Search

Эрлийз үнээний А1 сүү эрүүл мэндэд сөрөг нөлөөлтэй эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1137

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Тарлан үнээний сүүний хортой бетаказоморфин гэж уургийг А1 уураг гэнэ. Энэ уураг аюултай наалдамхай бөгөөд нийлэг морфиноос хүчтэй мансууруулах чанартай. Аутизмтай, альцхаймер мөн деменцтэй болгодгийнх нь шалтгаан болдог” гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үнээний эрлийзжүүлсэн үүлдрээс A1 сүү гаргадаг ба уг сүү нь “бета касоморфин 7” пептид ялгаруулдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай судалгаа байдаг ч нэмэлт судалгаа хийсээр байна. Харин Монголын нөхцөлд A1 сүүний тодорхой судалгаа байхгүй бөгөөд чихрийн шижин, нойр булчирхайны үрэвсэл, аутизм, толгойн өвчин зэргийг тухайн сүүтэй шууд холбох нь учир дутагдалтай юм.

2024 оны долоодугаар сарын 11-ий өдөр Андо гэх хуудсаас “Тарлан үнээний сүүний хортой бетаказоморфин гэж уургийг А1 уураг гэнэ. Энэ уураг аюултай наалдамхай бөгөөд нийлэг морфиноос хүчтэй мансууруулах чанартай. Аутизмтай, альцхаймер мөн деменцтэй болгодгийнх нь шалтгаан бол энэ. Нойр булчирхайны гадаргууд наалдаж хуралддаг тул инсулин ялгарал үймүүлж инсулин ялгарсан байсан ч эсэргүүцэлтэй болгоно. Монголын нөхцөлд буулгаад бодвол манайд урд өмнө байгаагүй их өргөн цар хүрээтэйгээр чихрийн шижин, нойр булчирхайны үрэвсэл, өмөн үү, хүүхэд аутизмтай төрөх явдал тархаж, хүмүүсийн тархи толгой самуурч манарсан байдалтай болж ирсний гол буруутан тарлан үнээний сүү гэж хардахад ер гайхах, шоолж тохуурхах, үгүйсгэж булзааруулах юмгүй…Хамгийн түрүүнд шинэ зеланд, австралийн фермерүүд тарлан үнээний үүлдрийг үржлийн селекцээр байхгүй болгох төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Анх эдгээр орнуудад өөр үүлдрийн үнээний сүүг А2 гэсэн шошготой зах зээлд ханган нийлүүлж эхэлсэн. Араас нь АНУ, Канад, Европын зарим орнууд дагасан…Хөгжингүй орнууд нэгэнт хөдөө аж ахуйн бодлоготоо тусгаад эхэлсэн байхад заавал тэр эрчимжүүлсэн мал аж ахуй, заавал тэр сүүний гарц сайтай гэх тарлан үнээг монголд оруулж ирж үржүүлэх гээд байгаа нь маш харалган гоомой явдал. Монгол үхрийн үүлдэр угсаа устаж үгүй болбол бид хожим амаа барина, амаа бариад ч цэвэр монгол үхрийн үүлдэр угсааг нөхөн сэргээх боломжгүй оройтчих юм” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 386 гаруй реакц, 91 сэтгэгдэл авч, мянга орчим удаа цааш түгээгджээ. 

A2 сүү гэдэг нь зөвхөн А2 бета казеин үйлдвэрлэдэг буюу генийн мутацид ороогүй уламжлалт загварын үнээ юм. А2 үнээний түгээмэл хэлбэр нь гадаадад Гир, Улаан Синди, Сахивал, Канкреж гэх мэт үүлдрийн үнээ байдаг.

  • Харин A1 сүү нь А1, А2 бета казеины уургийг аль алийг нь агуулан эрлийзжүүлсэн үүлдрийн үнээнээс гаргасан сүү юм. Уг үнээ нь АНУ, Хойд Европ, Австралиас гаралтай үнээний үүлдэр бөгөөд хамгийн түгээмэл нь Жерси, Холштейн Фризиан, Айршир, Британийн богино эвэрт зэрэг юм.

2012 оны Сүүний уураг ба хүний ​​эрүүл мэнд: А1/А2 сүү -нд хийсэн судалгаанд тайлбарласнаар, “үнээний сүүний уургийн 95 гаруй хувийг казеин нэртэй уураг, үлдсэн хэсгийг шар сүү эзэлдэг. Казеин нь хүний биед удаан задардаг уургийн төрөл юм. Казеины нэг хэлбэр болох бета казеин нь A1, A2 үүлдрийн үнээний сүүнд түгээмэл агуулагддаг байна” гэжээ.

