн арилгах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1140

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүзүүний ард овойсон хуянг 100% арилгаж, хөшиж, хөөрсөн мэдрэмжийг алга болгоно” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хунгийн наалтаар өвдөлтийг намдааж болох ч хүзүүний ард овойж тогтсон хэсгийг арилгахгүй. Үүнийг үе шаттай эмчилгээний үр дүнд арилгаж болно.

2024 оны наймдугаар сарын 9-ний өдөр “UNUUH Store” хуудсанд “100% эмийн ургамлын гаралтай хуянгийн наалт байна. Удаан хугацаагаар суудаг, хүзүү нь өвддөг, хуянтдаг хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Хүзүүний ард овойсон хуянг 100% арилгана, нурууны өвчин арилгаж хөдөлгөөн хийхэд саадгүй болгоно” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Мөн “Хуянгийн наалтыг наасны дараа 10-15 минутын дотор халж эхэлдэг. Үүний дараа гурван цагийн дотор хөшиж, хөөрсөн мэдрэмж алга болно. Хүзүүний ард хуянгаас үүдэж тогтсон овойсон хэсэг хоёр сар хэрэглэсний дараа бүрэн арилна” гэсэн байна. Уг бичлэг 596 гаруй реакц, 496 сэтгэгдэл авч, 304 удаа цааш түгээгджээ. 

Шалгаж буй бичлэг дээрх бүтээгдэхүүн нь Тонг Рэн Тан компанийнх бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны эм, бэлдмэлийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг болсон компани юм. Уг бүтээгдэхүүн нь умайн хүзүү, мөр, нуруу, үе мөч, нуруу, хөл, өвдөг, гар, хэвлийн өвдөлт намдаах агийн хандтай юм байна. Зөвхөн өвдөлт намдаах үйлчилгээтэй бөгөөд уламжлалт төөнүүрийн аргатай төстэй харин эм, эмнэлгийн хэрэгслийн эмчилгээг орлохгүй гэжээ.  

Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүзүүний хуян бүрэн арилсан талаар батлагдсан судалгаа байхгүй. Харин тодорхой хугацаанд, зориулалтын дагуу хэрэглэхэд өвдөлт намдсан талаар хэрэглэгчид сэтгэгдэл үлдээжээ.  

Сэтгэгдлийн орчуулга: Хүзүү, мөрнийхөөс нь худалдаж аваад сайн гэж үзсэн учраас өвдөгний наалтыг нь авахаар шийдсэн. Байгаль орц найрлагатай, сайн халдаг нь таалагддаг. Миний өвдөгний яг зөв хэсэгт нь хүрэхгүй байсан учраас хуваачихсан.

Хуянг бүрэн арилгах боломжтой юу?  

Энэ талаар АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Сэдэдтэй холбогдож мэдээлэл авлаа. Тэрээр “Шилэн хүзүүний долоодугаар нугалмын орчим овойж тогтсон хэсэг нь голчлон чихрийн шижин, дотоод шүүрлийн эмгэгээс үүдсэн байх магадлалтай. Үүнийг өвчин намдаах наалтаар арилгах боломжгүй. Хуян нь буруу байрлалтай суух, унтах, булчин хөших зэргээс мөр хүзүү хооронд, далны дээд хэсгийн трапец булчингийн орчим “шар ус” хурсан үзэгдлийг хэлж байгаа юм. Үүнийг бариа, төөнүүр, зүү болон улаан гэрлийн үе шаттай эмчилгээний дагуу тодорхой хугацааны дотор арилгах боломжтой” гэлээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document