Search

 Сургуулийн орчинд бие махбодын дээрэлхэлтэд  хөвгүүд илүү өртдөг  

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1134

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эмэгтэй хүнд гар хүрч болохгүй” гэх нийгэмд түгээмэл байдаг хэвшмэл ойлголтын нөлөөг жендэрийн баримт шалгалтын хүрээнд судлав.

 

Баримт шалгалтын үр дүн

Хөвгүүд бие махбодын дээрэлхэлтэд илүүтэй өртөж буй нь ихэвчлэн жендэрийн хэвшмэл ойлголт болоод эрэгтэй хүнийг хүчтэй, захирангуй түрэмгий байхыг шаарддаг нийгмийн хүлээлтээс үүдэлтэй гэж үзжээ.

“C1 NEWS” фэйсбүүк пэйжэд 2024.03.18-нд “Охидууд ихэвчлэн толгой уруу цохидог. Охидын эрх гэж тусдаа байх ёсгүй” гэх тайлбартай бичлэг нийтэлсэн нь 2024.09.27-ны байдлаар 5900 гаруй реакц, 432 сэтгэгдэл авч, 2000 гаруй удаа түгээгджээ. Энэхүү бичлэг нь хэд хэдэн сурагчийн яриа бүхий С1 телевизийн сурвалжилгын хэсэг юм.  

Сурагчдын яриаг буулгавал: 

  • Сурагч 1: “Эрэгтэй хүүхдийг багаас нь эмэгтэй хүүхдийг хүндэлж, хайрлаж бай гэж сургадаг мөртлөө эмэгтэй хүүхдийг болохоор эрэгтэй хүүхдэд битгий гар хүр, хүндэлж бай гэж сургадаггүй юм шиг санагддаг 
  • Сурагч 2: “Манай аав, ээж 2 битгий эмэгтэй хүүхдэд гар хүрч байгаарай гэж хэлдэг. Тэгээд ангийн охид уурлахаараа хамаагүй юм хум авч шидээд байдаг байхгүй юу. Тэгэхээр хүний эрхэнд халдаж байгаа зүйл гэх юм уу. Нэг, нэгнийгээ хүндлэх л ёстой, эрхийг нь зөрчихгүй л. Ангийнхаа хүүхэдтэй хичээл юм уу нэг юм ярихаар дуугүй болооч гээд толгой руу цохих нь их байдаг. Тэгээд би яагаад чи хүний толгой руу цохиод байгаа юм бэ, би зүгээр хичээлээ л хийж байна гэж хэлэхэд уурлаад байдаг байхгүй юу” 
  • Сурагч 3: “Эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдийг зодож болохгүй гэдэг шиг охидыг ч гэсэн багаас нь эрэгтэй хүүхдэд гар хүрч болохгүй гэж хэлэх хэрэгтэй” 
  • Сурагч 4: “Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг ээж, аав нь анхнаас нь хэний ч толгой юм уу биед нь гар хүрч болохгүй, хүчирхийлэх байдал үзүүлэхгүй байхыг заагаасай гэж боддог. Хөвгүүддээ охидод битгий гар хүр гэж хэлдэг шигээ охидодоо ч бас хөвгүүдэд битгий гар хүрч байгаарай гээд зөвлөх ёстой гэж боддог” гэжээ.  

Шалгасан бичлэг дэх хүүхдүүдийн ярианд “эмэгтэй хүнд гар хүрч болохгүй” гэх хэвшмэл ойлголт нийгэмд түгээмэл бөгөөд ялангуяа сургуулийн орчинд охид нь хөвгүүдэд гар хүрэх, биед нь халдах тохиолдол элбэг байдаг хэмээн дурджээ.

Иймд, эмэгтэй хүнд гар хүрч болохгүй, харин эрэгтэй хүнд гар хүрч болох мэтээр хэвшсэн энэ ойлголтын тархалт, нийгэм үзүүлэх нөлөөг жендэрийн баримт шалгалтын хүрээнд судлан шалгасныг хүргэе. 