  • Эрлийзжүүлсэн үнээнээс гардаг A1 сүү нь ходоод гэдсэнд задарч биоидэвхтэй пептид болох бета касоморфин 7 (BCM7) үүсэхэд хүргэдэг. Уламжлалт үүлдрийн үнээний A2 сүүтэй харьцуулахад A1 сүүний BCM7 нь 4 дахин их байна.
  • BCM7 нь мэдрэлийн, дотоод шүүрлийн болон дархлааны тогтолцооны олон тооны опиоид рецепторуудад (төв мэдрэлийн системд байрладаг протеин) нөлөөлж болзошгүй тул хүний эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй хүчин зүйл гэж үздэг. Энэ нь биед шингэдэггүй уургийн элемент учир ходоодны хямралд хүргэж суулгах, хий үүсэх гэх мэт янз бүрийн асуудалд хүргэж болзошгүй гэж үздэг байна.

Гэвч А1 сүүг хэрэглэх нь чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, толгойн өвчин, аутизм, зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлдөг гэсэн батлагдсан судалгаа байхгүй. Энэ талаар маргаантай байна. Тухайлбал, 2006 онд хийсэн “Зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүст бета-казеин A1 эсвэл A2 агуулсан хүнсний нэмэлт тэжээлийн үзүүлэх нөлөө“-ий судалгаанд бета-казеин А1-ийн нэмэлт нь зүрх судасны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо байхгүй гэж дүгнэжээ. Уг судалгааг зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, шинж тэмдэггүй 15 оролцогчийг (зургаан эрэгтэй, есөн эмэгтэй) оролцуулсан. Нийт 24 долоо хоног хоолонд нь нэмэлтээр (25 гр) казеин A1 болон A2 (тус бүр 12 долоо хоног) казеин агуулсан хүнс өгсөн байна. Судалгаанд судасны (дотоод болон артерийн) үйл ажиллагаа, амрах үеийн цусны даралт, сийвэнгийн липид, үрэвслийн биохимийн шинжилгээ зэргийг багтаасан гэнэ.

Судалгааны үр дүнд 12 долоо хоногийн дараа тэдний цусны сийвэн дэх нийт холестерины хэмжээг ажиглахад бета-казеин A1 ба A2 хоорондын нөлөөлөл төдийлөн их биш байв. Үүний нэгэн адил цусны даралт, том артерийн хөшүүн байдлын хэмжүүр боон бусад үзүүлэлтүүд ч онцгой ялгаагүй байсанд зүрх судасны өвчин бета-казеинтай шууд хамааралтай биш гэж үзжээ.

Иймд А1 сүүний хэрэглээ нь чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, толгойн өвчин, аутизм, зүрх судасны өвчинд нөлөөлдөг талаар дахин нарийвчлан судлах шаардлагатай гэж үздэг байна.

А1 сүүтэй үүлдрийн үнээ бүгд тарлан зүстэй байдаггүй

A1 сүү гаргадаг үүлдрийн үнээ ихэвчлэн тарлан зүстэй ч өөр төрлийн зүстэй байж бас болно. Тарлан зүстэй үнээ бүр A1 үүлдрийн сүүтэй гэсэн үг биш юм. Тухайн үхрийн үүлдэр буюу эрлийзжүүлсэн эсэхээрээ ялгарахаас биш шууд зүсээр нэрлэх нь өрөөсгөл болно.

Мөн үнээний сүүнд агуулагдах казеины тухай туулайн дээр хийсэн судалгаанд тэднийг холестеролоор баяжуулсан хоолоор тэжээхэд ихэнхийнх нь артерийн судсанд өөх тос дүүрч, хуримтлагджээ. Бета казеин A1 сүүгээр тэжээгдсэн туулайнуудын гадаргын талбайн өөхөн судал, бета казеин А2 сүүтэй харьцуулахад илүү өндөр хувьтай гарсан байна. (5.2±0.81-ийн эсрэг 1.1±0.39, P<0.05).

Нийтлэлд хавсаргасан номын зурагт буй Кэйт Вүүдфордын “Сүүн дэх чөтгөр” номд ном нь А1 ба А2 сүүний ялгаа болон A1 төрлийн сүүний хор уршгийг дурджээ. Гэсэн ч зарим мэргэжилтнүүд уг номд А1 сүүнээс үүдэх өвчинтэй холбоотой дурдсан хэсгийг хангалттай нотолгоо байхгүй гэж шүүмжилдэг байна. Мөн А2 хэмжээтэй сүүг сурталчлахад гол төлөв анхаарсан хэмээн үзжээ.

Жишээ нь, Европын клиник хоол тэжээлийн сэтгүүлд, Хоол тэжээлийн мэргэжилтэн, доктор Эндрю Трусвелл “Вүүдфордын гаргаж буй нотлох баримтууд хангалттай үндэслэлтэй биш. A1 сүү зүрхний өвчин, чихрийн шижин зэргийн хоорондын хамаарал нь таамаглал төдий бөгөөд илүү их судалгаа шаардлагатай” гэж тэмдэглэж байжээ.

