Search

Тос ашиглан биеийн өөхийг шатааж, целлюлитийг хайлуулах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1136

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Биед хуримтлагдсан өөхийг хайлуулдаг халдаг тос”-ны сурталчилгаа бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тос түрхсэнээр биеийн өөхийг шатааж, целлюлитийг арилгах боломжгүй бөгөөд хангалттай судалгаа байхгүй.

2023 оны 09-р сарын 25-нд Ulemj Online shop нэртэй хуудаснаас “Солонгосын алдарт целлюлит хайлуулж, өөх шатаах тос бэлэн ирлээ” гэх тексттэй doctors PGA брэндийн Hot Body Lotion  бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий зургийг нийтэлжээ. Тус пост нь нийт 326 реакц, 1,100 гаруй сэтгэгдэл авч, 222 удаа цааш түгээгдсэн. Хэдийн 2023 нийтэлсэн пост боловч одоог хүртэл түгээж байгаа учир бид баримт шалгалт хийлээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан Doctor PGA  брэндийн албан ёсны сайтад тус тосны талаарх мэдээлэл , бүтээгдэхүүний худалдааны мэдээлэл огт байхгүй байна. Өөх тосыг хайлуулж тураах бүтээгдэхүүн хэмээн сурталчлан  зарж байгаа ч найрлага, орцны тухай мэдээллийг огт өгөөгүй байна.

Тос түрхэснээр биеийн өөх шатааж, целлюлит хайлуулах боломжгүй

Тос ашигласнаар өөхийг шатааж, целлюлитийг багасгах шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй.

2018 онд хийгдсэн 18-59 насны 44 эмэгтэйг хамруулсан жижиг судалгаагаар 8 долоо хоногийн турш зорилтот хэсэг өдөрт 2 удаа ургамлын гаралтай целлюлитийн эсрэг тос түрхэхэд арьсны бат бөх, аян хатан байдал, чийгшлийг сайжруулж целлюлитийн харагдах байдлыг сайжруулснаас биш целлюлит багассан тухай тэмдэглээгүй байна. 2000 онд хийсэн жижиг судалгаагаар 26-44 насны 15 эмэгтэй дунд 6 долоо хоногийн турш ретинол бүтээгдэхүүний эмчилгээнд оролцсоны дараа целлюлитын харагдах байдал сайжирсан гэж дүгнэжээ.

Залилан мэхлэх, хуурах, шударга бус бизнесийн үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commision)- оос “Тураах сурталчилгааны цаад үнэн” гэх нийтлэлийг албан ёсны сайтаараа дамжуулан хүргэжээ. Тус мэдээлэлд “ямар нэгэн наалт нааж, тос түрхээд турах боломжгүй” гэдгийг сануулсан бөгөөд зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хийхгүйгээр жин хасах шидэт арга байхгүйг тайлбарлажээ.

Мөн Холбооны Худалдааны Комиссоос “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-даа жин хасах бүтээгдэхүүн сурталчлахдаа бусдын анхаарлыг татахуйц “өмнөх болон дараах” зургийг ашигладаг тухай дурджээ. Ялангуяа хэрэглэгчээс ирсэн дэмжлэг бүхий сэтгэл ханамжийг сэтгэгдлүүдийг оруулдаг байна. Ихэнх тохиолдолд сурталчлагчид өөрсдийн хамгийн сайн хувилбарыг сонгож, хуурамч баталгаа гаргаж, хэрэглэгчдэд ижил төстэй үр дүнд хүрнэ гэж хууран мэхэлдэг байна.

Тус гарын авлагад “Жин хасах нь дотоод бодисын солилцооны үйл явц бөгөөд ямар нэг юм өмсөх, арьсанд түрхэх зүйл жин хасдаггүй. Тиймээс наалт, тос, лосьон, боодол, биеийн бүс, ээмэг гэх мэтийг ашиглан турах нь худал юм. Ийм бүтээгдэхүүн зар сурталчилгаа шигээ байх боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

Өөхний эд эрүүл мэндэд маш чухал ч гэсэн хэт их эсвэл хэт бага байх нь түүний зохицуулалтын системд доголдол үүсгэдэг байна. Эрүүл мэндийн түвшин нь нас, хүйсээс хамаарч 10 хувиас 35 хувьд хэлбэлздэг байна. Удамшлын хүчин зүйлээс гадна өөхний эдийн ихэнх эмгэг хоол тэжээлийн дутагдал эсвэл хэт их хооллолтоос үүссэн байдаг. Хоол тэжээлийн дутагдлыг нэмэлт тэжээл эсвэл “дахин хооллох” замаар эмчилдэг. Илүүдэл хооллолтыг эхлээд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр эмчилдэг. Хэт таргалалтын хувьд (III анги) эм эсвэл мэс засал хийх сонголт бий. Таргалалт нь янз бүрийн бодисын солилцооны эмгэгүүдтэй холбоотой байдаг ч илүүдэл өөхтэй хүмүүс бүгд бодисын солилцооны асуудалтай байдаггүй. Инсулины эсэргүүцэл зэрэг өвөрмөц хүндрэлүүд нь шууд эмчилгээ шаарддаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document