Вашингтон, Лондонд төвтэй судалгааны байгууллага “Глобал хөгжлийн төв”-ийн гаргасан судалгааны нийтлэл 

Тус нийтлэлд сургуулийн орчинд хүүхдүүд багш, томчууд эсвэл бусад сурагчийн үйлдсэн бие махбод, сэтгэл зүй, бэлгийн хүчирхийлэлд өртдөг тухай хөнджээ. Тодруулбал,  

  • Охид биологийн хүйсээсээ шалтгаалаад илүү эмзэг, дорой байдаг учраас тэднийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал эн тэргүүнд тавигдсаар ирсэн. Энэ ч утгаараа шат шатанд хэрэгжиж байгаа олон хүчин чармайлт, арга хэмжээ ихэвчлэн охид руу чиглэж байгаа нь асуудалтай гэжээ.  
  • Ховор хийгддэг судалгаа, тоо баримтаар хөвгүүд ч мөн сургууль дээр бэлгийн хүчирхийлэл болон бусад төрлийн хүчирхийлэлд их өртдөгийг онцолсон байна. Түүнчлэн, хөвгүүдийн эсрэг хүчирхийлэлд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй ба энэ нь цаашлаад охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллийн гэм буруутан болохоос ч хамгаалж болохыг онцлон тэмдэглэжээ. 

Холбогдох олон улсын судалгаанууд 

ЮНЕСКО-гийн мэдээлэлд хийсэн тооцоолол, 2019 он 

  • Уг тооцооллыг “Сурагчдын эрүүл мэндийн олон улсын судалгаа (GSHS)” дахь зургаан өөр бүс нутгийн 13-15 настай хүүхдүүдийн мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд сургуулийн орчинд ямар нэг бие махбодын дээрэлхэл болон дайралтад өртсөн гэдгээ мэдэгдсэн байдлаар тооцоолжээ. Ийн тооцооллоор хөвгүүдийн хувьд бие махбодын дээрэлхэлтийн хохирогч болсон тохиолдол охидоос илүү гарчээ.  
    • Бие махбодын дээрэлхэл гэдэгт цохих, өшиглөх, түлхэхийг хамруулан ойлгосон бол,
    • Бие махбодын дайралт гэдэгт сурагчийг нэг болон түүнээс олон хүн цохих, зодох (саваа, хутга, буу гэх мэт зэвсэг гэх мэт хэрэглэж) үйлдлийг хамруулсан ойлгосон байна. 

“Олон улсын оюутны үнэлгээний хөтөлбөр (PISA)”-ийн тооцоолол, 2018 он  

Уг тооцооллыг дундаж орлоготой 22 орны мэдээллээс гаргасан бөгөөд 15 настай хүүхдүүдээс бие махбодын дээрэлхлийн талаар дараах асуултыг асуужээ. “Сүүлийн 12 сарын хугацаанд та сургууль дээрээ дараах үйл явдлуудыг хэр олон удаа мэдэрсэн бэ? /Би цохиулж эсвэл түлхүүлж байсан/  

  • Энэхүү асуултын хариуд хөвгүүд охидоос илүү бие махбодын дээрэлхлийн хохирогч болдог гэсэн мөн адил дүн гарчээ.  
  • Хөвгүүд бие махбодын дээрэлхэлтэд илүүтэй өртөж буй энэ ялгаа нь ихэвчлэн жендэрийн хэвшмэл ойлголт болоод эрэгтэй хүнийг хүчтэй, захирангуй түрэмгий байхыг шаарддаг нийгмийн хүлээлтээс үүдэлтэй гэж үзсэн байна. 
  • Бүс нутаг бүрт хэдий ялгаа байгаа ч ихэнх газарт хөвгүүд охидоос илүү, эсвэл бага зэрэг өндөр түвшинд сэтгэл зүйн дээрэлхэлтэд өртдөг нь ажиглагджээ. Сэтгэл зүйн дээрэлхэлд ялгаварлан гадуурхах эсвэл хэл амаар доромжлох зэрэг ордог байна. 