А2 сүүнд BCM-7 бидний биед хүрэхээс сэргийлдэг пролин элемент агуулагддаг. Тиймээс биеийн дархлааг дэмжиж, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжтэй. Энэ тухай Спортын хоол тэжээл, эрүүл мэнд, гүйцэтгэлд A2 сүүний үзүүлэх ашиг тус -ын судалгаанд тамирчдын эрүүл мэндийн ерөнхий байдалд чухал байр суурь эзэлдэг хоол боловсруулах эрхтний эмгэг, I хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, мэдрэлийн өвчлөлийн эсрэг А2 сүүг хэрэглэх нь А1 сүүтэй харьцуулахад эрсдэл багатай байгааг харуулжээ.

Тамирчдын эрүүл мэндэд A2 сүүний үзүүлэх нөлөө: Хоол шингээлт, энерги хадгалах , гликогенийн ресинтез, уургийн нийлэгжилт, ясны эрүүл мэнд, шингэн сэлбэлт, булчингийн масс нэмэгдэх зэрэгт нөлөөтэй.

Харин Монголын нөхцөлд A1 сүүний тодорхой судалгаа байхгүй бөгөөд чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, аутизмтай, толгойн өвчин зэргийг тухайн сүүтэй шууд холбох нь учир дутагдалтай. Үүнд амьдралын хэмнэл, орчин нөхцөл, биеийн дархлаа зэрэг бусад хүчин зүйл хамааралтай. Иймд хэт дэгсдүүлсэн мэдээлэлд автахгүй, шүүлтүүртэй хандахыг хүсье.

Монголд сүүний чиглэлээр эрлийзжүүлсэн үүлдэр бий ч сүү нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх судалгаа байхгүй

Шалгасан мэдээлэлд “Энд ерөөсөө монгол үхэр, сарлагийн сүүний тухай бичээгүй харин гаднаас орж ирээд манай үхэртэй эрлийзжээд олон жил болж байгаа ТАРЛАН үнээний сүүний тухай бичсэн” гэжээ.

Манай орны байгаль, газар зүй, экологийн нөхцлөөс хамааран үхрийн тархалт өндөр уулын бүсэд 27.6, ойт хээрийн бүсэд 25.2, тал хээрийн бүсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бүсэд 12.5, говийн бүсэд 5 хувийг эзлэн үржүүлж байна. Монгол үүлдрийн үхэр нь толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, дагз сэртэнгvй байгаа нь хамгийн онцлог шинж юм. Монгол үхэр улаан зүс зонхилж, харин хар бидэртэй хүрэн ягаан, ухаа зүс голчилно. Монгол үүлдрийн үнээний саамын хугацаа 180 хоног, 4.36 хувийн тослогтой 750-800 л сүү өгөх боломжтой. Сүүлийн жилүүдэд 66.9-113.6 мян.тн үхрийн мах бэлтгэж байгаа бөгөөд жилд 12.9-14.0 мян.тн үхрийн мах экспортолдог.

Манай улс 3.4 сая үхэртэй бөгөөд нутгийн Монгол үхрээс гадна Дорнод талын махны хэвшлийн болон Сэлэнгэ үүлдрийн үхэр, Сарлаг, Хайнаг үржүүлж байна. Түүнчлэн гадаадаас импортоор авчирч үржүүлж байгаа сүүний чиглэлийн Хар тарлан, Талын улаан хосолмол ашиг шимт Алатау, Симментал зэрэг үхэр сүрэг бий. Мөн сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн сүүний болон махны чиглэлийн арвин ашиг шимт үүлдрийн үхрүүдийг гаднаас авчирч байна.

Монгол Улсад үржүүлж буй малын үүлдэрлэг байдал 

Үүлдэр, омог тэдгээрийн эрлийз болон сайжирсан малын тоог бүртгэхдээ бүгд дүн, үүнээс хээлтэгч, хээлтүүлэгч, бусад гэсэн ангиллаар задалж бүртгээд дараах байдлаар нэрлэнэ.

1. Цэвэр үүлдрийн мал: Цэвэр үүлдрийн малд Монгол Улсад баталгаажуулж бүртгэгдсэн болон гаднын орноос импортоор орж ирсэн мал амьтныг цэврээр үржүүлж буйг хэлнэ.

2. Сайжирсан мал: Энэ нь Монгол үүлдэр омгийн малд сайжруулагч болж чадахуйц дотоодын баталгаажсан үүлдэр омгийн малын хээлтүүлэгч тавьсан бол түүний үр төлийг хэлнэ.

3. Эрлийз мал: гэдэг нь Монгол Улсад баталгаажсан үүлдэр омгийн малд гаднын орноос импортоор орж ирсэн хээлтүүлэгч ашигласан тохиолдолд гарсан үр төлийг эрлийз гэж үзнэ.

Манай улсад 14 төрлийн үүлдрийг зурагт харууллаа. Үүнээс 11 эрлийз үүлдрийн үхэр байна. Харин хар тарлан үнээ нь сүүний чиглэлийн эрлийз үүлдэр аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document