Өндөр орлоготой орнуудын хувьд үе тэнгийнхнээ бие махбодь болон сэтгэл зүйгээр дээрэлхэх байдал өсвөр насныханд насанд хүрэгчдийг бодвол илүү өндөр байдаг аж. Үүнд, нийгмийн энэ төрлийн харилцаанд жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлж, зан байдалд  нь эртнээс суудаг болохыг хэд хэдэн судалгаанд харуулсан байдаг байна. Тухайлбал, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын мэдээлэлд тулгуурласан өгөгдлөөс харахад бие махбодын дээрэлхэл нь сурагчдын наснаас урвуу хамааралтай байсан буюу 3-р ангийн сурагчдын 37%, 6-р ангийн сурагчдын 26% нь бие махбодын дээрэлхлийн хохирогч болсон гэсэн тоо байна. 

Хөвгүүд хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдээлэх хандлага бага байдаг 

Сургуулийн орчинд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг илрүүлэхийн тулд төрөл бүрийн арга барил бүхий судалгаа явагддагаас ихэнх тохиолдолд хохирогчтой нүүр тулсан ярилцлага хийх нь элбэг байдаг байна. Гэвч ихэнх судалгаагаар хүчирхийлэлд өртсөн сурагчид өөрт тохиолдсон явдлыг хуваалцах, хүчирхийлэлд өртсөнөө мэдэгдэхээс зайлсхийдэг ба ялангуяа энэ хандлага хөвгүүдэд харьцангуй өндөр байдгийг доорх анализын үр дүн харуулжээ. 

  • Хүүхдийн хүчирхийллийн эсрэг судалгаа (VACS)-ны Малави, Нигери, Уганда, Замби, Зимбабве улсын өгөгдөлд анализ хийж үзэхэд хүчирхийлэлд өртсөн 13-17 насны хохирогчдын 50% нь өөрт тохиолдсон явдлаа бусадтай хуваалцаж байгаагүй гэсэн ба хөвгүүдийн хувьд энэ талаар ярих магадлал илүү бага байжээ. 

  
Гэр бүлийн хүчирхийллийн судалгаагаар эрчүүдийг хохирогч хэмээн үзэх хандлага бага байжээ 

  • ManKind санаачилгын төлөөлөгч, Уэстийн Их Сургуулийн Сэтгэл судлалын ахлах лектор Др. Бэн Хайнаар удирдуулсан эрдэм шинжилгээний багийнхны хийсэн академик судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хэрхэн хүлээн авахад жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлдөг нь тогтоогджээ.  
  • “Journal of Personal Violence” сэтгүүлд нийтлэгдсэн сэтгэл судлалын тус судалгаанд 178 бакалаврын оюутан оролцсон байна. Тэдэнд хүчирхийллийн төрөл болон үйлдэгдсэн хувь хэмжээг харуулсны дараа “хохирогч” эсвэл “гэмт хэрэгтэн” гэсэн тэмдгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хуваарилахыг хүсчээ. Ингэхэд судалгаанд ороцогчид эрэгтэйчүүдийг “хохирогч” гэж үзэх нь бага байсан ба харин “гэмт хэрэгтэн” гэж үзэх хандлага өндөр байжээ. 
  • Эрчүүд ноёлогч, түрэмгий харин эмэгтэйчүүд эмзэг дорой учраас эрчүүд л хүчирхийлэл үйлддэг мэтээр нийтлэг хэвшин тогтсон дүр дүрслэлд хүмүүс илүүтэй төвлөрч, хүчирхийлэгчийг тодорхойлж буй үр дүн гарсан байна.  
  • Мөн судалгаанд оролцогчид хүчирхийлэлд өртсөн хохирогч эрэгтэйд цагдаа дуудах эсвэл тусламж эрэхийг зөвлөх байдал бүх кэйс тохиолдолд бага байжээ. 

“Дотно хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн хохирогч эрчүүдийн тусламж эрэх зан байдлыг олж илрүүлэх нь” тандалт судалгаа  

  • Андреа Мачадо тэргүүтэй судлаачид 2017 онд хийсэн тандалтын хүрээнд Португалийн цагдаагийн газар болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агентлагуудаас тусламж хүссэн 35-75 насны 10 эрэгтэйтэй ярилцлага хийж, тэдэнд тохиолдсон хүчирхийллийн мөн чанар болон гарсан сөрөг нөлөөг судлахыг зорьсон байна. 
  • Ийнхүү судлахад тэдгээр хүчирхийлэл нь эхэндээ хардалт, хяналт, нийгмээс тусгаарлах зэрэг хүчин зүйлээс эхэлж, аажмаар илүү тогтвортой болсон нь тогтоогджээ. 
  • Мөн судалгаанд оролцсон эрчүүдийн ихэнх нь хүчирхийллийн асуудлаар тусламж эрэлхийлэхэд сэтгэл санааны хувьд сөрөг байдал мэдэрсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, эрэгтэй хохирогчдын ихэнх нь мэргэжилтнүүд болон тусламж үзүүлэгчдийн зүгээс жендэрийн хэвшмэл хандлага мэдэрч байсан хэмээн хариулжээ.  

Дүгнэлт 

Дээрх судалгаануудын мэдээллээс харахад сургууль, гэр бүлийн орчинд хөвгүүд, эрэгтэйчүүд охид, эмэгтэйчүүдээс дутахгүйгээр аливаа төрлийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд ялангуяа бие махбодын хүчирхийлэл, дайралтын хувьд бүр илүүтэй өртдөг байдал харагдаж байна.  

Бие махбодын хувьд “эмэгтэйчүүд илүү эмзэг, хүчгүй учраас аливаа төрлийн хүчирхийлэл, халдлага, дайралтад их өртдөг” хэмээн үзэж, тэднийг хамгаалахад илүүтэй төвлөрсөн байдаг. Харин эсрэгээрээ “эрчүүд хүчирхэг учраас өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой” гэх мэтээр биологийн үүднээс буюу харагдах байдлаар бий болгосон ялгаа нь хэвшмэл ойлголтыг үүсгэн бий болгожээ. Өөрөөр хэлбэл, “эрчүүд түрэмгий, хүчирхэг учир эмэгтэйчүүдэд гар хүрч, хүчирхийлэл үйлддэг тиймээс ямар ч тохиолдолд эмэгтэй хүнд гар хүрч болохгүй” гэх хандлага түгээмэл тархсан байдаг. Гэтэл нөгөө талд эрэгтэй хүнд ч бас гар хүрч болохгүй буюу “хэнд ч гар хүрч болохгүй” гэх ойлголт, хандлага маш ховор байна.  

Энэ ч утгаараа эмэгтэй хүн эрэгтэй хүнд гар хүрсэн ч, алгадсан ч асуудал биш, хэвийн л үзэгдэл мэтээр ойлгогдож, хүүхдийг бага байхаас нь энэ хандлага санаатай болон санамсаргүй байдлаар төлөвшин сууж, сургуулийн орчинд л гэхэд сурагчдын дунд түгээмэл илэрч байгаа нь дээрх судалгаануудаас ажиглагдаж байна.  

Үүнээс гадна “эрэгтэй хүн хатуу, чанга байх ёстой, ямар ч зовлон бэрхшээлийг өөрөө даван туулах чадвартай ёстой” гэсэн нийтлэг хэвшмэл ойлголтоос болж, хүчирхийллийн хохирогч болсон ч тэр талаараа бусдаас нуух, хэнд ч мэдэгдэхгүй байх хандлага эрчүүдийн дунд өндөр байдгийг анхаарах шаардлагатай юм.  

Эцэст нь онцлоход бие махбодь, сэтгэл зүй, хэл амаар үйлдэгдэж буй ямар ч төрлийн хүчирхийллээс хүйс үл хамааран хүн бүр ангид байж, хамгаалагдах эрхтэй. “Хэнд ч гар хүрч болохгүй” гэх хандлагыг нийгэмдээ түгээн дэлгэрүүлцгээе.   


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document